Хүүхнүүд хүний тооноос хасагдсан уу

Хүүхэн төвтэй төр байлгах гэсэндээ биш, хүн төвтэй нийгэм байгаасай гэсэндээ хэдэн үг нэмэрлэмээр санагдав, ийм нэг үйл явдлыг хараад. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ны өдөр “Төрийн тулганы гал бадраах” ёслолыг үйлдсэн билээ. Эл ёслолыг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилгын дагуу үндэсний уламжлал, ёс заншлаа эрхэмлэх үүднээс жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр үйлдэж байхыг төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд хандан уриалж зарлиг гаргасан юм.

Уг зарлигыг хэрэгжүүлж УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлагууд хамтран төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд “Төрийн тулганы гал бадраах” ёслолыг хийсэн. Харамсалтай нь үс нь урт, ухаан нь богино хэмээн сэтгэсэн бололтой уг арга хэмжээнд эмэгтэйчүүд, сурвалжлагч бүсгүйчүүдийг оруулаагүй юм. Энэ явдлаас үүдэж  “Иргэдийн Алъяанс төв”-ийн тэргүүн Ж.Занаа “Төрийн тулганы гал бадраах” ёслолд зөвхөн нэг хүйсийн төлөөллийг оролцуулсан нь хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан үйлдэл” хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Гэхдээ Ж.Занаа уг арга хэмжээг санаачилсан УИХ-ын гишүүн Н.Батбаярыг буруутгасан үндэслэлээ Үндсэн хуулийн цэцэд өгсөн юм билээ.

Түүний гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн Н.Батбаяраас тайлбар авчээ. Н.Батбаяр гишүүн “Төрийн тулганы гал бадраах”-даа төрийн тахилгатай уулсын газар шорооноос дээжлэн авчирсан учраас монгол ардын уламжлал, ёс заншлын дагуу эмэгтэйчүүдийг оролцуулаагүй болохоо учирлажээ. Харин энэхүү тайлбарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дэмжиж “Төрийн тулганы гал бадраах” ёслол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийг гаргаж, маргаан үүсгэхээс татгалзсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа тайлбартаа “Төрийн тулганы гал бадраах”-даа гэрийн суурь, тулганы өрөн дотор Бурхан Халдун хайрхан, Отгонтэнгэр хайрхан, Дарьгангын Алтан овооны хөрс, шорооны дээжийг залсан байх бөгөөд эдгээр төрийн тахилгатай уулын оргилд эмэгтэй хүн гардаггүй Монгол ардын заншлыг баримталсан байна” хэмээн өгүүлжээ.

Манай ард түмэн эртнээс өвлөгдсөн арвин ёс, уламжлалтай. Хүн хоорондын харилцаа болоод хүн байгалийн шүтэлцээг дээд зэргээр хангасан тэрхүү их өвийг өнөө цагт хэрэгжүүлэн, хойч үедээ үлдээх нь зүйн хэрэг. Энэ утгаар сэтгэж тэртээ Чингис хаан Бурхан халдуны оргилд гарч хөх тэнгэртэйгээ харьцдаг, хатад бэлд нь хормойгоо дэвсэн сөхөрч залбирч мөргөдөг байсан гэхийг эрчүүд санаж ойд төөрсөн сармагчин биш, одоо цагийн сэхээтнүүд гэдгээ батах гэсэн  байлгүй дээ. Гэтэл өнөө цагт эмэгтэйчүүд хормой шууж, үсээ задгайлан хожмын явдлыг тунгаан, холын бодлогыг хэлэлцэнэ гэцгээж байхад нь ингэхээр тэд гомдохоос ч яах билээ дээ, хөөрхийс. Жендерийн тэгш байдлын тухай хууль батлуулж, арай гэж УИХ-ын сонгуулийн тухай хуулинд 20 хувийн квот гэгчийг суулгуулж байтал нь ийм явдал болсон юм чинь. Энэ мэтээр эрчүүд уламжлалаа хадгалж үлдэхээр шийдсэн бол Монголчууд алт, нүүрс  ухахгүй, паалантай жорлонд хүндрэхгүй нь. Бүх хүүхнүүд гэрээ сахиж, архичин эрчүүд ажилд явах нь. Эхнэрээ богтлон авч, араг түшүүлж амаржуулах нь. Ийм зүйл хэзээ ч болохгүй ч яг үүн шиг үйл явдал тэгэхэд болсон шиг санагдана. Хүүхнүүд ямар тахилгат ууланд авирч, төрийн харчуулыг түлхэх гэсэн биш.

Бодоод байхад төрийн бодлого хойшоо харчихаж. Тийм болохоор л уурссан хүүхнүүд улаа бутруулан суугаа нь энэ байх. Уг нь ухаантай дарга, толгойтой сайд нар  урагшаа харсан бодлого, сэтгэлгээ Монголын төрд хэрэгтэйг хэлцдэг юм билээ. Хүн төвтэй нийгмийг цоцглооно гэцгээж, хүний эрх, эрх чөлөөг тунхаглаад л байдаг. Энэ тунхаг нь үнэн бол  эхнэр хүн эрийн дайтай  болох болсон зуун. Харин худлаа шүү, худлаа хүүхнүүд хүний тооноос хасагдсан гэж хоёр дахиа хэлэв бололтой. Энэ явдлаас болж Үндсэн хуулийн цэцийн гишүүд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, иргэний нийгмийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн хооронд нэлээд ширүүн маргаан өрнөх төлөвтэй байна. Цаашид гал бадраадаг гэртээ ганц ч гэсэн эмэгтэйг оруулахгүй бол тахилгат уул болгоны орой дээр  хүүхнүүд сууж, бослого хийж мэдэх нь. Юун тэр “Төрийн тулганы гал бадраах” ёслол.

Б.Чинбат

Үндэсний мэдээ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ

URL:

Сэтгэгдэл бичих