Ц.Бадрах: Говьчууд Балгасны улаан нуураа ашиглуулахгүй гэж байгаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Усны газрын дарга Ц.Бадрахтай ярилцлаа.

-БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлж байгаа өмнийн говьд ажиллаад ирлээ. Энэ үеэр говийн усны асуудлыг ч хөндсөн. Та ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажилласны хувьд энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-БОАЖ-ын сайд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймаг тэр дундаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөлтэй газар дээр нь танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өгөөд ирлээ. Манай говийнхон усны асуудалд эмзэг хандаж байгаа. Өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Өмнөговь аймагт ажиллаад ирэх үед ч энэ асуудалд ихээхэн эмзэглэж байгаагаа говийнхон илэрхийлж, санал бодлоо хэлж байсныг та бүхэн мэднэ. Дэлхийн дулаарал Монгол оронд ээлтэй тусахгүй байна. Газарзүйн байршлын хувьд Төв Азийн өндөрлөг хэсэгт оршихын зэрэгцээ байгалийн бүхий л бүслүүр хамрагддаг. Өөрөөр хэлбэл, говийн цөл нь ч, тайга нь ч Монголд бий. Ийм сонин байгалийн бүстэй нутгийн экологи нь эмзэг байдаг юм. Дэлхийн дулаарал нэгэнтээ манайд сөргөөр тусаж, цөлжилт ихээр бий болж байхад дээрээс нь нэмээд хүний хүчин зүйлээс шалтгаалсан сөрөг үр дагавар нэмэх учиргүй.

-Хүний хүчин зүйлээс шалтгаалж, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл их. Тэр дундаа уул уурхай эрхэлж байгаатай холбоотой сөрөг нөлөөллүүд анхаарал татаж байгаад байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Энгийн жишээнээс үзэхэд л бидний гар нүүрээ угааж, бохироо цэвэрлэсэн ус шууд л байгальд шингэж байна. Хүний хүчин зүйл нөлөөлж байгаа олон жишээнээс хамгийн том нь уул уурхай ашиглалттай холбоотой үзүүлж буй сөрөг нөлөөлөл. Төрөөс энэ чиглэлээр нэлээд арга хэмжээ авсны нэг нь Урт нэрт хуулийг батлан хэрэгжүүлж байгаа явдал юм. Хэдий хуулийн хэрэгжилтийн явцад сэтгэл дундуур байгаа ч 250 гаруй тусгай зөвшөөрлийг цуцалсан нь бусад нутагтаа сайнаар нөлөөлж байгаа. Тодруулбал, хангайн бүсийн гол, горхи, нуур, цөөрөм хамгаалалтад орлоо. Гэтэл угаас гадаргын усны нөөц муутай говийнхон байгалийн энэ нөхцөл байдлаас гадна уул уурхайн нөлөөлөл бий болж байгаад сэтгэл нь зовниод байгаа юм. Тиймээс ч говийнхон усны асуудлаар байр сууриа нэгтгэж, төрийн бус байгууллага байгуулж, санал бодлоо дээшээ уламжилж байна. Төрийн удирдлагуудад өгсөн үүргийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд бид чармайн ажиллаж байгаа бөгеөд говьд хэрэгжих уул уурхайн гурван том төсөлтэй холбогдуулан уул уурхайн компаниудад тодорхой шаардлага тавин ажиллаж байна.

-Нутгийн иргэд усаа хамгаалахын тулд уул уурхайн компаниудад ямар шаардлага тавьж байна вэ?

-Оюутолгой төслийн хувьд Ханбогд сумынхан Галбын говийн газрын доорх усны ордоо ашиглуулахгүй шүү гэсэн шаардлага тавьж байгаа. Харин өмнө нэгэнтээ ашиглаад эхэлсэн Гүний хоолойны хувьд зүй зохистой ашиглахыг хүсч байгаагаа хэлж байна. Гэхдээ ойлгохгүй асуудал их байгаагаа хэлсэн. Тодруулбал, газрын доор тавьж байгаа ус татах шугамууд ямар зориулалттай юм гэдгийг асууж лавлаж байсан. Нутгийн иргэд энэ талаар тодорхой мэдээлэл байхгүйн дээр нарийн мэргэжлийн тодорхой ойлголтуудыг мэдэхгүй нь зөв юм. Тиймээс иргэдэд энэ бүхнийг тайлбарлах хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд иргэд сайн ойлгоно. Говийн ордуудаа тэжээж байдаг Ундайн голын асуудал ч энэ томилолтын үеэр хөндөгдсөн. Байгалийн унаган тогтоц их сонин байдаг.

