Канадын компанидаа ч бус Ч.Хүрэлбаатарын компанид гол асуудал нь байгаа гэнэ

Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд хугацаагүй суулт хийгээд арав хонож байна. Өчигдөр тэдэнд сэтгэл санааны дэм өгөхөөр гавьяат дуучин С.Жавхлан эргэж очжээ. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар очиж суулт хийж байгаа иргэдийг дэмжиж “Уул урхайн гурван талт хэлэлцээр хийе” хэмээжээ. Тус сумын “Хар алтат” багийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь шахуу нүүрс олборлогч компани эзэмших болсон юм. Иймд нутгийн иргэд амьдрах газар нутгаа авч үлдэхийн тулд ийнхүү тэмцэж байгаа. Гэвч суулт хийж буй малчдыг дэмжих нэрийдлээр дотно гаднаас олон хүн ирж энэ асуудлыг улс төржүүлээд байгаа гэнэ. Нутгийн малчид 24 цагаар арав арваараа ээлжлэн суултаа үргэлжлүүлж байгаа юм байна. Тэднийг суулт хийснээс хойш Канад-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Си Жи Би И Эм” (CGBEM) компани хайгуулын ажлаа түр зогсоогоод байсан юм. Тэд өчигдөр “Хайгуулын ажлаа үргэлжлүүлэн хийнэ бид Монгол Улсын ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй” хэмээн малчдад мэдэгдсэн байна.

“Си Жи Би И Эм”-тэй залгаа “Хотгор шанага” нэртэй Солонгос-Монголын хамтарсан компанид мөн гол асуудал нь байдаг бололтой. Энэ компани бас нүүрс олборлодог аж. Хоёр компани зэргэлдээ оршин тогтнож чадахгүй байгаа учир малчид суулт зарлаад буй тухай ч нутгийн иргэд ярьж байв. “Хотгор шанага” гэдэг компанид нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын оролцоо байдаг гэнэ. Энэ компани нь жил гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Тус компанийн үйл ажиллагаа явуулж буй нүүрсний ордыг стратегийн ордод оруулах гэтэл Ч.Хүрэлбаатар оруулаагүй гэсэн яриа нутгийнхны дунд явж байна. Нэг жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан атлаа “Хотгор шанага” компани байгаль орчинд хор уршиг тарьж байгаа гэнэ. Үнэн чанартаа Канад-Монголын хөрөнгө оруулалттай компанид бус Солонгос-Монголын хамтарсан компанид асуудлын гол нь байгаа аж. “Хотгор шанага” компанид Ч.Хүрэлбаатарын оролцоо бийг нутгийн иргэд мэддэг тул тус компанийн талаар онцолж ярихгүй байгаа гэнэ. “Хар алтат” багийн арваад км газарт дөрвөн уурхай нүүрс олборлодог аж. Хотгорын уурхайд Солонгос-Монголын хөрөнгө оруулалттай “Хотгор шанага”, Хятадын хөрөнгө оруулалттай “Мент Юү”, Баян-Өлгий аймгийн “Эрчим”, “Хотгор” гээд дөрвөн компани үйл ажиллагаа явуулах эрх авчээ. Уг нь энэ газрыг нутгийн малчид аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой байгаа юм байна. Ховордсон ан амьтан байдаг тул уул уурхайгаас болж тоо толгой нь хорогдоно гэж үздэг аж. “Хар алтат” багийн Засаг дарга Ж.Энхтайванаас зарим нэг зүйлийг тодрууллаа.

-Канадын компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж байна. Та нар тэмцлийн хурц хэлбэрийг сонгох уу?

-Бид одоохондоо суултаа үргэлжлүүлнэ. Тэмцлийн хурц хэлбэрийг сонгож болно. Төлөвлөсөн ажлууд бий.

-”Хотгор шанага” гэдэг комлаиийг та бүхэн эсэргүүцээд суулт хийгээд байгаа юм биш үү?

-Бид Канад-Монголын хөрөнгө оруулалттай компанийг ч эсэргүүцэж байгаа. Энэ багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг ерөнхийдөө эсэргүүцэж байгаа гэж ойлгож болно.

-Танай багийн газар нутаг дээр хинчээн компани үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ?

-Ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа долоо, хайгуулын зөвшөөрөлтэй есөн компани бий.

-”Хотгор шанага” компанийн тодорхой хувийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хурэлбаатарынх гэж танай нутгийн иргэд ярьж байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Нутгийн иргэд тэгж яриад байдаг юм. Бид холбогдох газруудаас лавлагаа авч, шалгасан. Ч.Хүрэлбаатартай холбоотой зүйл олоогүй. Захирал нь Алтангэрэл гэж хүн байдаг юм билээ.

-Суулт хийж байгаа иргэд Ч.Хүрэлбаатарыг өрийнхөө нутгийн хүн гээд түүнтэй нь холбогддог уг компанийг онцлохгүй байна гэх юм?

-Энэ худлаа. “Хотгор шанага” компанийн үйл ажиллагааг ч зогсоохыг бид шаардаж байгаа. Байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай бид үргэлжлүүлэн тэмцэнэ.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих