А.Сүхбат: Би аль ч намд элсэхгүй
Сүүлийн үед Монгол Улсын гавьяат тамирчин, далай даян аварга А.Сүхбатыг улс төрд хүч үзэхээр болоод байгаа тухай яриа гарах болсон байна.
Энэ талаар А.Сүхбат аварга ярихдаа “Харин тийм яриа гадуур яваад байгаа. Энэ бол худлаа гэж хэлмээр байна. Тэр ч байтугай аль нэг намд ч гишүүнээр элсээгүй. Хүүхэд байхдаа пионерийн гишүүн байсан байх.
Дараа нь бидний үеийнхнийг хүчээр МХЗЭ гэдэг байгууллагад элсүүлж байлаа. Энэ хоёроос өөр олон нийтийн байгууллагад хамрагдалгүй өдий хүрлээ. Харин намайг “Манай намд элсээч” гэсэн саналыг АН, МАН-ынхан гээд улс төрийн хүчнүүд бүгд л тавьдаг.
Түүгээр ч зогсохгүй манай Төв аймгийнхан УИХ-д нэрээ дэвшүүлээч гэсэн хүсэлт ирүүлдэг. Энэ бүгдийн хариуд улс төрийн аль ч намын харьяалалгүй, улс төрд оролгүйгээр явмаар байна гэж хэлдэг юм.
Ер нь би чинь улс төрч болох гэж барилдаагүй шүү дээ. Бөхийнхөө буянаар алдар цолд хүрч, төрөөс гавьяагаа үнэлүүлсэн. Цаашид ч өлзийгөө өгсөн бөхийн спортоосоо хөндийрөхгүй гэж боддог.
Намайг ингээд хэлэхэд ард түмэн маань дургүйцэхгүй байлгүй дээ. Би цаашид “Олимп” сургуулиа улам өргөжүүлэн 2016, 2020 оны олимпид өрсөлдөх ирээдүйн тамирчдыг одооноос бэлдэж, суурь тавьж байна. Тэр үед эрийн цээнд хүрэх шавь нараа дэлхийн хэмжээний хүчтэй өрсөлдөгчид болгох хэтийн зорилготой байгаа” гэжээ.
URL: