Малтай Монгол махгүй өлсөх үү
Монгол Улс мал аж ахуйн орон. Бид ингэж ярих дуртай. Дуртай ч гээд байх зүйлгүй угаасаа тийм гэдэгтэй гадаад улс орныхон ч санал нийлж, хүлээн зөвшөөрдөг.
Манай мал сүргийн тоо толгой өнгөрсөн онд гэхэд л 36 саяд хүрч, нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд эхний аравт багтаж байна. Гэсэн хэдий ч малтай монгол махгүй өлсөх болж байгаа нь эмгэнэлтэй. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт болон инфляци гэдэг “хадны мангаа” гаарч байгаатай холбоотой иргэдийн худалдан авах чадвар улам бүр дордсоор.
Өнөөдрийн байдлаар өрхийн эдийн засгийг хамгийн их хотолзуулж буй хүнсний бүтээгдэхүүнээр махны үнийг нэрлэж болно. Махны үнийн өсөлт Монголд шинэ асуудал биш. Жил бүрийн хавар болоод Улсын баярын үеэр тэнгэрт гардаг уламжлалтай гэж хэлж болно. Малын тоо толгой 36 сая битгий хэл 40 гаруй саяд хүрч өссөн үед ч энэ асуудал арилдаггүй талтай. Гэхдээ энэ жил махны үнэ Улаанбаатар хотод урд өмнө нь байгаагүйгээр өсөж, рекорд тогтоогоод байна.
Нийслэлийн Дэнжийн мянгад байрлах “Хүчит шонхор” захад өнгөрөгч сарын 22-ны байдлаар мах дараах үнэтэй байлаа. Үхрийн цул махны жижиглэн худалдаалах үнэ нэг кг тутамд 7800-8500, хониных 7500-8200, ямааны цул 5500-6000 төгрөгийн ханштай байв. Ястай болохоороо үхрийн мах нэг кг нь 6500-7200 төгрөгийн үнэтэй. Өөрөөр хэлбэл, ямар малын мах гэдгээсээ хамаараад ястай махны үнэ цул махныхаас даруй 1000-1300 төгрөгөөр хямд байна гэсэн үг. Өмнөх жилүүдийн хавар махны үнэ өслөө өслөө гэхэд дээд тал нь өнөөдрийн ямааны цул махны ханштай ижил хэмжээнд очдог байсан /үхрийн мах дээд тал нь нэг кг нь 5500-6000 төгрөгийн үнэд хүрдэг/ юм.
Хонины махны үнэ бол өмнөх жилүүдэд өсөөд 5000 төгрөгөөс нэг их хол давдаггүй байсныг уншигчид сайн санаж байгаа биз ээ. Гэтэл өнөөдөр махны үнэ нийслэлд дунджаар 8500 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор” зах Улаанбаатар хотын махны бөөний төв гэдэг утгаараа энд махны үнэ харьцангуй хямд байдаг гэж хэлж болно. Нийслэлийн бүх хүнсний дэлгүүр, томоохон худалдааны төв, супермаркетууд өглөө бүр тус захаас махаа бөөндөж авдаг гэсэн үг. Тэгэхээр махны худалдааны төвлөрсөн зах дээр нэг кг махны үнэ дунджаар 8500 төгрөг байхад хотын төвийн хүнсний зах, дэлгүүрүүдэд дээрх ханш кг тутамд 300-500, зарим дэлгүүрт бүр 1000 хүртэл төгрөгийн зөрүүтэй байдаг билээ.
36 сая толгой малтай гэчихээд нэг кг махыг 9000 төгрөгөөр үнэлж авна гэдэг монголчуудын хувьд бухимдахаас аргагүй зүйл. 30, 40 сая толгой малтайгаас гадна жил бүр төсвөөс хэдэн тэрбумаар нь мөнгө гаргаж, улсын нөөцөд мах бэлтгэдэг. Өнгөрсөн жил гэхэд л 12000 тонн мах нөөцөлсөн. Тэгсэн хэрнээ махны үнийн өсөлтийг хазаарлаж чадахгүй, нэг кг нь 9000 төгрөгт хүрч өсөж байгаа нь хачирхалтай. Зах зээлийг ямар үл үзэгдэгч гар эвдэхэд хүргээд байна вэ гэдэг талаар бодох л асуудал. ХХААХҮЯ-наас өнгөрсөн өвөл болон хавар цаг агаар тогтуун сайхан байгаа тул Монголын мал сүргийн тоо шинэ төлтэйгээ нийлээд энэ оны төгсгөлд 50 сая толгойд дөхөж очно гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлжээ. Малын тоо толгой өсөх нь чихэнд чимэгтэй сайн мэдээ ч махны үнийн өсөлт монголчуудыг сөхрүүлж байгаа нь утгагүй зүйл юм.
Сонгуулийн жил махны үнэ өмнө байгаагүйгээр цойлж байгаа нь улстөрчдийн хувьд сонирхолтой сэдэв болж, аль болох махны тухай их ярьж, олон нийтэд гэгээн дүрээ олон харуулах сайхан далим болж байх шиг. Хавар идэхээр нөөцөлсөн 12 мянган тонн махныхаа 5000 тонныг нь өвлийн сард зах зээлд нийлүүлсэн. Цагаан сарын буузыг хямд өртөгтэй байлгах үүднээс хотын дүүрэг бүрт Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, ангилж, жижиглэн “нарийлалгүйгээр” гулуузаар нь худалдаалж бийлэгжүү загнасан. Үүнийг гэхдээ нөөцийн махны бэлтгэл, борлуулалтад оролцдог төрийн болон төрийн бус байгууллагууд, компанийнхан дур мэдэн хийчихээгүй. Дээрээс төр, засгийн зүгээс өгсөн шийдвэр нь мэдээж.
Хаврын тарчиг цагаар зах зээлд нийлүүлэх байсан нөөцийн мах 5000 тонноор дундраад ирэнгүүт Засгийн газраас дахин шинээр 10 гаруй мянган тонн мах нөөцөд бэлтгэх “лүндэн” буулгах нь тэр. Энэ нь мал мах бэлтгэхтэй холбоотой нарийн ширийнийг мэддэг малчид, мэргэжилтнүүд битгий хэл, мах идэхээс цааш мэдлэггүй хүн ч үнэхээр гайхахаар шийдвэр байв. Учир нь, цас ханзраагүй байхад хаанаасаа дээрх хэмжээний махыг гаргаж ирэх вэ гэдэг нь хачирхалтай. Нойтон мах байтугай нь олддоггүй хаврын тарчиг цагт дахин бүрдүүлэх нөөцийн мах малчны хотонд өрнөхгүй нь лавтай. Харин Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхэд орон нутгийн төр, засгийн байгууллагынхан идэвх чармайлт гаргах учиртай.
Хаанаас яаж бүрдүүлэх нь тодорхойгүй ч нөөцийн махны эхний ээлжийн 1000 гаруй тонн мах Хөвсгөл аймгаас ирээд байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр саяхан цацагдлаа. Гэвч нэмж нөөц бүрдүүлэх Засгийн газрын шийдвэр гарч, ажил явагдаж байгаа хэрнээ махны үнэ буурах нь битгий хэл, тогтворжих ч шинжгүй байна. Яагаад вэ? Малаа таван төрөл дээр нь өсгөөд байгаа малчид лав үүнд буруугүй нь тодорхой.
“Мах маркет” компанийн ерөнхий захирал Т.Содномдаржаа монголчуудын махны хэрэглээ жил тутамд дунджаар 3000 тонноор нэмэгдэж байгаа тухай ярьсан юм. Хотын хүн ам жилээс жилд нэмэгдэж, нягтаршиж байгаа учраас Улаанбаатар хотын махны хэрэгцээ нэмэгдэх нь ойлгомжтой. Түүнчлэн иргэдийн цалин орлого, тэтгэвэр тэтгэмж тодорхой хувиар нэмэгдэж буй нь махны үнэ өсөхөд нөлөөлсөн байх талтай. Нийслэлийн нийт иргэд өдөрт дунджаар 300 тонн мах хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Одоогоос гурван жилийн өмнө энэ хэрэгцээ 120-200 тоннын хооронд хэлбэлздэг байсан бол өнөөдөр 200-300 тонн болж өсчээ. Энэхүү нийслэлчүүдийн махны хоногийн хэрэглээг сар, жилээр тооцоод үзэх юм бол нэлээд өндөр тоо гарна. Монголчуудын махны хэрэглээ харьцангуй өндөр болохыг энэ тоо гэрчлэх биз ээ.
Махны үнийн өсөлт экспортод хүртэл тушаа болов
Махны үнэ ханш, нийлүүлэлтийн байдлыг судлахаар “Хүчит шонхор” хүнсний захаар явсан талаар дээр хэлсэн. Энэ үед Цагаан сарын өмнөөс зах зээлд нийлүүлсэн нөөцийн махны нийлүүлэлтийг ерөнхийд нь царцаасан байдалтай байсан юм. Учир нь, нөөцийн махыг 2600-3700 төгрөгөөр борлуулж байгаа нь инфляцийн өсөлт болоод бусад өртгийг огтхон ч тооцохгүйгээр зардлаас хэт доогуур үнэ тулгаж, алдагдалд оруулж байна гэж нөөцөд мах бэлтгэсэн компанийнхан үзсэн учраас тэр.
Түүнчлэн нөөцөд үлдсэн 7000 тонн мах нь нийслэлчүүдийн хаврын тарчиг өдрүүдийн нийт хэрэглээний 20 хувийг л чадан ядан хангаж чадах тухай Монголын махны холбооны гүйцэтгэх захирал М.Лхачинбал хэлсэн. Тэрбээр мөн “Манай холбооны гишүүн компаниуд нөөцийн мах бэлтгэж, кг тутамд нь 500 төгрөгийн алдагдал хүлээсэн. Тэд дахин нөөцийн махны асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Махны бизнесээс ашиг хонжоо хайгчид хэтэрхий их байна. Бодит байдал дээр махны үнэ ийм байх ёстой гэсэн төрийн хатуухан бодлого ч алга. Хятадуудын гар хөл болсон мөнгөтэй ченж нар махны үнийг хөөрөгдөх, зах зээлд нийлүүлэгдэх махыг зохиомлоор хомсдуулж байгаа нь үнийг огцом өсөхөд нөлөөлж байна” гэв.
Хэдийгээр үндэсний компаниудын бэлтгэсэн нөөцийн махны борлуулалт царцанг байдалтай байсан ч “Хүчит шонхор” захад 12,5 кг -аар нимгэн, зузаан хоёр давхар уутанд савласан, гадна талын уутан дээр нь хятад бичиг дурайх махтай таарлаа. Нэг кг нь 4700 төгрөг гэнэ. Ямааны цул мах гэхэд харьцангуй хямд санагдав. Гэтэл хажуугийн лангуун дээр ууталж савлаагүй ямааны махны жижиглэнгийн үнэ 5500-6000 төгрөгийн үнэтэй байв. Тооцоод үзэхэд нэг кг тутамдаа даруй 800-1000 төгрөгөөр хямд тусаж байна. Давхар давхар ууттайг нь бодохоор эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг чандлан мөрдсөн гэлтэй. Гэвч яагаад ийм хямд байна вэ. Ахиулаад харвал дээрхийн адил уутанд хийсэн ямааны гулууз мах ч өрөөстэй харагдлаа. Гулууз мах нь бүр хямдхан буюу нэг кг-ыг нь 4300 төгрөгөөр борлуулж байгаа гэнэ.
Махны худалдагч Ц.Төмөрбат “Манай Монголын малын гаралтай арьс шир, ноос ноолуур зэрэг түүхийн эдийн зах зээлийг хятадууд атгадаг байсан бол одоо тэд махны худалдааг мэддэг болчихож. Энэ тусгайлан савласан ууттай ямааны махыг би өнөөдөр нэг монгол эмэгтэйгээс авсан юм. Харьцангуй хямд үнэтэй учраас хүмүүс нэлээд сонирхон авч байна. Уг нь экспортын зориулалттай мах юм байна лээ. Эмээлтэд байрладаг Хятадын хөрөнгө оруулалттай компанийн бэлтгэсэн мах гэсэн. Засгийн газраас дотоодын махны үнийн өсөлттэй холбоотой махны экспортыг ирэх долдугаар сарын 1 хүртэл хорьсон учраас үйлдвэрүүд махаа гаргаж эхэлж байх шиг байна” гэж сонирхуулав.
Хятадууд манай махны наймааны дотоодын зах зээлд оролцож, мах их хэмжээгээр нь бөөндөж авч, нөөцөлж байна гэсэн мэдээлэл сүүлийн жилүүдэд байнга дуулдах болсон. Гэвч ам дамжсан дээрх үг хэлийг нотлох баримт тэр бүр олддоггүй байсан. Тэгвэл махны экспортыг хориглосонтой холбоотойгоор хятад хүмүүс мах их хэмжээгээр бэлтгэдэг нь тодорхой болж байх шиг. Түүнчлэн Таван эрдэнийн маханд хайр зарласан хаврын синдром махны экспортыг хүртэл зогсоож дөнгөлөө.
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн хэлснээр бол мал ногоонд цадаж, шинэ мах гартал экспортын хоригийг цуцлахгүй бололтой. Нэг үгээр хэлбэл, махны зах зээлд үүсээд буй үнийн өсөлтийг сулруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд экс¬портын мах нөлөөлнө хэмээн Засгийн газраас үзсэн хэрэг.
Муу нэртэй нөөцийн мах
Нөөцийн мах хэзээний л муу нэртэй. Жил бүрийн хавар нөөцийн мах тойрсон “нийгмийн хэлэлцүүлэг” өрнөдөг. Сайн муу, чанартай чанаргүй гээд муулдаг. Өнөө жил ч ялгаагүй махны үнэ өндөр байгаагаас үүдэн Цагаан сарын өмнө бараг л дүн өвлөөр нөөцийн махыг зах зээлд нийлүүлж үзсэн ч сайн нэр олсонгүй. Тухайн үедээ иргэдийн нэг хэсэг нь хямд үнэтэй маханд урт дараалал үүсгэн байж Цагаан сарын бууз, баншаа харьцангуй хямд өртгөөр хийсэн ч махны үнийн бөмбөлөг хагарсангүй. Тиймээс ирэх өдрүүдэд үлдсэн нөөцийн махыг жижиглэнгээр худалдахаар бэлтгэж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, өндөр настан Ш.Содномжамц “Нөөцийн махыг худалдаад байгаа боловч ядарсан бидэнд олдохгүй юм. Уг нь орлого багатай тэтгэврийн хөгшчүүлдээ түрүүлээд олгож байвал зүгээр байна. Мөнгөтэй, танилтай, арын хаалгатай нь л нөөцийн махнаас авдаг болчихсон бололтой” гэв.
Содномжамц өвөө цэргийн байгууллагад алба хашиж байсан бөгөөд 10 мянган төгрөгт мах авахаар “Хүчит шонхор” захыг зорьж ирсэн боловч хамгийн хямд нь ямааны мах нэг кг нь 6000 төгрөгийн үнэтэй байсан тул “Яаж хоосон буцах вэ дээ хүү минь, ганц килограмм ч болтугай нь мах авахаас даа. Хоёр орой хоол хийнэ биз” хэмээн урамгүйхэн өгүүлэв.
Монголчууд үнийн өсөлтөд дарамтлуулж буйг зөвхөн махны үнээс л харж болох юм. Уг нь бол дотооддоо зуун хувь үйлдвэрлээд, экспортолдог ганц бүтээгдэхүүн нь шүү дээ. Гэтэл нэг кг махны үнэ хэдхэн сарын дотор бараг хоёр дахин өссөн хэрэг. Төр, засаг нөөцийн мах төдийнхнээр махны үнийн өсөлтийг аргалчихна гэж сэрүүн зүүдэлсээр суувал махны үнийн өсөлт улам гаарч, “дайн” дэгдэхийг ч үгүйсгэхгүй. Нэг кг махны үнэ 10,000 төгрөгт хүрэхэд л байдал эвгүйдэх нигууртай. Тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэвчих вэ дээ гэдэг шиг ганц импортоос хараат бус бүтээгдэхүүнээ тэнгэрт тулсан үнээр удаан хугацаанд авч идэж үнэхээр дийлэхгүй, монголчууд.
Махны үнийн өсөлтийг олон зүйлээс хайх шаардлагагүй гэдэг нь ч зах зээл дээр болж буй шил шилээ дарсан үйл явдлаас тов тодорхой харагдаж байгааг төр, засгийнхан гадарладаг л байлтай.
Хэдийгээр Монгол Улс малаар баян орон ч гэлээ дэд бүтцийн хөгжил дэндүү сул учраас хотоос алслагдмал аймаг, орон нутгаас хүсээд ч мах ирэх боломжгүй юм. Туувар гэж бараг байхгүй болсон. Баруун аймгаас сайн дураараа малаа борлуулахаар малчдын зарим нь ирээд, нийслэлийн 22-ын товчооны цаана тал бүрээсээ хавчиж шахуулж, хөөгдсөөр сүүлдээ амиа авч гарах нь холгүй болдог учраас одоо холын аймгаас хот руу мал тууж зүрхэлдэг хүнгүй болсон гэж үзэж болно.
Хотын ойролцоох аймаг, орон нутгийн малчдын хотноос нь махны ченжүүд бараг жилийн дөрвөн улирлын турш салдаггүй гэхэд хилсдэхгүй. Ченжүүдийн хувьд арайхийн олсон махаа аль болох өндөр үнээр зарах гэж улайрдаг. Гэтэл төр, засгийн хараа мөнөөх л зохицуулалт хийж болохгүй юм байна гэдэг нь олон жилийн өмнөөс тодорхой болсон нөөцийн махнаасаа одоо хэр нь давж харж чадахгүй сууна. Тэд малаар баян монголчуудаа махаар өлсөхийг нэг их асуудал биш гэж үзээд тайван суугаад байна уу, эсвэл үнэхээр алсыг харах тэнхэлгүйдээ мэдэн будилаад сууна уу гэдэг л байна.
Махны үнийн асуудалд төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорсоор. Хятадын Засгийн газраас авах зээлийн тодорхой хэсгийг махны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулна гэж ярьж, зарим холбогдох тендер нь зарлагдаад явж байгаа дуулдсан. Тэгвэл зөвхөн үйлдвэр барихад биш, энэ салбарын логистик болоод дэд бүтцийг хөгжүүлэх том зургийг хаана хаанаа хараасай билээ. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ямар бодол тээж явааг сонирхуулъя.
Монголын мах үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М. Лхачинбал “Улаан буудайн сан гэдэг шиг махны нөөцийн сан гэж төрд байх ёстой. Махны нөөцийн санг бий болгоод тэр сангаасаа жил бүр махны үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, урьдчилж мөнгөө өгөөд махаа бэлддэг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдрийн нөөцийн мах бэлтгэж байгаа байдал үйлдвэрлэгчдийг үнэхээр хашрааж байна” гэв.
Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци /МХХААҮА/-ийн ерөнхийлөгч Р.Мөнхбат “Тахиа, загас, туулайн аж ахуйг хөгжүүлэх ёстой. Махны шат дамжлагыг цөөлөх хэрэгтэй. Улсын нэгдсэн бодлогоор махны чиглэлийн үйлдвэрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай” хэмээн зөвлөж байна. Тэрбээр “Мах хэрэглэгчдэд хүртлээ 5-6 дамжлага дамжиж байна. Малчны хотноос ченжийн гараар явсаар хамгийн сүүлд хэд нугарсан өндөр үнэтэй мах хот, суурин газрын иргэдийн гарт хүрдэг” хэмээн тайлбарлав.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас махны үнийн өсөлттэй холбоотойгоор өнгөрөгч нэгдүгээр сард хийсэн судалгаагаар “Махны зах зээлийн өрсөлдөөн шударга бус байгаа төдийгүй төрийн зохицуулалт буруу байна” гэсэн дүгнэлт гаргасныг дуулгая. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, дэд профессор Х.Цэвэлмаа “Махны кластерыг хөгжүүлэх урьдчилсан нөхцөл байдал”-ын талаар хийсэн судалгаандаа “Мах бэлтгэлийн тогтолцоо уналтад орсны улмаас дотоодын хэрэгцээнд болон экспортод шууд худалдах махны хэмжээ дунджаар 40-50 хувиар буурсан” хэмээн тэмдэглэжээ. Тус судалгаанаас үзэхэд энэхүү нөхцөл байдал нь өнөөдрийн махны үнийг хөөрөгдөх, нөөцийн мах хомсдох, махны нийлүүлэлт багасах суурь шалтгаан болсон байна.
Эцэст нь хэлэхэд, уг нь улс даяараа учиргүй махны хомсдолд орж, хүнсний захын лангуу хоосорчихоогүй байна. Бэлчээрийн даац нь хэтрээд буй малтай Монголын махны зах зээлд төр, засгийн зүгээс дорвитойхон, алсыг харсан зохицуулалт хийхэд тийм ч хэцүү биш байлтай. Ямар техник технологи, түүхий эд нь хязгаарлагдмал нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдлийг олох гэж байгаа биш дээ. Тэгтлээ цаг хугацаа авч, оюун бодол чилээх зүйл байхгүй л баймаарсан. Малаар баян Монгол оронд махаар өлсөж амьдармааргүй байна.
Б.Баяртогтох mongolianeconomy.mn
URL: