“ТУУЛ РИВЕР КОНТРИСАЙД”-ЫН ГОЛЬФИЙН ТАЛБАЙД ХИМИЙН ХОРТ БОДИС АШИГЛАДАГ УУ

БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Туул ривер контрисайд” компани нийслэлийн оршин суугчдыг цэвэр усаар тэтгэдэг Туул голын орчимд 20 гаруй нэр төрлийн химийн бодис ашиглаж гольфийн талбай байгуулж буй талаар Байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон өчигдөр мэдэгдлээ.

Тэдний хэлснээр гольфийн талбайн мөнх ногоон зүлгийг өвөл, зунгүй ургуулахын тулд химийн хорт бодис, янз бүрийн бордоо ашигладаг юм байна. Хөрс хуулсны дараа хөгц мөөгөнцөр үүсэхээс сэргийлэхийн тулд 20, шарилж, зэрлэг ургамал ургуулахгүйн тулд 22, шавьж устгахын тулд найман нэр төрлийн химийн бодис ашигладаг аж. Тиймээс Сонгинохайрханы өвөр дэх Туул гол орчмын 119 га газар өнөөдөр химийн бодист хордон, зүлэг усалсан хортой ус нь хөрсөнд нэвчин усыг хордуулж эхэлсэн бололтой. Уг нь Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар тус компанид 60 га газрын зөвшөөрөл олгожээ.

Гэтэл 2012 оны аравдугаар сард хийсэн хэмжилтээр үүнийгээ 59 га-гаар нэмж, 119 газрыг хууль бусаар хашиж, энэ хэмжээний газрын байгаль орчныг сүйтгэж буй аж. “Туул ривер контрисайд” гэх энэ компани өмнө нь нутгийн иргэдийн эсэргүүцлээр Гачууртын Халиурын тохио гэх газраас хөөгдөж байсан. Гэтэл ийнхүү Туул голын эрэг дагуу нүүж, Сонгинын амралт орчимд хууль бус гольфийн талбай байгуулан байгаль орчныг нь бохирдуулж буй нь Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, эдүгээгийн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир болон Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нартай холбоотой хэмээн мэдэгдэв.

Туул голын эрэг дагуу ийнхүү хууль зөрчин зөвшөөрөл өгөөд байгаа нь гольфийн талбайн зүлэг доороосоо байнга чийг авч байх шаард лагатай байдагтай холбоотой аж. Тиймээс солонгос ноёд үйл ажиллагааныхаа зардлыг багасгах, ажлаа хялбарчлахын тулд Туул голын эрэг дагуу газар авахын тулд албан тушаалтнуудыг авлигадсан хэмээн тэд үзэв. Учир нь голын эргээс 200 метр дотор үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалт бий. Гэтэл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй энэ компани үйл ажиллагааныхаа чиглэлийг дур мэдэн өөрчилж, Туул голын эрэгт тултал хөрс шороог нь ухаж төнхөн, улиас бургасыг нь газартай тэгшилж, химийн бордоо хэрэглэж, байгаль орчинд ноцтой хохирол учруулах хүртлээ Монгол Улсын хуулийг үл ойшоон гурван жилийн турш дураараа дургиж байна.

Мөн тус компанийнхан 2008-2009 онд гурван сая ам.долларын хөрөнгө оруулсан хэмээн ярьдаг аж. Үүний зарцуулалтын тайлан өнөөд рийг хүртэл тодорхойгүй бөгөөд нэг сая ам.долларыг Э.Мөнх-Очирт өгсөн гэх мэдээлэл гарсан гэнэ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2007 оны тавдугаар сарын 9-ний 130 тоот захирамжаар дөрвөн га байх ёстой газрыг 50 га болгон нэмж олгосон байдаг аж. Ингэхдээ нэг ам метр талбайн газрын татварыг 44 төгрөг буюу жилд 22 сая төгрөг төлөхөөр гэрээ байгуулснаас “Туул ривер контрисайт” компанийнхан Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн “Төв” болон “Дээд” эх үүсвэрийн газар доорх усны нөөц гэж үнэлсэн талбайн 13 га газрын хөрсийг 30- 40 см зузаан хуулж 750 сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Гэвч үүнийгээ одоо хүртэл барагдуулаагүй төдийгүй нөхөн сэргээлт ч хийлгүй хаяж явжээ. Тиймээс Туул голын сав дагуу нүүдэллэн байгаль орчныг сүйт гэж, хүн малын ундны усыг хордуулж буй “Туул ривер контрисайд” компанийн гольфийн талбайн үйл ажиллагааг зогсоох, экологид учирсан хохирлыг төлүүлэх, энэ компанийг хамгаалж хаацайлж, гар хөл нь болдог албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо шаардлаа.

Д.ЭРДЭНЭ /Mongolnews.mn/


URL:

Сэтгэгдэл бичих