Аливаа нэгэн байгалийн ашигт малтмалтай газрын дагуу буюу аман дээр усны орд байдаг. Бидний ашиглалтад орохыг нь хүлээгээд байгаа Оюутолгойн ордын ил уурхай ашиглалтад ороход бэлэн болоод байна. Гэтэл ил уурхайн ам нь байгалийн тогтоцынхоо дагуу Ундайн голын сайр дээр яах аргагүй байгаа юм. Энэ их хэцүү асуудал болж байгаа ч Оюутолгой ордыг ашиглах нь гарцаагүй болсон энэ үед Ундайн голын сайрын голдиролыг өөрчлөх шаардлага гарч байна. Гэвч говийнхон үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн Ундайн голын сайрын дагуу говьд ургадаг цөөн ургамалууд ургадаг гээд асуудпууд бий. Иймд Д.Цогтбаатар сайд, уул уурхайн компаниудыг иргэдэд энэ асуудлаа сайтар тайлбарлаж ойлгуулж саналыг нь сонс. Хэрвээ иргэд байр сууриндаа хатуу зогсвол та бүхэн техникийн шийдэл олж, говийнхны санал бодолтой дүйцүүлж ажилла гэж үүрэгдсэн.

-Ханбогдынхны хувьд усны асуудалд ийм байр суурьтай байгаа юм байна. Тэгвэл Цогтцэций сумынхан ямар бодолтой байна вэ?

-Цогтцэций суманд уул уурхайн хоёр том төсөл хэрэгжих юм. Нэг нь “Энержи ресурс”-ын Ухаа худаг төсөл юм. “Ухаа худаг” төсөлд иргэд ам сайтай байдаг. Ухаа худгийн ус хангамж нь монголдоо арай дөнгүүр технологиор шийдэгдэж байна. Жишээлбэл, газар руугаа шүүрэлт байхгүй, гадаргуугаас ууршилт байхгүй хоёр усан сан хийгээд түүнийгээ үйлдвэрлэлийн эргэлдэх хөдөлгөөнд оруулаад, эхэлж ашигласан усаа цэвэрлээд эргээд үйлдвэрлэл рүүгээ оруулаад явж байна. Иргэд энэ асуудалд санал гомдол гаргахгүй байгаа ч БОАЖ-ын сайд энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгосон. Хувьцааг нь хүртэхийг хүсээд байгаа Тавантолгойн ордыг ашиглахын тулд Балгасын улаан нуур гэсэн газрын доорх усны ордыг хэрэглэх шаардлагатай болж байна. Балгасын улаан нуурын ордыг бүр 1970-аад оны үед Баянхонгорын экспедици Оросуудтай хамт Тавантолгойн ордыг судалж байхдаа давхар судлаж байсан. Гэтэл Балгасын улаан нуур нь говьд цөөхөн байдаг цэнгэг усны нөөц юм.

-Говийн усны нөөцийг товч тодорхойлбол ямар байна вэ. Танай газраас Балгасын улаан нуурыг ашиглах асуудалд ямар бодлого баримталж байгаа вэ?
-Өмнөговьд өнөөдрийн байдлаар нөөц нь тогтоогдсон 25 орд бий. Үүний талаас илүүтэй нь эрдэсжилттэй ус юм. Өнөөдөр Тавантолгойд усны хэрэглээ бага байгаа ч төлөвлөсөн ёсоороо 2013 оноос дулааны цахилгаан станцаа байгуулна, дээр нь нүүрсээ баяжуулах болохоор гарцаагүй Балгасын улаан нуурын усыг хэрэглэх асуудал гарч ирнэ. Харин говийнхон энэ асуудалд хатуу байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, Балгасын улаан нуурыг ашиглуулахгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр Тавантолгой төслийг хэрэгжүүлэхэд Германы талаас техник технологиин туслалцаа үзүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурснаар 450 мгвт-ын дулааны цахилгаан станц байгуулах болж байна.

