Өмнөговьчуудын эмгэнэл-2
Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтай, дарга сэтэртэй бүхэн хэрхэн дураараа аашилж байгаа талаар бид өмнө нь та бүхэнд мэдээлэл хүргэж байсан. Тэгвэл энэ удаад Өмнөговийн төвлөрөл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар ирсэн мэдээллийг хүргэж байна.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулах “Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл” болон энэ аймагт төвлөрч бизнес эрхлэх компаниудын тоо сүүлийн 2 жилд хэрээс хэтэрч өмнө нь байснаас 4 дахин нэмэгджээ. Уул уурхайн ил олборлолтыг дагаад элдэв төрлийн химийн бодис тоосонцор агаараар дамжин тус аймгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар зааж өгсөн эрхийг ноцтой зөрчиж байгаа гэнэ.
Хамгийн том газар нутагтай аймгийн тоонд ордог хэдий ч хамгийн цөөн хүн амтай тайван амьдарч байсан Цогтцэций сумын иргэд өдөр бүрийг хар дарсан зүүд шиг өнгөрүүлдэг болсон гэнэ. Усны хомсдолд өнөө маргаашгүй ороход бэлэн болсон тус аймаг оройн мэдээллийн хөтөлбөр гарах үеэр байнга харанхуй, цахилгаан станц нь тогоо санаатайгаар тогтмол цагаар тасалдаг гомдлууд тасрахгүйн дээр ийнхүү агаарт их хэмжээгээр хуримтлагдаад байгаа химийн бодис, тоосонцороос хэрхэн зайлахаа мэдэхгүй болчихоод байгаа юм.
Тэр дундаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд тоосонцороос болж өвчлөл ихсэн одоогоор амьдрах боломж өдөр өдрөөр хумигдаж байгаа гэж хэлж байна. Энэ жилээс тус суманд зам засварын ажил мөн давхар эхэлнэ. Сумын төвөөс хэдхээн км-ийн зайд олон арван уурхай байдаг. Ингэхээр Цогтцэций гэдэг суманд хүн амьдрах эрхийг төрөөс шууд бодлоготойгоор зөрчиж байгааг нутгийн ард иргэд МУ-ын Ерөнхий сайд Сү.Батболдод хандан хэлж, захидал илгээхээр зэхэж байгаа гэнэ.
Мөн үүний сацуу уул уурхайн салбарыг дагасан нүүдэл суудал тус аймаг руу өрнөж хүн амын тоо нь 3 дахин өссөн байна. Амьдарч ажиллахаар тус аймгийг зорьсон иргэдийг хаана байлгахаа мэдэхгүй, хөөж болохгүй бас байршуулж болохгүй байдалд аймгийнхан оржээ. Тэр ч бүү хэл бүр мөсөн суурьших хүсэлтэй иргэд тус аймагт ихээр очиж байгаа бөгөөд газар олголтын хувьд гацаад байгаа гэнэ.
Г.Ертөнц /Duulian/
URL: