Дуучин А.Түмэн-Өлзий: Миний оролцсон NHK-ийн нэвтрүүлэг удахгүй дэлхий даяар цацагдана

Дуучин А.Түмэн-Өлзийг  хөтлөгч  тайзан дээр зарлахад би вээр  нөгөө л нийтийн  олон дуучны нэг л биз дээ хэмээн дотроо голонгуй дурамжхан угтаж билээ. Гэтэл  түүний  амилуулсан  дуу сэтгэл сэргээсэн  ямар сайхан  аялгуутай байсан гээч. Тэр өдрөөс хойш  дуу хоолойг  нь уран шувуутай адилтган зүйрлэж байснаа  сайн санаж байна. Өчүүхэн  намайг  төдийгүй  олныг  уярааж  чадсан  тэрхүү бүтээл “Сэтэрт тал” дуу байлаа. Түүний энэ дууг  сонсохоор аниргүйн гүнд  уудам талаар аялж буй мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм.

-Та өнөөдөр гадуур гарах уу. Хаашаа ч юм яараад байгаа ч юм шиг санагдлаа?

-Тийм ээ. Үдээс хойш уран бүтээлийн ажил амжуулах санаатай. Ойрд хуримын урилга их ирж байгаа. Үсчин орчихоод Польшоос ирсэн унаган багын найзтайгаа уулзах юм. Олон жил уулзаагүй болохоор найзыгаа ямар болсныг  харах гээд яарч л сууна.
-Хамгийн сүүлд танаас ямар уран бүтээл төрөв?
-Би  зуны улирлыг зүгээр амарч өнгөрөөсөн удаа ховор л доо.  Харин энэ зуныг  аав ээжийнхээ нутгаар амарч өнгөрүүллээ. Гэхдээ гар хумхиж суугаагүй ээ. Хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын ая, яруу найрагч Ш.Лхамноржмаагийн  шүлэг  “Ижий зөн” дуугаа амилуулж, дүрсжүүллээ. Энэ дуу миний өмнөх уран бүтээлүүдээс хамгийн шинэлэг, өвөрмөц шийдэлтэй болсон гэж бодож байна. Өнгөрсөн тавдугаар сард “Хайр ирнэ” нэртэй цомгоо гаргасан. Одоо дараагийнхаа уран бүтээлд ханцуй шамлаж байна. Удахгүй “Алтан намар-2011” хөгжмийн наадам болно. Хаалтыг нь  хийж дуулаач гэсэн санал саяхан надад тавьсан болохоор бэлдэж байна. Өнгөрсөн сард NHK телевизийн сэтгүүлчид Монголд хүрэлцэн ирж, ардын болоод үндэсний соёл урлаг, ёс заншлыг харуулсан нэвтрүүлэг хийхэд би уртын дуугаар ая өргөсөн. Аравдугаар сарын эхээр дэлхий даяар цацагдах юм билээ. Энэ бол надад олдсон хамгийн сайхан боломж. Мэргэжлийн дуучин хүнийхээ хувьд  хоолойны цар хүрээ, эрч хүч, авьяас чадал шаардсан дуу  дуулахыг  хүсдэг. Уран бүтээлийн маань ихэнх  хувийг  нутаг, уул усаа магтан дуулсан дуу эзэлдэг.
-Та гоёлын олон даашинзтай юм аа. Хаанаас авдаг юм бэ, өртөг нь мэдээж өндөр л биз дээ?
-Би хааяа дэлгүүр хэсэх дуртай. Энд тэнд явж байхдаа гоё даашинз, өөрийнхөө гадаад үзэмжийг тодотгох хувцас харагдвал  үнэ хайрлахгүй авдаг. Тоглолтынхоо хувцсыг  “Торго” салон, “Монгол костюмс”, “Урлах эрдэм” хувцас загварын товчоогоор хийлгэдэг.  Хамтарч ажиллаад олон жил болсон байна. Миний сонгосон энэ газрууд чанартай материалаар хувцас урладаг болохоор  өртөг  өндөртэй. Эмэгтэй хүн болохоор ганган хээнцэр, этгээд чамин загвартай ээмэг зүүлт сонирхдог. Гэхдээ брэнд гэж хөөдөггүй. Надад зохисон, бас гоё харагдаж байвал 5000 төгрөгийн ээмэг байсан ч хамаагүй худалдаад авчихдаг.
