АНУ-гийн Колумбын их сургуулийнхан дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын судалгааг гаргасан байна. Тус судалгаанд 155 орныг хамруулсанаас Монгол улс 130-д жагссан байна. Эдийн засагч Жон Хелливел, Ричард Лаярд нарын удирдсан багийнхан тухайн улс орны улс төрийн эрх чөлөө, нийгмийн аюулгүй байдал, авлигын болон амьдралын түвшин, хүн амын орлого зэрэг хүчин зүйлийг голчлон анхаарч судалсан байна.Жагсаалтын эхний тавд Дани, Финланд, Норвеги, Голланд, Канад орнууд орсон бол Того, Бенин, Сьерра Леон, Төв Африкийн БНУ зэрэг улсууд сүүл мушгижээ. Манай хойд хөрш жагсаалтын 76-д, өмнөд хөрш 125-д бичигдсэн байна. Ийнхүү манай улс аз жаргалтай улсууд орнуудын сүүл хавьцаа орсон бол дэлхийн хамгийн азгүй орнуудын жагсаалтад манай улс 127-д оржээ. Их Британийн Foreign Policy байгууллага жил бүр дэлхийн орнуудыг хөгжлөөр нь жагсаадаг уламжлалтай.
Үүнийг заримдаа “азгүй орнуудын жагсаалт” гэх нь ч бий. Мэргэжилтнүүд төр засгийн үйл ажиллагаа, хүчирхийлэл, хүний эрх, эдийн засгийн орчин, иргэдийн амьдралдаа сэтгэл ханамжтай эсэх зэрэг нийгэм эдийн засгийн 20 орчим судалгаа, шалгуурын дагуу шүүсний үндсэн дээр уг жагсаалтыг гаргадаг аж.
Жагсаалтыг Сомали дөрөв дэх жилдээ тэргүүлж, дэлхийн хамгийн “азгүй” орноор шалгарсан бол түүний араас Чад, Судан, Конго оржээ. Харин манай улс өнгөрсөн жил 129 дүгээрт байсан бол энэ жил 127 дугаарт орсон байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хөгжил уруудсан гэсэн үг юм. Бидний өмнөхөн Румын, Тринидад ба Тобаго, Бразил, Бруней, Албани, Гренада, Сейшелийн арлууд орсон нь хөгжлөөрөө хоцрогдсон гэсэн үг. Жагсаалтын 177 дугаар байрт Финланд орж, Норвеги, Швед, Швейцарь, Дани удаалжээ. Энэ нь эдгээр улсад дэлхийн хамгийн азтай хүмүүс амьдарч буйг илэрхийлж байгаа аж.
shock.mn |