Шашин бол лам хуврагуудын авч явдаг ёс биш
Монголчууд бид Илжиг хэмээх гахай жилтэйгээ золголоо. Цагаан сарын ёс заншил, заслын ёсны талаар Урлагийн гавъяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбаттай ярилцлаа.
-Туулай жил морилон ирлээ. Бид энэ жилээ яаж угтвал зохистой вэ?
-Бид ирж буй жил болгоныг ямар хэмжээнд, юу гэж ойлгож, юу хүлээж авч байх вэ гэсэн ерөнхий нэг ухагдахуун байх ёстой. Юм болгон хугацаатай, хэмжээтэй, хэмнэлтэй. “Огторгуйд зорчиж байгаа од, гаригийн хөдөлгөөн орчлонгийн амьтанд сайн, муугаар нөлөөлдөг. Огоорч авахын мэдүүлэхийн тухайд оддын зурхайг би зурвай” гэж ламын гэгээн, их зурхайч Лувсанданзанжанцан хэлсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид өөрөө өөрсдийнхөө од гаригийн хөдөлгөөн, хэмнэлтэй өөрсдөө барилдаж амьсгалах амь, хөдлөх үйл, хоног болгон нэгэн хэмнэлтэй шүтэн барилддаг. Энэ хэмнэлийн дагуу бүхэл бүтэн үечлэлийг дуусгаж, нэг нас нэмүүлж дараагийн үечлэлд оруулдаг. Хүнд сануулж, сэтгүүлж, амьдралыг нь учир утгатай байлгах хамгийн гол хэмжүүрийг зурхайгаар бий болгосон байна л даа. Тэгэхээр бидний 360 хоногийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, амьдралд гарч буй өөрчлөлтөө дүгнэж цэгнэж, алдсан алдаагаа засах, дутуугаа нөхөх, шинээр сэтгэх, дахин эрч хүч авах энэ их том боломжийг шинэ жил сануулж, ойлгуулж бид үүндээ бэлтгэж байна шүү дээ. Үүнтэй хамт бидний хэмнэл, нас, ухаан нэмэгдэж байдаг. Манайхан тухайн жил нь л сайхан жил гарчих юм бол бид сайхан байх нь ээ гэж бодоод байгаа юм. Жил болгон л хэмнэл нь өөр. Гантай, гангүй, төл, төмс арвин, тааруу гээд бүх юм жилийн үечлэлээр байна. Хамгийн гол нь төрсөн өдөр, төөрөг заяа нь адилгүй учраас хүн болгонд өөр жил гардаг гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Түүнийг нь зурхайн дээр зурдаг. Үүнээс хамаараад хүн болгонд тухайн жил ямар байх вэ гэдэг нь өөр өөр байдаг. Тэгэхээр бид зурхайн хуанли болгонд байдаг ерөнхий ноён нурууг харахаас гадна өөрсдийнхөө хувийн зурлагыг харах хэрэгтэй. Хүн төрсөн заяагаа сайхан байлгах уу гэдгээ өөрсдөө мэддэг. Зам мөрөө сайн мэдээд мөрдлөг болгож чадвал жил бүр л цээргүй байна.
-Хөгшид заавал зурхай гээд байлгүй шинийн 1-ний өглөө босоод л ирэх жил ямар байхыг шинждэг…?
-Бидний гярхайгийн нэг шинж л дээ. Шинийн 1-ний өдөр огторгуй тунгалаг бол төр төвшин, бүрхэг байвал гамшиг нүүрлэж, мал турж, ургамал ногоо гандах нигууртай. Салхи ихтэй байвал тариалан ганддаг. Их цас орвол тариа муу ургаж, мал сүрэг хорогддог ч хүнд амар амгалан байна. Униар татвал эхнэр, хүүхдэд халтай гэх мэтээр бүх зүйлийг шинжиж болдог. Шинийн 1-нд зулаа өргөдөг. Зулынхаа цэцэглэж байгааг хараад бас л шинждэг. Энэ бүхэн бол хоосон таамаг биш.
-Ихэнхдээ шинийн 1-15-ны хооронд жилийнхээ заслыг хийлгэдэг. Лам, хуваргууд ч тэгж зөвлөдөг. Чухам яагаад энэ өдрүүдийг чухалчилж үздэг юм бэ?
-Энэ их учиртай. 2500 жилийн өмнө бурхан багш номоо номлож байсан. Яг энэ үед буюу бар сарын шинийн 1-15-нд бурхан багштай холбоотой нэн чухал үйл явдал болсон байгаа юм. Юу вэ гэхээр бурхан багшийг ном номлож байхад нь тэрсүүдийн зургаан багш “Хүмүүс бурханыг хүндлээд байх юм. Бид ч гэсэн эрдэм чадалтай. Тиймээс эр чадлаа үзэлцэж хэн дийлснийхээ номд дагаар оръё. Дийлсэн хүнийг нь хаан хүндэтгэн ёсолж байг” гээд бурхан багшийг тэмцэлд дуудсан. Тэднийг саналыг ч бурхан багш хүлээн авсан. Ингээд хаврын тэргүүн бар сарын шинийн 1-нээс эхлээд 15 хоногийн туршид тэрсүүдийн багш нарыг номхотгосон юм. Тиймээс энэ өдөр үйлдсэн буян хэдэн зуун сая живаагаар арвиждаг. Өөрөөр хэлбэл, энэ өдөр нэг удаа уншсан ном сая сая арвижиж байгаа юм. Тухайн өдөр багтаад ёр, цээрээ гаргачихвал бүтэн жилээ даахаар ашигтай учраас ингэж шамддаг. Энэ бол амьтанд туслахын тухайд адисласан ёс л доо.
-Жилийн засал гээд л байдаг. Энэ маань үнэндээ юу вэ гэдгийг нэг их мэддэггүй. Засал гэж яг юу юм бэ?
-Бид төгс биш. Маргааш, нөгөөдөр юу болохоо ч мэдэхгүй зөн билэг муутай амьдарч байна шүү дээ. Ийм учраас өөрсдийн сул талаа олоод түүнийгээ аргалж, сайн сайхан байх арга замыг хэлж байгаа юм л даа.
-Үнэхээр аргалж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй санагддаг. Ном уншуулахаар нээрээ ч бие хөнгөрчихсөн юм шиг, эсвэл огт худлаа ч юм шиг санагдаад байдаг л даа?
-Бид орчлонд идэх хоол, наслах насны хэмжээтэй ирсэн. Үүнийгээ цагт нь эдлэх үү, наана нь дуусгах уу гэсэн асуулт гарч ирж байна аа даа.
-Эсвэл сунгах уу?
-Тэгэхээр энэ бүхнээ дуусгачихвал цагаасаа өмнө л явна гэсэн үг шүү дээ. Тиймээс амьдралын бүхий л хэмнэлийг зурлагаар тооцоолоод гарч буй жил тухайн хүнд ямар сайн, муу талтай байна вэ гэдгийг л гаргаж өгч байгаа юм. Хүний сүлд, час өдөр гээд долоо хоног болгон хэмнэлтэй байдаг, тийм үү. Огт юм бүтдэггүй өдөр хүртэл байдаг шүү дээ. Үгүйдээ л өглөө инээж байгаад орой нь уйлдаг. Ингэхээр нэг өдрийн хэмнэл хүртэл өөр. Тэгэхээр тус, эрдэм нь гарах гарахгүй нь хувь хүнээс их шалтгаалдаг. Нарны гэрэл гэхэд Батад сайн, Доржид муу гэрлээ тусгана гэдэггүй биз дээ. Харин буруу хойшоо харсан нүхэнд нар тусдаггүй. Тэр нарны буруу юу. Үгүй шүү дээ. Түүн шиг бидний сэтгэл буруудвал сайн юмны үүдийг хаачихдаг. Энэ үед 1000 бурхан байгаад ч тус болохгүй. Тусыг нь авах, авахгүй нь хувь хүмүүсийн итгэл, энэ тухай үнэн мэдлэг байна уу, байхгүй юу гэдгээс шалтгаална. Тиймээс хувийн зүгээс засал хийлгэхдээ учир утгыг нь мэдэж аваарай. Мухар сүсгээр битгий хийлгээрэй.
