Зарчим уу, ”хэрчим” үү

АТГ уг нь энэ хэргийг шалгах ёстой. АТГ өмнө нь дандаа “жараахай барьдаг” гэж шүүмжлүүлдэг байлаа. Харин энэ удаа “тул” барих боломж тэдэнд олдов. Энэ хэрэг гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга зарим албан тушаалтнууд болон “Энержи Ресурс” компанитай авлигын холбоотой байж болох талаарх баримтуудыг АТГ-т өгснийг хэлж байна.

АТГ-ыг ард түмний шахалт шаардлагаар байгуулсан түүхтэй. Тийм ч учраас “За одоо л ид шидийг нь харъя” хэмээн үйл явц хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж суусан. Янз бүрийн л санаа бодол уралдаж байлаа. Гэхдээ ер нь бол шалгаж байгаа нэрээр “Дараад хэвтчих байх” гэсэн ойлголт нийгэмд үүсээд байсан юм. Гэтэл асуудал огт санаанд оромгүйгээр өрнөлөө.

Монголд хуулийг гууль болгосон жишээ олон бий. Гэхдээ бие дааж үйл ажиллагаа явуулах бүрэн эрх бүхий Авилгатай тэмцэх газар бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд орох юм гэж санасангүй. Нийслэлийн Прокурорын газар хэргийг өөр дээрээ татан авч хэрэгсэхгүй болгожээ. Цагаан дээр хараар биччихсэн УИХ-ын тогтоолтой ордыг улсаас булааж авсан хэргийг Авлигатай тэмцэх газар өгөхгүй, шалгана гэж хэлсэн бол болох л байсан. Учир нь энэ тэдний хуулиар олгогдсон бүрэн эрх нь. Авлигын эсрэг хуулийн АТГ-ын бүрэн эрхийн тухай хэсэгт:

-Авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ажлыг гүйцэтгэх.
-Авлигын холбогдолтой өргөдөл гомдлыг хүлээн авч шалгах;
-Хуулиар харъяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
-Чиг үүрэгтээ холбогдох асуудлаар мэдээ мэдээлэл авах, мэдээллийн нууцыг хадгалах эрхтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, энэ байгууллагын ажилд хөндлөнгөөс хэн ч оролцох эрхгүй. Энэ байгууллага Засгийн газрыг ч шалгах эрхтэй. Шалгуулах гэж УИХ-ын байгуулсан юм. Харин ажиллагаанд нь хяналт тавих эрхтэй субъект нь Прокурорын байгууллага. Авлигын эсрэг хуулийн 26.3-т энэ талаар “Прокурорын байгууллага нь Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавина” гэж заажээ. Энд “Хяналт тавина гэснээс биш “Хэргийг өөр дээрээ татан аваад хэрэгсэхгүй болгож болох” тухай нэг ч өгүүлбэр алга. Гэтэл шилжүүлээд өгчихлөө. Үүний цаана маш том тохироо явагдсан байхыг үгүйсгэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэргийг нийгэмд “ХБаттулга, Ц.Нямдорж гэдэг хоёр хүн, MCS, Женко гэдэг хоёр аж ахуйн нэгжийн хоорондын тэмцэл мэтээр ойлгуулахыг оролдож байна. Хэн нэг хувь хүн юм w аж ахуйн нэгжийн эрх ашгаас дээгүүрт тавигдах ёстой зарчмын асуудаыг анзаарахгүи өнгөрч байна. УИХ-ын тогтоол Засгийн газарт өгч байгаа үүрэг даалгавар мөн үү, мөн. Засгийн газар тогтоолын хэрэгжилтийг хангах ёстой юу, ёстой. Энэ бүх хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй байгаа нь үнэн үү, үнэн. Тиймээс хуулийн дагуу болгох ёстой.

Зүй нь бол УИХ 2007 онд гаргасан ”Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” 27 дугаар тогтоолынхоо хэрэгжилтийг хангахыг Засгийн газраас шаардаад Засгийн газар нь биелүүлэхэд л болно. Ийм л юм шаардаад байна шүү дээ. УИХ нь асуудалд зарчимтай хандаж, Засгийн газар ч зарчимтай байж чадсан бол энэ асуудал гарахгүй байлаа. Эцсийн эцэст, ер нь УИХ, Засгийн газар нь хууль биелүүлэхгүй, АТГ эцсийн зогсоол нь байх ёстой юм уу. Үгүй гэж бодож байна. Асуудлын гол нь баримталж ажиллах зарчмаа өрөөл бусдын ”хэрчим”-ээр сольсон улстөрчид л байна.

Б.Болор


URL:

Сэтгэгдэл бичих