-Унаган багынхаа найзтай уулзах гээд сэтгэл догдолж байгаа чинь надад ч мэдрэгдэж байна. Польшид байхад нь их санадаг байв уу?
-Тийм ээ. Бид интернэтээр байнга харилцдаг байсан. Долоо хоногийн өмнө надад “Найз нь Монголд очно. Хаана уулзах вэ” гэхээр нь тоглож байна гэж бодсон. Гэтэл өчигдөр найз маань ирснээ дуулгахад сэтгэл догдолж баярласан хэрнээ нэг л итгэж өгөхгүй байсан шүү. Би найзууддаа итгэдэг, бас хүндэлдэг. Тэднээсээ “Чиний дууг сонсох дуртай шүү” гэдэг  урмын  үг сонсоод баярладаг.  Өөрийнхөө зан араншин, дутагдал, давуу талынхаа тухай ярилцаж зөвлөгөө авдаг юм. Сайхан найзуудтай байна гэдэг нэг бодлын амьдралын өмөг түшиг шүү дээ.

-Гэр бүлийн амьдралд хөл тавих бодол байна уу?
-Гэрлэх тухай юу? Нуугаад яах вэ, надад хайртай залуу байсан. Бүр хамт амьдарч байлаа. Үл ойлголцох асуудлаас бид хоёр тийш болсон л доо. Амьдрал нь ч бай, хайр нь бай, хүний хувь тавилан  бурхны заасан  замаар замнадаг  гэж би боддог. Энэ бүхнээс сургамж авсан болохоор гэр бүлийн амьдралд нэг их  яарахгүй байна. Эхлээд өөрийн  зорилгодоо хүрье, дараа нь гэр бүл зохиоё. Би  залуу байна, хийж амжуулах зүйл их бий. Уран бүтээлийн  хувьд ч өсөх  хэрэгтэй. Од болох гэж яарахгүй. Оддын одын хэмжээнд уран бүтээл туурвиж чадаагүй байна шүү дээ. Урлагийн амьдрал урт  юм шиг хэрнээ богино. Харин нас, цаг хугацаа нүд ирмэхийн зуур харвасан сум шиг өнгөрдөг. Залуу насандаа хийж амжуулахгүй юм бол өтөлсөн хойноо харамсана. Цаг хугацаа надад үнэтэй. Одоо би  мөрөөдсөн зүйлдээ хүрэхээр зүтгэж явна. Хүсэл минь биелсэн тэр цагт  сайн хүнтэй учрах байх аа.
-Хувь заяа, тавилан төөрөг байдаг гэдэгт  та эргэлзэхгүй итгэдэг байх нь ээ?
-Итгэдэг, итгэдэг. Би бөөгийн  шашин шүтдэг. Манайх бөөгийн удамтай. Шүтэхийн хэрээр миний ажил, амьдралыг  цаанаас нь зохицуулаад байдаг юм шиг санагддаг. Гэхдээ зүгээр л бурханд итгэж найдаад сууна гэж юу байх вэ, Цаг хугацаатай уралдаж амьдрах нь миний хувьд хамгийн гол зорилго маань болоод байна.
-Найз залуутайгаа хамт байсан он жилүүд танд сайхан дурсамж үлдээж чадсан уу?
-Хайртай хосууд амьдралд хөл тавихдаа сална гэж боддоггүй шүү дээ. Мэдээж сайн сайхныг  хүсдэг. Өнгөрсөн он жилүүд  надад сайхан дурсамж үлдээсэн шүү. Магадгүй нас залуу болоод ч тэр үү,  зарим нэг зүйл дээр алдсан ч байж болох. Алддаггүй хүн гэж байдаггүй байх. Алдаанаасаа сургамж авна гэдэг амжилт  ч юм бил үү. Би найз залуугаасаа холдсондоо хэзээ ч харамсдаггүй. Гэхдээ амархан мартаж  яаж  чадах билээ. Одоо бид энгийн харилцаатай, мэнд устай явдаг.
-Амьдралд эмэгтэй хүн хэрхэн хандах ёстой юм бэ. Энэ талаар бодож байсан уу?
-Хүлээцтэй. Хосуудын дунд хардалт газар авснаас гэр бүл салж байна шүү дээ. Хардалтыг  тэвчиж  чадвал олон таагүй зүйлээс ангижирч болох юм шиг ээ. Хамгийн гол нь нэг нэгнээ ойлгож  хүндэлдэг, бас ухаантай  байх  хэрэгтэй.
-Ирээдүйн ханьдаа та ямар шалгуур хамгийн түрүүнд тавих вэ?
-Урлагийн хүний ажлыг хамгийн сайн ойлгодог, намайг  хүндэлдэг, бас байгаагаар минь хүлээж авдаг байгаасай.
-Эр хүний ямар зан таалагддаг вэ?
-Буурь суурьтай, амьдралаа аваад явчихдаг, олон санаагүй, ухааны цараатай, алсын бодолтой, бусадтай ойлголцож чаддаг  зан эрчүүдийг  чимдэг гэж бодож байна.
-Хайр нэг бодлын жаргал ч, нөгөө бодлын  зовлон ч юм шиг…
-Хайр заавал тийм байх ёстой гэсэн тодорхойлолт байдаггүй шүү дээ. Хүн хайраар тэтгэгдэж байж амьдарна. Хайр өөрөө үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай агуу ертөнц. Тэгэхээр гундааж, бас гомдоож болохгүй гэж боддог. Сүүлийн үед нийгмийн байдлаас шалтгаалаад залуус хайрыг  үнэ цэнэгүй болгож байна.
-Айлын ганц охин аав, ээждээ хэр эрх өссөн бэ?
-Хувийнхаа амьдралыг өмнө нь хэнд ч ярьж  байгаагүй. “Ням гариг” сэтгүүлд анх удаа  энэ тухайгаа дэлгэж байна. Би хоёр сайхан ахтай байсан. Арын хаалгагүй хорвоогийн хатуу жамд хоёуланг нь алдсан. Багаасаа  зовлон  хангалттай үзсэн болохоор хүүхэд насныхаа дурсамжийг ярих дуртай биш. Одоо миний аав, ээж  жаргах ёстой. Хоёр ахтайгаа би дотоод сэтгэлдээ хааяа ярилцдаг. “Ах нар минь яагаад намайг  ганцааранг  нь үлдээгээд явчихсан юм бэ” гэж гомдож, харууслын, бас ганцаардлын нулимс унагаж байсан удаа олон. Хорвоо надад өөрөөс минь хэтэрсэн эрх өгөхдөө зовлон хэмээх хүндхэн ачааг  үүрүүлсэн. Энэ ачааг үүрэхэд надад маш их ухаан зарцуулах хэрэгтэй болсон. Аав, ээжийнхээ үр нь болж төрсөн болохоор би одоо жаргаах ёстой. Хамгийн гол нь эхлээд амжилтанд хүрэх хэрэгтэй. Миний амьдрал бага багаар дээшилж байгаа. Хүний зовлонг  би сайн ойлгодог. Тиймдээ ч найз нөхдийнхөө зовлон, жаргалыг хуваалцахдаа хамгийн сайн зөвлөгч нь байж чаддаг. Аав, ээж минь намайг эрх өсгөсөн ч гэлээ  хэнд эрхэлж тунихаа, хэнтэй хэрхэн харилцахаа би  тааруулж чаддаг. Ирээдүйгээ  нүдэндээ  сайхнаар төсөөлж хардаг болохоор бурхан надад сайхан амьдрал хайрлана гэдэгт итгэж байна.
-Дуучин хүн танай удамд байсан уу?
-Ээж минь залуудаа хөгжим тоглож, дуулдаг байсан. Дуулах авьяасыг ээжээсээ өвлөж авсан. Хөгжим бүжгийн коллежийг  2005 онд ёочин хөгжмийн мэргэжлээр суралцаж дүүргэсэн. Дараа нь СУИС-д  орж, уртын дуучин мэргэжлээр онц дүнтэй төгссөн. Дуулах эрдмийг  харамгүй  заасан  Ч. Дэлгэр багшдаа баярладаг.  Багш маань даруухан, сайхан сэтгэлтэй, дундаршгүй авьяастай хүн дээ.
-Ганцаардсан үедээ сэтгэлээ яаж сэргээдэг вэ?
-Найз нөхөдтэйгээ ярилцаж суух дуртай. Хааяа зав гарвал тэдэнтэйгээ караоке орж дуулдаг. Дуулж байгаа үедээ би жаргалтай байдаг. Дуулахгүйгээр нэг өдөр ч байж  чаддаггүй. Ээж  минь миний хамгийн дотнын зөвлөгч. Уран бүтээлээ хийгээд хамгийн түрүүнд аав, ээждээ түрүүлж сонсгодог. Миний  олж харсан алдааг яг онож хэлдэг мэдрэмжтэй хүмүүс дээ.
-Өөрийнхөө алдаа, оноог  шүүж  тунгаадаг уу?
-Чив чимээгүй орчинд дотоод ертөнцтэйгээ удаан ярилцдаг. Дотоод Түмэн-Өлзий  намайг зэмлэдэг шүү. Зэмлэлийг нь сонсоод алдаагаа цаг алдахгүй засахыг хичээдэг. Миний гаргасан шийдвэр ихэнхдээ зөв байдаг юм.
-Түмэн-Өлзий  амьдрал дээр яг  ямар хүн бэ, үнэнээр нь тодорхойлооч?
-Сэтгэлийн хөдөлгөөнтэй. Уурлаж бухимдвал удаан үргэлжилдэггүй. Амархан, баярлаж  гомдоно, өрөвч, цайлган  сэтгэлтэй. Гудамжинд гутруу яваа  хүнийг  хараад өрөвддөг. Ээж минь харчихаад надад “Миний охин хаа хамаагүй хүний төлөө сэтгэлээ битгий чилээж бай. Тэр хүн өөрийн гэсэн ертөнцтэй, хувь тавилантай шүү дээ. Хүний зовлонг  их өрөвдвөл өөр дээр нь ирдэг юм гэнэ лээ” гэж захидаг юм. Хүмүүс надад урам хайрладаг. Тэр дундаа дууг урлаж дуулдаг гэж магтдаг. Гэхдээ би  магтаалд бялуурахгүй ээ. Ээж минь намайг бага байхад уран болоорой гэж ерөөгөөд, тагнай их өгдөг байлаа. Олны уран дуулдаг гэж хэлээд байдаг  нь үүнтэй холбоотой ч юм болов уу гэж хааяа боддог юм.
-Баян  амьдралыг  хүсдэг  биз дээ?
-Тийм ээ. Нүдэндээ амьдралаа ямар болсон байхыг  төсөөлж хардаг. Харин сайхан амьдралыг  өөрөө  босгож  бүтээнэ. Бүтээхийн төлөө хичээж зүтгэнэ. Би том зүйл  мөрөөдөх дуртай. Тэр хэмжээгээр миний мөрөөдөл биелнэ шүү дээ.
-Ойрын үед юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Уртын дуугаар дахин нэг цомог гаргана. Ирэх жил бие даасан анхны тоглолтоо толилуулна. Энэ хугацаанд чанартай уран бүтээл туурвихыг  хүсэж байна. Сүүлийн үед аав, ээж маань надаас ач нэхээд байх болсон. Таван жилийн дараа олон зүйл амжуулсан, бас сайхан гэр бүлтэй болсон байх болов уу.
-Ням гаригийн амралт  таны хувьд хэрхэн өнгөрдөг вэ?
-Амралтын өдөр хоолойгоо амрааж, сайн унтаж авахыг боддог. Заримдаа хүчээр амралт өөртөө өгдөг тал бий. Ээжийнхээ хийсэн банштай цайнд их дуртай. “Ээж ээ, охин нь өнөөдөр гэртээ өнжинө. Та банштай цайгаа чанаач” гэдэг юм. Гэртээ ээжийнхээ чанасан уур савссан банштай цайг уугаад, телевиз үзээд суух жаргалтай санагддаг. Би аав, ээжийгээ үргэлж баярлуулж байхыг  хүсдэг. Саяхан ээжийнхээ төрсөн өдрөөр тэвэр дүүрэн сарнай, бас дуртай зүйлийг нь авч өглөө. Аав минь арван хоёрдугаар сарын 31-нд төрсөн. Аав саяхан “Шинэ жилийн баярын өдөр миний төрсөн өдөр болох юм аа. Хүн бүхний  заавал  тэмдэглэдэг  баяр. Тэгэхээр надад төрсөн өдөр гэж байна уу. Ерөөсөө төрсөн өдрийн баяраа өөр өдөр тэмдэглэж байдаг юм уу” гэж хошигнонгуй гомдоллосон шүү.
-Өдөрт  та хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?
-Тухайн өдрийн амжуулах ажлын байдлаас хамаарч зарцуулах мөнгөний хэмжээ янз бүр байдаг. Ямар ч байсан тооцоод үзэхэд 50 мөнгөн төгрөг зарцуулсан байдаг юм.
-Таны сонирхдог зүйлд спорт багтдаг уу?
-Сүүлийн үед бассейн, фитнессээр хичээллэх сонирхолтой болчихоод байгаа. Эрүүл мэндэд зайлшгүй нөлөөлөх спорт болохоор удахгүй хэрэгжүүлнэ ээ.
-Уртын дуучин бүсгүй рок, поп дуу сонирхож сонсдог болов уу гэсэн бодол миний толгойд төрөөд байна л даа?
-Сонсолгүй яах вэ. Багаасаа “Камертон”, “Номин талст” хамтлаг, мөн дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа нарын дууг сонсож өссөн. Би хүүхэд байхдаа поп чиглэлээр дуулдаг байлаа. Хойшдоо ч дуулах бодол бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайн нэрэмжит тоглолт болдог байхад би хоёр удаа оролцож мөнгөн  медаль хүртсэн. Миний хувьд хүч хүрэх зүйлдээ өөрийгөө зоригтой сориод үзье гэж боддог шүү.
-Та чинь Хөвсгөл нутгаас гаралтай гэсэн байх аа?
-Аав маань Хөвсгөл аймгийн Тариалан, ээж Цэцэрлэг сумын уугуул. Харин би Завхан аймагт төрсөн. Миний унасан газар, угаасан ус минь гэвэл Завхан нутаг. Уугуул гарал маань Хөвсгөл. Уул ус нь намайг түшиж явдаг болохоор хоёр сайхан нутагтаа би хайртай.
-Аз жаргал таны сэтгэлд ямраар төсөөлөгддөг вэ?
-Жаргалыг  би дэргэдээсээ мэдэрдэг. Хол гэж бодвол аз жаргал хол байдаг, ойр байна гэж бодвол ойр л байдаг зүйл. Эрүүл саруул, сэтгэл тайван амьдарч байгаа цагт  бүх зүйл аяндаа бүтнэ. Энэ чинь жаргал шүү дээ.  Өглөө босоод наранд цайны дээжээ өргөдөг. Наранд залбирч хүслээ шивнээд гарахад надад бүтэхгүй  ажил гэж байдаггүй. Гэр бүлийнхээ сайхан уур амьсгал, уран бүтээл, хүмүүсийн надад хайрлаж байгаа урмаас ажил, амьдралынхаа эрч хүчийг авдаг.

Г.Батцэцэг /Mongolnews.mn/


URL:

Сэтгэгдэл бичих