Ядуу ч гэсэн очих оронтой, оочих аягатай байя

Тоо бодож үзье. Монголчуудын 35 хувь орчим нь 16-35, харин хүн амын тэн хагас нь 25 хүртэлх насны залуучууд гэсэн баримт бий. Тэгэхээр 1.5 сая залуу ажил, амьдралын алтан босгон дээр байна гэсэн үг бөгөөд ирэх арван жилд багаар бодоход 500 мянган залуу тоонот гэрт толгой холбоно гэсэн үг. Залуу гэр бүлийн хувьд амьдрах таатай орчин юу юунаас ч чухал учраас өөрийн гэсэн байрьтай болохын тулд олсон хэддээ тааруулж орон гэр хайх хэрэгтэй болдог.Иймээс  орон сууцны үнэ ханш хийгээд өнөөдрийн нөхцөлд залуусбайрьтай болох боломж бий эсэх талаар судаллаа. Бидний очсон эхний газар нь арилжааны банкууд. Манай арилжааны банкуудын олгож буй орон сууцны зээл нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад урьдчилгаа төлбөр буурснаас биш, зээлийн хүү бараг хэвэндээ байна. Урьдчилгаа төлбөрийн тухайд мэдээж барилгын компаниудын үйл ажиллагаатай холбоотой. Учир нь энэ олон чанартай чанаргүй барьсан барилгаа хурдхан борлуулахын тулд урьдчилгаа төлбөрөө багасгаж таарна.  Харин зээлийн хүү нь арилжааны банкуудаас хамааралтай бөгөөд хүү нь хэр өндөр байх тусам тухайн банкинд ашигтай. Уг нь манай арилжааны банкууд үээлийн хүүгээ буулгах бүрэн боломжтой. Харамсалтай нь эрхэм гишүүд энэ боломжийг ард түмэндээ өгөлгүй дөрвөн жилийн нүүр үзэж байгаа бөгөөд товчхондоо бол Ипотекийн хууль гээчийг баталчихвал бид барууныхан шиг урт хугацааны орон сууцны хүүгүй зээл авах боломж бүрдэх юм. Ардчилсан хувьсгалаас хойш бидний үлгэрлэн дуурайх болсон АНУ-д ийм хууль хэрэгжиж ард түмнийхээ амьдралыг шийддэг. Ингэснээр иргэд нь  ядуу ч гэсэн тэд үхэн үхтлээ очих оронтой, оочих аягатай байдаг юм. Гэтэл манай гишүүд тэр оронд тийм хуультай, ийм дүрэмтэй хэмээн зурагтаар биднийгээ сэнхрүүлэхээс биш улаанбаатарчуудаа орон сууцтай болгочихвол үндэсний аюулгүй байдалд заналхийлээд буй утааны асуудлыг нэг мөр шийднэ, гарц нь энэ гээд хэлээд өгчихөөгүй л байна. Нэгэнт барилгын компаниудын нийлүүлэлт нэмэгдэж, банкны нөөц бололцоо эрүүлжиж байгаа энэ үед зээлийн хүүг тэглэх боломжтой хэмээн цөөнгүй эдийн засагчид үзэж байна.
Өнгөрсөн онд барилга бүтээн байгуулалтын ажил 326.8 тэрбум төгрөг болсны 93.1 хувийг нь дотоодын компаниуд гүйцэтгэсэн. Энэ нь 2009 оныхоос 25 хувиар өссөн бол дотоодын компаниудын гүйцэтгэл 30 хувиар нэмэгдсэн гэх таатай мэдээг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Үнэхээр барилгын салбар хөл дээрээ босоод тогтчихсон байна гэдгийг мэдээд буй атлаа нөгөө л шахмал түлш энэ тэрүүхнээр утаагаа багасгаж, ард түмний амьжиргааг халамжийн буюу Хүний хөгжил сангийн мөнгө төдийнхнөөр дээшлүүлнэ гэж буй нь дэндүү хөөрхийлэлтэй.
Нэг жишээ авъя. Иргэн Бат нийслэлийн уугуул. Тэдний гэр бүлийн сарын орлого нь 800 мянган төгрөг гэж бодъё. Үнэндээ сарын 800 мянгын орлоготой өрх өнөөдөр цөөхөн бөгөөд бас ч гэж боломжийн амьдралтайд тооцогдоно. Тэрбээр ажил, сургуулиас холгүйхэн байрлах 55 м.кв талбай бүхий энгийн хоёр өрөө байр сонирхжээ. Хотын төвөөс холгүйхэн баригдсан шинэ байрны нэг м.кв үнэ 1.2 сая төгрөг. Тэгэхээр шинэ байр авахад дор хаяж 66 сая төгрөг шаардаж байгаа юм. Мэдээж түүнд энэ мөнгийг гаргах боломж хомс тул банкнаас зээл авахад хүрнэ. Гэтэл манай арилжааны банкууд урьдчилгаа 30 хувиа төлж байж байрандаа ор гэх бөгөөд энэ нь тохиолдолд тэрбээр 20 сая төгрөг төлөх болж байгаа. Юм. За яах вэ, 10 саяыг нь хамаатан садан, найз нөхдөөсөө гуйж байж олоод эхнэртэйгээ хэдэн жилийн турш ажиллаж хурааж хуримтлуусан хэдээ нэмээд урьдчилгаагаа болголоо. Тэгэхээр үлдсэн 46 саяыг банкнаас 15 жилийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлэх болж байна. Харамсалтай нь тэрбээр энэ тохиолдолд эхний сардаа 700 мянган төгрөгийг зөвхөн зээлийн хүү гэж банкинд төлөх болж байна. Хэрвээ 700 мянгаас илүүг төлж үндсэн зээлийн дүнгээсээ багасгаж чадахгүй бол сар бүр зээлийн хүүнд ийм л хэмжээний мөнгө төлнө. Ингэхээр ямар мөнгөөрөө амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж, ямар мөнгөөрөө ус, цахилгааныхаа төлбөрийг төлөх болж байна вэ. Хэрэв Ипотекийн хууль батлагдвал иргэн Бат 700 мянгыг хүүнд төлөх бус харин 46 сая төгрөгийн зээлээсээ хасах юм.

А.Болд


URL:

Сэтгэгдэл бичих