Дулааны цахилгаан станц нь ерөөсөө л усны хэрэглээ байдаг. Нэг талаас төрийн шийдвэр ингээд гараад байхад нөгеө талаас иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байна. Нэг зүйлийг тодруулахад Балгасын улаан нуурыг орон нутаг хамгаалалтандаа авсан байгаа. Манай газраас баримталж байгаа бодлого бий бөгөөд уг ордын нөөцийн буурч болох хэмжээг нарийвчлан тогтоож, нэг мөр болгохоор төсөвт хөрөнгө суулгуулсан. 2012 он гэхэд бүрэн хайгуулын ажлыг хийсэн байх юм. Өөрөөр хэлбэл, Балгасын улаан нуураас ийм хэмжээний ус авбал байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох юм гэсэн тооцоог хийнэ. Дээр нь үргэлж мониторинг хийж байх цооногууд бий болгоно.

Тиймээс ч энэ асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай тохиролцож, ярилцаж, шаардаж байгаа олон зүйл бий. Говийнхон хангайн бүсээс нэмэгдэл ус хуримтлуулж, говь руу хоолойгоор татах томоохон төслүүдийг ихээхэн сонирхож байна. Энэ төслийг говийнхон дэмжиж хүлээж байгаа ч энэ нь судалгааны ажил ихээхэн шаарддаг болохоор богино хугацаанд хэрэгжих боломжгүй төсөл юм. Энэ талаар ч иргэд буруу ойлголттой байдаг, зарим хүн ч буруу ойлголт өгдөг. Ний нуугүй хэлэхэд уул уурхай эрхэлж байгаа томоохон компаниуд говьд ус хуримтлуулах асуудалд хойрго хандаж байна.

Нэг үгээр хэлбэл, байгаа усыг ашиглаад л бушуухан шиг баялгаа олборлох бизнесийн сэтгэлгээ нь дийлээд байна. Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард говьд ажиллах үеэрээ уул уурхайн компаниудын удирдлагуудад “хэрвээ та нар энэ нутгаас ашиг олох гэж байгаа бол байгаль орчинд дарамт учруулахгүй байх хэрэгтэй” гэдгийг хатуу хэлсэн. Сая Д.Цогтбаатар сайд ч нотоллоо. Манай говийнхон гар худгуудаа ширгэж байгааг уул уурхайн үйл ажиллагаатай холбож тайлбарладаг. Уул уурхайгаас болж ширгэж байгаа нь ч бий, мөн огт өөр зүйлээс болж ширгэж байгаа нь ч бий. Миний хувьд орон нутгийн иргэдтэй уулзах үеэрээ энэ асуудлыг сайтар тайлбарлаж явлаа. Хэрвээ малчдын гap худаг компаниудын ашиглах талбайд нь өртөж байвал усаар хангах асуудалд анхаарах хэрэгтэйг анхааруулж байгаа.

-Усны хэрэглээ, үнийн асуудалд шүүмжлэлтэй зүйл бий гэдэг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд литр усанд 15 мөнгө төлдөг бол, нийслэлийн гэр хорооллынхон 1 төгрөг төлдөг нь шүүмжлэлд өртөж байна. Хууль эрх зүйн орчин нь ийм байна уу?

-Үндсэндээ манай усны үнэ цэнэ үнэхээр бага. Өнгөрсөн жил БОАЖЯ болон манай газраас энэ асуудалтай холбоотой хуулийн төслүүдийг өргөн барьсан. Өнөөдөр 1995 оны хуулиар усны нөөц ашигласны төлбөрийг авч байна. Тухайн үеийн мөнгийг өнөөгийнхтэй харьцуулахад асар зөрөөтэй. Тиймээс энэ хуулийг өөрчлөхөөр УИХ-д хуулийн төсөл өргөн бариад байна. Иргэдэд түгээж байгаа усыг энэ хуулиар зохицуулдаггүй бөгөөд зах зээлийн жамаараа нэмэгдээд явж байгаа юм. Үүний зэрэгцээ энэ хаврын чуулганы эхээр ус бохирдуулсны төлбөрийг тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаад ихээхэн ач холбогдол өгч байна. Үнэндээ усыг хамгийн ихээр бохирдуулж байгаа уул уурхайн компаниуд, томоохон арьс ширний үйлдвэрүүд өнөөдөр хууль эрх зүйн орчин нь байхгүй тул ямар ч төлбөр төлөлгүй өдий хүрлээ.

Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих