Тэмбүүгээр өвчлөгсөдийн тоо тогтмол нэмэгдэж байна

Үндэсний статистикийн хорооноос 2012 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг гаргасан байна.

Улсын хэмжээнд 2012 оны эхний улиралд 17661 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 11.6 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 11.7 хувиар өсчээ. Нэг хүртэлх насандаа 294 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар нэмэгдэж, 1-5 хүртэлх насны 59 хүүхэд эндэж өмнөх оны мөн үеийнхээс 3.3 хувиар буурсан байна.

Халдварт өвчнөөр 10996 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд вирүст гепатит болон тэмбүүгээр өвчлөгсөдийн тоо нөлөөлсөн байна. Тэмбүүгээр өвчлөгсөдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн эхний 10-нд энэхүү тооцоо судалгааг гаргадаг бөгөөд энэ бүхэнд халдварт өвчин тэр дундаа тэмбүүгээр өвчлөгсөдийн тоо байнга нэмэгддэг болохыг анхааруулж байна.

Өөрөөр хэлбэл залуус бэлгийн хавьталд орохдоо тогтмол бэлгэвч хэрэглэх, тохиолдлын хавьталд орохгүй байх зэрэг наад захын шаардлагуудыг хангаж өөрийгөө халдварт өвчнөөс хамгаалах нь зүйтэй юм.

Тэмбүү өвчиний тухай:
Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Энэ өвчин хаанаас ирсэн талаар хэд хэдэн таамаг байдаг ч Европууд Америкийг харин Америкууд Европыг буруутгах зэргээр нэг нэг рүүгээ түлхдэг.

Өвчин үүсгэгч нь спирохетын зэвхий трепонема гэдэг бичил биет юм. Шинжилгээний үед бактериудыг өнгөнд оруулах ёстой ердийн будагч бодисууд нь энэ бактерийн биеийг будаж чаддаггүй болохоор ийм нэр авчээ.

Энэ микроб нь зөвхөн бие махбодид өсч үржих чадвартай бөгөөд биеийн гадна талд болохоор хатах, температурын уналтаас зэрэг шалтгаанаас болж хурдан үхдэг байна. Иймээс тэмбүү нь зөвхөн өвчтэй хүнтэй шууд хавьталд орсон үед л халдах боломжтой.

Өөрөөр хэлбэл замбараагүй бэлгийн амьдрал нь тэмбүү тусах эрсдэлийн хүчин зүйл болдог. Үүнээс гадна тэмбүү нь жирэмсний үед эхээс хүүхдэд халдах боломжтой бөгөөд эрсдэлийн хүчин зүйл нь халдвар авсан эх нь байдаг. Ийм замаар халдвар авахыг босоо гэж нэрлэдэг.

Түүнчлэн тэмбүү нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг.

М.Жаргал /GoGo/


URL:

Сэтгэгдэл бичих