-Гэхдээ сангийн утаа үнэрлээд, өндөр уулын оройд хийморийн дарцаг хийсгэчихвэл хийморь сэргэдэг гэхээр нэг л толгойд буудаггүй. Магадгүй энэ нөгөө итгэл, үнэмшилтэй холбоотой байх л даа?
-Хүмүүс ингэж асуудаг. Хүний биед 10 төрлийн хий бий. Энэ хийнүүд бидний явах, ууж, идэх, уусан идсэнээ боловсруулах, үзэж харах гээд бүх зүйлийг зохицуулж, хөдөлгөж байдаг хүч юм. Энэ хийний хүчээр бид хоёр одоо яриад сууж байгаа шүү дээ. Сүнс гэдэг зүйл маань энэ хийг хөлөглөөд бүх биед түгээд сэрж мэдрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, биед сүнсийг тээдэг учраас хийг морь гэдэг. Тэгээд “хийморь” гэж хэлж байгаа нь тэр. Тэгэхээр энэ дотоод хийний чадал нь муудахаар сүнсний чадал муудах нь л дээ. Бид энэ хийний хүчээр харж байгаа юм чинь нүдэнд гүйж байгаа хийний хүч муудахаар хараа муудна. Тэрний хэрээр сэрэл мэдрэл дагаад муудна. Энэ дотоод хийг сайн болгохын тулд эм уугаад, бариа хийлгээд сайжирдаггүй. Яахаар сайжирдаг вэ гэхээр өндөр уулын оройд гарах, номын хүч, зөв сэтгэл, сайхан үнэртэн зэргээр дотоод хийний хүч чадлыг сайжруулдаг. Энэ бол гэдэс өвдөхөөр эм уудагтай адил нэг төрлийн эмчилгээ байна аа л гэсэн үг. Засал ийм л үр дүнтэй үйлчилдэг. Харин учир утгыг нь мэдэх хэрэгтэй. Тоть хүртэл хүнийг дуурайж ярьдаг ч хүн шиг сэтгэдэггүй биз. Мэдэхгүй байна аа гэдэг нь эрдэнэ байгаа боловч эд чадлыг нь гаргаж чадахгүй байгаатай адилхан л зүйл шүү дээ.
-Мэдье гэвч сүм хийдүүд огт мэдэхгүй түвд хэлээр номоо уншдаг. Аврана ч гээд байгаа юм уу, адлана ч гээд байгааг нь мэдэхгүй юм. Ер нь монгол хэлээрээ уншиж болдоггүй юм уу?
-Болохоор барах уу даа. Өмнө нь орчуулж уншиж байсан. Ганжуур, Данжуурыг гэхэд л Лигдэн хааны үед орчуулж дуусаад төрийн эрдэнэ болгож залсан байдаг. Ер нь бурханы шашин амьтны тусын тулд л юм бол тухайн улсын мэддэг хэл дээр байх ёстой. Тэгж байж ач тусаа өгнө.
-Хөөргийг шашны холбогдолтой зүйл гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед cap шинээр толгойтой бүхэн л хөөрөг бариад явдаг болчихож. Бүр бэл бэнчингээ ч хөөргөөр илтгэдэг болоод байгаа. Ер нь хөөрөг хэзээ үүссэн, ямар учир, утгатай зүйл вэ?
-Анх бий болсныг нь ярьвал их юм ярина л даа. Товчхондоо чүнжигноров, жүгсрэнжав гэсэн хоёр төрлийн эрдэнийн чулуугаар хөөргийг хийдэг байсан байгаа юм. Энэ чулууг биедээ хадгалж явбал хилэнц арилдаг. Тиймээс эртний хаадууд ариун газар ургадаг лянхуа цэцгийг хөөргөндөө хийгээд хоорондоо зөрүүлж үнэрлэдэг байсан байгаа юм. Тухайн үедээ энэ нь одооны энх тайвны гэрээнд гарын үсэг зурахтай адил батламж болдог байж. Гэтэл ариун газарт нь муу гарлын эмэгтэй хүн бие засч бузарласнаар энэ ёс халагдсан гэдэг. Ингээд хөөрөг эглийн буюу доошоо шилжиж сүүлд хөөргөнд тамхи хийдэг болж л дээ. Хэдийгээр ийм юм болсон ч амар мэндээ мэддэг, эвлэрч найрамддаг тэр сайхан утга чанар нь хэвээр хадгалагдсаар ирсэн. Таарамж муутай хоёр хүн байлаа гэхэд гурван удаа хөөрөг зөрүүлж тамхилаад ярихгүйгээр хоорондоо ойлголцдог гэдэг. Тэгэхээр хөөрөгний гарал нь өс тайлдаг, амар мэндийг мэдүүлдэг, аяг аашийг таниулдаг ийм зүйл юм. Толгойг нь шүрээр хийдэг нь адыг хавьтуулдаггүй эрдэмтэй. Гэх мэтчилэн хөөрөг, түүнийг хийдэг чулуу нарийн утга учиртай. Бидний өвөг дээдэс тэр бүхний таньж өөртөө хэрэгцээтэйгээр л хэрэглэдэг байсан. Тэрнээс биш хаа хамаагүй пластик, янз бүрийн төмөр хэрэглэдэг ёс байхгүй. Ёс гэдэг маань хүнд тус болох талаасаа л үүссэн бий болсноос биш хэлбэр төдий зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Ёс гэснээс айл болгон л ууц тавьдаг боллоо. Бас бэлэг сэлт гээд л бужигнаад байх юм. Энэ бидний уламжлалт ёс мөн үү?
-Хуучны ёсонд бол өндөр настай ач гучаа үзсэн өтгөс, буурлууд, овог аймгийн ахлах ноёд цагаан сараар ууц тавьдаг байсан. Үүнийг бид дагах хэрэгтэй юм л даа. Бэлэгний хувьд 80 наснаас дээш өтгөс, найман наснаас доош балчруудын гарыг цайлгадаг эртний ёс бий. Мөн шинээр гэр бүл болсон, төрсөн өдөр нь тохиож буй хүмүүсийнхээ л гарыг нь цайлгадаг байсан. Харин нийтийг хамарч байсан юм байхгүй. Ялангуяа бэлгийг өгөхдөө тухайн хүний нас, ажил, мэргэжил, амь зуулгатай нь холбогдуулж их учиртай өгдөг байсан байгаа юм. Одооных шиг дүр эсгэсэн, аргацаасан, хэнд ч хэрэггүй зүйлийг өгөхийг цээрлэдэг байж. Тиймээс манайхан хавтгайраад бүгд л бэлэг өгч, аваад байх хэрэггүй л болов уу.
-Гэхдээ шашны ёсоор бол буян үйлдэж бэлэг өгөөд байвал сайн юм биш үү. Нөгөө талаас шашны зарим үйл хэрэг, уламжлалт ёс заншил зарим үйлдэл амьдралд огт хэрэггүй, товчхондоо ашиггүй гэх гээд байна л даа?
-Бид ихэнхдээ хоосон хүчгүй номлол уншаад байна. Дээр хэлсэнчлэн бурханы шашин хүнд ашиг тусаа өгдөг байх учиртай. Хүн дэлгүүрээс үзэг авлаа гэхэд ашгийг нь гаргадаг биз дээ. Түүн шиг бурханы шашин үнэхээр амьд юм бол, амьтанд тустай юм бол түүнийгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Бидний хуучин шашин тийм амьд шашин байсан. Зүгээр лам хуваргуудын авч явдаг тусгай ёс биш. Эгэл хүн болгон ашиглаад амьдралаа аз жаргалтай, сэтгэлээ амар амгалан болгож болох учиртай юм. Эцэст нь нийт сүсэгтэн олондоо ирж буй туулай жилдээ юу хүссэн есөн хүсэл тань номчлон бүтэх болтугай гэж ерөөе.
Л.НАРАНТӨГС
URL: