Маркетинг гэдэг худлаа хэлэхийг хэлдэг байх нь ээ

Битүүний өглөө утас дуугарлаа. Өглөө эрт хэн л залгав гэж утас андуурсан хэн нэгэн, эсвэл хөлчүү нөхдүүд л биз хэмээн бодон дахин зүүрмэглэх зуурт дахин дуугарав. Бүр тэсэлгүй автал Хэнтий аймгийн Норовлин сумаас хадам дүү ярьж байна аа.

Тэрбээр “Эгчээ хотод электрон барааны зад хямдрал зарлаад манайхны авах гэж шохоорхоод байгаа нимгэн дэлгэцтэй 32 инчийн TLJ” телевиз 499 мянган төгрөг болсон байна гэж мессэж ирлээ. Би одоо хотод орж ирлээ.

Өдөр тантай уулзаад хоёулаа очиж авъя” гэв.

Өдөр амжсангүй тул хоёул орой 18.00 цагийн үед нөгөө “Next Electronics”-т очиход бөөн маргаан болж байв. Учрыг лавлахад тэднийх 499 мянган төгрөгөөр зарах “TLJ” телевизийнхээ үнийн нэмээд 549 мянган төгрөг болгочихсон оронд нь “Коика” телевизийг өгнө гэж байв. Дээр нь нөгөө өгөх ёстой DVD нь ч байхгүй буузны жигнүүр бэлэглэнэ гэж байв.

Хөдөө хотгүй мобикомын утсаар илгээсэн тэдний мессэжэнд хууртсан иргэд бухимдах ч арга ядсан байртай  “Танай нөгөө салбаруудаар арай энэ мессежний дагуу байгаа юм биш биз” гэж горьдсон харцаар худалдагч нарыг харж байв. Харин тэд хариуд нь “мэдэхгүй цаанаасаа л ингэж зар, одоо боль гэсэн л дээ. DVD-нээс буузны жигнүүр чинь үнэтэй ш дээ. DVD 29 мянган төгрөг бол буузны жигнүүр чинь 50 мянган төгрөг шүү дээ” хэмээн баалах басамжлах, мэдэмхийрэхийн хооронд хэлж байсан юм.

Бухимдсан иргэдийн нхэнх нь төв аймгаас ирсэн байсан бөгөөд Норовлин сумаас ирсэн малчин гэхэд 500 гаруй км-ийг туулж ирлээ гэдгээ учирлаж гуйж байсан юм. Арга ядсан хөдөөгийн голдуу иргэд “Маркетинг гэдэг чинь худлаа хэлэхийг хэлдэг байх нь ээ. Ам алдвал барьж болдоггүй гэсэн ардын маань сайхан үг ёстой ул болж дээ” хэмээн харамсаж байсан юм.

С. Туул
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих