СОЛОНГО ДАХЬ СУВД /кино/
Хавар, зун, намар, өвөл… дахиад хавар. (Spring, summer, fall, winter…and spring)Уулсаар хүрээлүүлсэн нууранд эртний сүм хөвөн явна. Өвгөн лам, бяцхан шавь хоёр эл аниргүйн дунд хорвоогоос ангижран суух аж. Нэгэн өдөр шавь зэргэлдээ ууланд гарч, могой, яст мэлхийний хүзүүнээс чулуу уяж, цөөрмийн загасыг тарчлаахыг багш нь харчихжээ. Шавийгаа унтаж байхад багш нуруунд нь хүнд чулуу уяж, тарчлаасан амьтад руугаа буцаж очихыг тушаана. “Хэрвээ очиход чинь амьтад хэдийнэ үхсэн байвал чи насан туршдаа наад чулуугаа сэтгэлдээ тээж явах болно” хэмээн хэллээ. Энэ бол анхны хавар. Буйд орших уг сүмд эд хогшил үгүй. Өвгөн ламд ч сүсэгтнүүд ховор ирнэ. Гэвч зун ирсэн охин залуу ламын амьдралыг өөрчилнө. Магадгүй тэр нь өөрчлөлт биш, жам ёс байсан ч юм бил үү. Уулсын дунд уснаа хөвөх сүмд нам гүм ноёлох ч хайр, итгэл, өсөлт, үзэн ядалт, өширхөх сэтгэл, энэрэх хийгээд учрахуй, хагацахуй бүгдээр бий. Эзэнгүй байшин (3 Iron) Киноны голд дүр болох бүсгүй, залуу хоёр хоорондоо төдийгүй бусадтай огт ярилцахгүй. Гэхдээ энэ нь тэдний хэлгүй болохыг харуулж буй хэрэг огтоос биш. Тэдний хоорондын харилцаа, өдөр тутмын амьдрал болон залуу, бүсгүй хоёрын хувьд бусад хүн, нийгэм хэрхэн нөлөөлж, тусгаж байгаа нь хүнлэг чанарын тухай асуулт руу үзэгчийг өөрийн эрхгүй хөтлөх болно. Тэр хоёрын хоорондын харилцаа болон энгийн амьдрал нь тайван байдал, бүрэн ойлголцлыг мэдрүүлдэг бол гадаад ертөнц буюу бусад хүн, юмс шуугиан цухалдаан, уур хилэнг илтгэдэг.
“Би өөрөөсөө ганцхан асуулт асуудаг: Хүн гэж юу вэ? Хүн байхуйн учир юунд оршдог вэ? Шинэ кино маань цацагдах бүрт хүмүүс харгислалаар дүүрэн хэмээн шүүмжлэх нь бий. Гэтэл харгислал, балмад явдал бол ердөө л тэдний өөрсдийнх нь тусгал юм шүү дээ” хэмээдэг Ким Ки Дук анхны киногоо 36 настайдаа бүтээсэн юм. 1960 онд төрсөн тэрбээр 30 нас тайдаа Парис явж, дүрслэх урлагт суралцсан ч дэлгэцийн урлагт илүүтэй татагджээ. Үүнээс өмнө тэрбээр үйлдвэрт ажиллаж, цэргийн алба хааж, гудамжинд зурсан зургаа зардаг байв. Түүний кинонд амьтан тамлаж, хүчирхийллээр дүүрэн ч хүн бай хын үнэ цэнэ, утга учрыг эргэцүүлэхэд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр үзэл бодлоо дэлгэцээр дамжуулан үзэгчдэд тулгахаас илүүтэй тухайн хүнийг өөрөө тунгаах, дүгнэлт хийхэд нь тусалдаг мэт. Ким Ки Дук одоогоор 17 кино найруулсан нь Венец, Канн, Берлиний кино наадмын шагналуудыг хүртэж, арт хаусын шилдэг найруулагчдын эгнээнд багтдаг ч эх нутагтаа төдийлэн алдартай биш. (Жишээлбэл бүх киноных нь Солонгост зарагдсан тасалбар Францын театрт нэг киногоо гаргасан орлоготой нь тэнцдэг).
-Кинонд тань хэт их цус, амьтныг тамлан зовоож байгаа хэсэг гардаг нь олон хүний дургүйцлийг хүргэдэг. Түүнчлэн таны кинонууд төрөлх нутагтаа тийм ч амжилттай биш. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүмүүс болон хэвлэл мэдээлэл миний киног юу гэж дүгнэх нь хамаагүй. Хүн болгон өөрийн гэсэн мэдрэмж, ойлголт, харах өнцөгтэй учраас хэнийг нь ч үгүйсгэх, буруутгах боломжгүй. Солонгосчууд “Сувд илжгэнд ямар ч хэрэггүй” гэдэг. Үүнтэй адил илжиг нь би, сувд нь үзэгчид байж болох талтай. Эсвэл эсрэгээрээ ч байж болох юм. Цус, хүчирхийллийн тухайд энэ бол хүмүүсийн л тусгал. Тухайлбал, бид өдөр бүр хонь, үхэр, гахай, тахианы мах иддэг. Хүмүүс анзаардагүй л болохоос үүний ард ч кинонд гард гаас ялгаагүй хүчирхийлэл агуулагдаж буй. Гэхдээ киноны зураг авах явцад амьтан ашиглаж, цус гаргаж буйдаа санаа зовох нь бий. Үлдсэн амьдралынхаа турш тэдгээр амьтны төлөө залбирах болно.
-Кино найруулагчийн хувьд та хэнд зориулж туурвидаг вэ?
-Би үзэгчдэд зориулж кино хийдэггүй. Ихэнх найруулагч үзэгчдийн хүсэл сонирхолд тааруулж кино хийх юм. Харин миний ажил энэ биш. Бүтээлийг маань үзэж, үнэлдэг, тэндээс ямар нэг зүйлийг ойлгодог хэсэг хүнийг би хэлээгүй юм шүү.
-“Хавар, зун, намар, өвөл…дахиад хавар” таныг дэлхий нийтэд таниулсны учир юунд байгаа бол?
-Энэ бол солонгос кино биш. Энэ бол хүн төрөлхтний тухай кино юм. Үндэс угсаа, хэл соёлоос үл хамааран хүний амьдрал дөрвөн улиралтай тун төстэй. Улирал бүр давтагдашгүй онц лог, дүрийг харуулдаг. Тийм ч учраас дэлхий нийтийн үзэгчид ямар нэг хил хязгаарт баригдалг үй энэ киног хүлээн авч, ойлгосон биз. Миний зарим кино намтарчилсан шинжтэй, өөрт тохиолдсон үйл явдлаас сэдэвлэсэн байдаг ч, бүгдэд нь хүн байхын учир, хувь хүн, амьдрал хоёрын харилцаа зэрэг оршихуйн асуудал хөндөгддөг. Тэгэхээр зөвхөн Ким Ки Дукийнх эсвэл Солонгосын кино гэхээс өргөн хүрээг хамарна. Жишээлбэл “3 Iron” Солонгосын нийгмийн тусгал мөн эсэх тухай хүмүүс надаас асуудаг. Тэгвэл тэр киног Сөүлд хийсэн нь Лос-Анжелес, СанФранциско, Парист бүтээснээс ямар ч ялгаагүй.
-Үг таны хувьд юу вэ?
-Миний кинонд харилцан яриа маш бага хувийг эзэлдэг. Анх зохиол бичиж эхлэхэд дүрүүдийн харилцан яриаг бодож, цааснаа буулгадаг ч зураг авах, монтажлах явцад ихэнх хэсгийг нь хасчихдаг. Гэхдээ үг цорын ганц харилцаа биш. Дүрүүдийн үйлдэл, биеийн болон нүүрний хөдөлгөөн, уйлах, инээх зэрэг сэтгэл хөдлөл киноны хамгийн чухал “харилцан яриа” гэж би боддог. Нөгөө талаар, тэд гүнзгий шархадсан хүмүүс. Бусдад итгэх итгэлээ алдсан тэдний хувьд хүмүүстэй ярилцах нь хэцүү.
-Таны баатруудын хувьд гадаад ертөнц тусгаарлагдмал мэт. Гэвч гадаад ертөнцийг ч жаазанд багтаах нь чухал.
-Ертөнц бүхэлдээ хэдэн сая хүнийг агуулдагт би итгэдэггүй. Харин хэдэн сая хүн байгаагийн тоогоор тийм хэмжээний ертөнц бий гэж үздэг. Хувь хүн бүрт ертөнцийг харах, тусгах цонх бий. Тэгэхээр ертөнц бүхэлдээ нэг хүний дотор ч багтаж болно. Тэрнээс биш гадаад ертөнц, хувь хүн хэмээн тусгаарлах хэрэггүй.
-Парист чухам юу тохиолдсон учраас та зураач биш найруулагч болсон юм бэ?
-Би багаасаа зохиол бичих, өгүүлэх дуртай байсан. Парис явахаасаа өмнө коллеж эсвэл их, дээд сургууль төгсөөгүй. Тэр хэмжээний боловсролгүй хүн зохиолч эсвэл найруулагч болно гэдэг миний ухаан санаанд багтаагүй. Харин Францад сургууль, коллеж төгсөөгүй ч сайн бүтээл хийдэг зураач, зохиолчидтой уулзаад өөрийгөө ч тэдний нэг болж болохыг ойлгосон.
-Таны киног үзсэн хүмүүс сэтгэгдэл, бодлоо илэрхийлэх тохиолдол их үү?
-Тэгэлгүй яах вэ. Тэр дундаа гадаад үзэгчид энэ тал дээр илүү нээллтэй. Хамгийн мартагдашгүй нь “Хавар, зун, намар, өвөл…дахиад хавар”- ыг Америкийн Линкольн төвд үзүүлсэн явдал. Тэгэхэд 80 гаруй насны америк эмээ кино дууссаны дараа танхимд ганцаараа үлдэж, найруулагчтай нь гар барихыг хүссэн байсан. Түүнтэй уулзахаар очиход “Нас барахаас минь өмнө гайхамшигтай кино үзүүлсэнд тань баярлалаа” гээд гарыг минь удаан гэгч атгаж билээ.
-Таны кинонд байгаль сэтгэл хөдөлгөм, сайхнаар дүрслэгддэг. Та зураг зурахдаа ч байгалийг тийн дүрсэлдэг үү?
-Хүмүүс байгалийг сайхнаар харуулж байгаа хэрэг огт биш. Байгаль угаас гоо үзэсгэлэнгийн охь. Тэгээд ч би зураг зураагүй маш удаж байна. Магадгүй миний дотор байсан зургууд кино болон гарч ирж байгаа биз.
Б.ЭГШИГЛЭН /Mongolnews.mn/
URL: