МОНГОЛ ХҮНЭЭ ТАНИХАД ӨЧҮҮХЭН ТУС УХААРЛЫН УЯЛГА
“Даяар Монгол” онлайнд “Цахим өртөө”-ний залуусын мэтгэлцсэн “Монгол хүн – монгол ген – монгол сэтгэлгээ” хэлэлцүүлэг нийтлэгдсэн билээ. ДМ онлайны “Зохиогчийн булан”-гийн зохиолч, доктор, профессор Л. Дашням энэхүү хэлэлцүүлэгт зориулан өмнө бичиж байсан өгүүллээ илгээсний эхнийхийг толилуулж байна. Цаашид Монгол мэдлэг, Монгол бичгийн талаар үргэлжлэх болно.
ДМ онлайн.
Бидний үндэсний ухамсар сэргэн, өөртөө байгаа өнгөлөг, өөдрөг бүхнийг нээн олохсон, орхигдож гээгдсэнийг эгүүлэн хэвшүүлэхсэн гэж хичээн эрмэлзэх боллоо.
Ерөөс сайныг өвлөн уламжилж, муу муухайг орхин гээдэг нь хүмүүний ёс юм. Өөрсдийгөө бид хичнээн зөв таньж олно бидний замнал, хөгжил бадрал төдийчинээн зөв хэвийг олно гэж үздэг нь ч бас үнэний хувьтай юм.
“Монгол хүн байж өөрийгөө мэдэхгүй байхдаа яадаг юм бэ?” гэж заримдаа зэмлэмээр авч, ачиртаа тулахаар мэднэ гэдэг нь тийм ч амаргүй байдаг аж. Юу гэвэл: хүн “өөрөө өөртөө дасаад ирэхээр өөрийн сайн мууг ялгахаа больдог гэм байдаг байна. Нөгөөтэйгүүр, бидний амьралын хэвшил, аливаа эрхэмлэл өдөр цагаар өөрчлөгдөж буй тул урьд өмнийн шилдэг сайн зүйл өнөөдөр арай өөр “үнэ цэнэтэй” болсон байх нь бишгүй нэг. Харин ч мэдэхгүй, гадны хүн бол бидний олж хараагүйг хараад, бодоогүйг бодчихсон байх нь олонтаа тохиолддог. Гэхдээ улс орон маань цөөн бус жил “хаалга хамхиастай” байсан болохоор өнөөгийн биднээс өнө эртний юм харж хайх нь ч бас бий.
“Юутай ч болохунаа монгол хүн өөрийн ямар зан чанарыг уугуул төрх, зан аалиа гэж боддог нь бидэнд өөрсдөд маань төдийгүй бидэнтэй холбоо харилцаатай, найрсаг байхыг эрхэмлэгч хэн хүнд тустай байж ч мэдэх юм даа” хэмээн өчүүхэн жаахныг өгүүлэн буй минь энэ.
Монгол хүн юмыг хорш үгээр илэрхийлэх дуртай. Урьдан хэлэхэд нэг анзаарахнаа би ч бас тэгсэн бололтой. Үг хоршин өгүүлэх нь угаас юмны олон талыг давхар “нээдэг” монгол өгүүлэмжийн нэгэн арга бөгөөд хорш үг нэг нь нөгөөгөө нөхөн тэлдэг, утгыг илүү тод гаргах “дотоод чадвартай” ч байж мэднэ.. Юутай ч, бодож суугаагаа өгүүлсү.
Монголчуудыг бүрэг ичэмхий зантай гэдэг.
Одоо ч ийм зан бидний олонхид бий. Арга ч үгүй биз. Уудам талбай, их орон зайг эзлэн, бүүрцэгхэн аж төрөгч цөөхөн монгол бид нэг нь нөгөөтэйгөө учран золгох нь ховор, тийм болохоор юмыг дотроо бодлогошрон явна уу гэхээс илэрхийлэн гаргах нь тоотой. Товчоор хэлэхэд тэр нь бүрэгийг үүджээ.
Хүнтэй олон уулзаж “ нүүр хагараагүй”, юмаа ярьж хэлж дадаагүй учир өөрийг нь бусад хүн яаж угтахыг мэдэхгүй, ямагт биеэ чамлан ичингүйрдэг байнам. Гэвч монголчууд “түгжигдмэл” жожиг, бүүрцэг цомхон амьдарч ирсэн нь тэдний дотоод ухааныг хөгжүүлж, юмыг цөөхөн үгээр онож хэлдэг, “хоёр бодон ганц өгүүлдэг” болгожээ гэж бодогдном.
Монгол хүн хэзээний даруу ноомой зантай.
Байгалийн хатуу хахир нөхцөл, амьдралын бэрхшээл, алхам тутамд тохиолдох гэнэтийн болзошгүй тохиолдлууд нь, аливаад тулгардах, балгардах байдал, нөхцлийг байнга үүднэ. Иймд “үүнийг чадна, түүнийг дөнгөнө” хэмээн бардах омойтохын аргагүй. Ямагт өөрийгөө басаж, дорд үзэх учиртай.
Даруу гэдэг дарж явахын нэр юм. Хэцүүгийн чанад хэцүү, мэдэхгүйн ард чадахгүй байх тул аливаад ав дав хийлгүй амгалан түвшин байх нь чухал. Гэтэл тэрхүү айван тайван, үүлгэрийг нь ноомой гэх учир бий.
Монгол хүний даруу ноомой нь огт “юм үзээгүй”, сул доройнх бус өөрийгөө онож үнэлж буй нь тэр юм.
Ихэнхдээ монгол хүнийг цайлган итгэмтгий гэх нь бий.
Монгол хүн өөрийгөө бус хүнийг илүү хүндэлдэг. “Анд нөхөр байж байж өөрөө байх учиртай” гэдгийг амьдрал түүнд сургадаг. Тийм тул нөхрөө хадгалж, хамгаалахыг эрхэмлэнэ.
Монгол хүн цөөн байхын зовлон, ганцаардлын айдсыг мэднэ.
Хүн бүр нөгөөдөө хань болох тул хүнд сайн санаж, дайсан бус нөхөр гэдэгт нь илүү итгэнэ. Бие биендээ “сайн санааны үзүүрт тос” гэж урмын үг хэлнэ. Юмыг цагаахнаар бодон, итгэж сурсан нь дайсангүй байсных бус харин ч дайснаа “дайлж” сурсных гэлтэй.
Тийм болоод ч тэрүү, монголчууд тусч нөхөрсөг байх нь нийтлэг.
Байгаль-эхийн энэрэл их ч, шалгуур хатуу. Гагцхүү нэг нь нөгөөдөө туслаж, ханьсаж байж өөрсдийгөө аварна. Ерөөс монгол хүний итгэл үнэмшил, зан ааль нь хүн байгалийн харилцааны сургамж, түүний тусгал мөн. Монгол хүнийг ямар нөхцөл байдал, юу монгол болгодог вэ? гэдгийг эс мэдэх “харь оролцоо” ч монголчуудыг өөр зуураа нөхөрсөг болоход нь тус болсон байж мэднэ. Монголчуудын “аяганы хариу өдөртөө” гэдэг нь эдийн тухай бус сэтгэлийн тухай, хүмүүнлиг ухаарлын тухай үг юм.
Биднийг дуулгавартай, зөөлөн гэдэг.
Илбэ далдын хүч, ид шидээр “дарангуйлж” эрхшээх Байгалийн өмнө сөгдөн биширч, амьдрал мэдэх ах захын үгийг даган, аяг жаягийг сахих нь тогтнуун, айван тайван, эгэлхэнээр амьдарч аж төрөхүйн эх үндэс хэмээн сэтгэж сургаал номлолыг мөрдөн, дуулгавартай зөөлөн байхыг эрхэмлэнэ.
Юмыг эсэргүүцэх бус даган аядаж дийлдэг учрыг монгол хүн түүхэн амьдралаасаа мэдэх болжээ. Бас буяныг хичээн нэгэн зуур бус эгэн эгэн орших ёсыг номлох лам багшийн үгийг дагана. “Хатууг хатуу бус, харин зөөлөн дийлдэг” хэмээх сургаал үзэлд итгэн бишрэх нь бий.
Энэ ухаан нь монголчуудыг тэвчээртэй, хүлцэнгүй болгосон буюу.
“Хатуу хүтүү, харгис догшин барагдана, багадана гэж хэзээ ч үгүй” хэмээн үйлийн явдлыг цагийн хөлд тохоон, тогтон ухаарч, балмагдах огцомдохын оронд тэвчин өнгөрч, хүлцэн байж өөр мөч, өөр тохиолыг тосох уужим ухаан зарж заншсан нь мөн л амьдрал-Багшийн шавь-аугаа хүн болсных нь ажгуу.
Муу муухай, сайн сайхан хэмээгч нь цөм үйлийн үр тул тойв тотгорыг тэвчин, хүлцэн барна уу гэхээс тэрслэн эсэргүүцээд яахин барж дуусна, хэрвээ тэгвээс өөрийн мөхөл үтэр болюу хэмээн нэгэн талаас амьдралын айлдвар, нөгөө талаас эрдэм номтны сургаал барилаас ойлгон ухварлажээ.
Тийн тул монголчуудын тэвчин хүлцдэг нь хариулга, харьцаа гэхээс ойлголт, ухаарал хэмээвээс илүү зохилтой.
Энэхүү уужим ухаарлын нөгөө нэг нөөлгөт тусгал нь монгол хүний эрэмгий махаруу зан чанар юм.
Ухаанаар тэвчин хүлцсэнээ биеэр гүйцэлдүүлэн гэтлэх нь өөрийгөө аврах, өөрийгөө ялах, дийлж үлдэхийн үлгэрлэлт арга гэдгийг монгол хүнд амьдрал сургажээ. Хүнд нөхцөл, хүчирхэг дайсан, туулан барахуй бэрх урт зам, уужим зай, чадах мэдэхийг шаардсан адармаат ажил үйл нь монгол хүнийг юманд эрэмгий махаруу байхыг нэхэж шаарддаг байна.
Өнөөдөр махран эс барваас маргааш гэтлэх дийлэхийн үүд хаалттай! гэдгийг зөн совин нь сануулан зөвлөдөг ажээ.
Санамсаргүй өөрчлөлт, гэнэтийн тохиолдол, цаг хугацаагүй “шинэ” ажил үйл л монгол хүнийг мөхөс дорой бус эрэмгий тэнхээлэг, хичээнгүй нягт байхыг нэхэмжилж, тэгж чадваас маргаашийг давж нөгөөдөртэй учрах ухааныг ухуулжээ.
Чухамхүү түүнээс ч монгол хүн шийдэмгий зоримог болсон байж мэднэ.
Эзгүй хээр, хайргүй хатуугийн өмнө, ганцаардал айдсын дунд, гачаал зовлонгийн ирмэгт цаг хүлээх бус хожих нь өөрийгөө төдийгүй хань нөхрөө, Монголоо аврах түлхүүр болохыг Тохиол-мэргэн бидэнд сургамж болгожээ.
“Эр хүн зоригтой бол чоно чацага алддаг” хэмээн хүүхэд залуусдаа сургадаг. Шийдэж эс төвдөн, тээнэгэлзэж дүлэгнэхийг эмгэн чавганцын явдалтай зүйрлэдэг. Монголчуудын зоримог шийдэмгий зан нь омтгойрол хийгээд хариу үйлдэл бус оршин тогтнохуй, амьдарч, аж төрөхүй арга нь бөлгөө.
Ерөөс монгол хүнийг амьдрах ухаан сайтай гэлцэнэ.
Монгол хүнд бэлэн зэлэн юм үгүй. Юмыг болгоож, бүтээж байж сая юмтай болно. Амьдралтай залгана. Гарцаагүй байдлаас өөрөө өөрийгөө л аварч гарна.
Монгол хүний аврал алс холд бус дэргэд нь, өөрт нь л байх учиртай болно. Хорвоо ертөнцийн хамгийн хахир хэцүү өнцөг булан хэмээн түвэгшээх хэрнээ монгол хүн энэ л газар шороондоо хайртай, хадаатай. Тиймээс ч илүү сайхныг үл эрнэ.
Монголчуудын хоргодох ухаан, үлдэх эрмэлзлэл нь тэдний амьдрах чадварыг үүддэг гэдэг үнэний хувьтай. Эзэгнэх эдлэхийн “халуурал” биш эвлэрэх, зохицохын “найр” л аврагдах, амьдрахын үүд хаалгыг нээдэг гэдгийг монгол хүн үр удамдаа захидаг.
Тийн тул идэн барах бус, харамнан зузаалах нь амьдралын утга учир хэмээн номлон улбаалдаг байнам.
Монголчууд арвич хямгачаараа үлгэртэй.
Юм бүхнийг зүдэн байж бүтээх тул үнэ цэнийг мэднэ. Төсөр амар бус, төвөг бэрхшээлтэй бүтэж бий болдог бүхнийг ойлгоно. Тийм тул хайрлан харамнана. Өөртөө гэхээс нөхөртөө хүртээхийг хичээн, удам хойчдоо өвлөн өвлөн үлдээхийг эрхэмлэнэ.
Байхын утга, оршихын үндэс нь хүний хийсэнд бус Байгалийн байгаад хэмээн сэтгэнэ. Хүн хэмээх нь Аугаа их байгаль хэмээн баясахын тайлал нь монгол хүний даруухан бөгөөд чинээлэг, сэтгэл тэнүүн амьдрал амой.
Монгол хүн өөрийгөө таниасай, биднийг хүн ойлгоосой хэмээн дотроо наманчлан залбирч, ийнхүү цөөхнийг тоймлон өгүүллээ. Манай өвгөд өтгөс “энэ хүн арай ч Монголоо алдаагүй байна аа!” гэхдээ дээрх хэдэн зан чанар, утга санааг юун түрүүн эрж хайдаг шиг билээ!
Юутай ч монгол хүн эдүгээ ч эрт дээрээс зөвтгөж ирсэн зан ааль, ааш араншингаа үгүйлсээр л байдаг юмуу даа гэж бодогдож, бие сэтгэл, билиг оюунаа Монголынхоо төлөө зориулж, өөдлөхийн өлмийнөөс нь түшилцэх юмсан хэмээн өндөлзөн оволзон, аахилж уухилж явдагаа өчсү.
Лувсандамбын Дашням
1994.
URL: