Засаг дарга Б.Бадраагийн 500 саяын луйвар
Өмнөговь аймгийн орон нутгийн өмчид 51 хувь нь байдаг бага Таван толгойн ашиг шимийг энэ аймгийн засаг дарга, түүнийг тойрон хүрээлэгчид хэрхэн хуваан бялуурч суугаа талаар цуврал баримтат нийтлэлийг 24tsag.mn сайт хүргэж байгаа. “Ажнай” корпорацийн эзэн Б.Бат-Эрдэнийг аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөхөөс гадна “Таван толгой” ХК-ний ТУЗ-ын дарга болгож, бага Таван толгойн ордын нүүрсийг Хятад руу дураараа зөөх эрх олгосон засаг дарга Б.Бадраагийн хууль зөрчсөн үйлдлүүдийг нотолсон баримтаар долоо дахь нийтлэл үргэлжилж байна.
Өмнөговь аймаг бол орон нутгийн төсвөө өөрсдөө бүрдүүлдэг ганц аймаг. Жилд 50 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулдаг. Засаг дарга Б.Бадраагийн ивээл доор халдашгүй эрхтэй болсон Д.Бат-Эрдэнийн “Таван толгой транс”, аймгийн өмнөх засаг дарга С.Сумъяагийн “Говь барилга”, “Баян-Уул”, “Говийн хаан”, Хятадын хөрөнгө оруулалттай “Пүшинговь”, “Пүшинмон” зэрэг компаниуд нүүрсийг дэлхийн зах зээлээс хэд дахин хямд үнээр зарж байгаа ч дээрх хэмжээний мөнгийг улсын төсөвт оруулсаар байгаа юм. Харамсалтай нь энэ хувь хишгийг нутгийн энгийн иргэд хүртэж чадахгүй “бухын доодохыг харж үнэг турж үхэв” гэдэг шиг сайхан үлгэр сонссоор, амьдрал ахуй нь доройтсоор. Татварын ерөнхий газраас 2009 онд хийсэн шалгалтын дүгнэлтэнд түүний “Хаан” банк дахь 5585061266 тоот хувийн дансанд 2004-2009 оны хооронд 831,8 сая төгрөг орсон, мөн 2008.10.1-нд “Таван толгой транс” ХХК-аас 12 сая төгрөгийн зээл авсан баримт байдаг. Онцлох нь, тэрбээр 497.1 сая төгрөгийг татвараас нуун дарагдуулж, орлого олсон гэх ямар ч анхан шатны баримт бичиг бүрдүүлээгүй байсан тухай 24tsag.mn өмнөх нийтлэлдээ дурдаж байсан.
Засаг дарга Б.Бадрааг орон нутагт орж ирсэн мөнгийг хувьдаа завшдаг, хүссэн хүндээ тендер өгдөг гээд олон чих халууцуулсан мэдээлэл байдаг. Баримт, нотолгоогүй тул амнаас ам дамжин, цуу яриа шиг болж хувирсан нь ч бий. Түүнийг нийт 500 сая төгрөгөөр тендер зарлалгүй тансаг хэрэглээний цөөнгүй машин авсан гэж хэвлэлүүд дамжуулан бичдэг. Харин манай сайтад нэгэн эх сурвалж энэ 500 сая төгрөгийн асуудал бодитой гэдгийг харуулах баримтуудыг илгээсэн юм.
Б.Бадраа нь 2009-2010 онд нийт 10 захирамж гаргаж, орон нутгийн төсвийн хөрөнгөөс 500.415.000 /таван зуун сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгөөр 11 автомашин авахад зарцуулсан байна. Үүний ихэнхийг “аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд” гэж тодорхойлжээ.
Дээрх хүснэгтээс харахад хоёр жилийн дотор нийт 331 сая 120 мянган төгрөгийг зөвхөн Засаг даргын Тамгын газарт тансаг хэрэглээний машин авахад зарцуулсан байна. Хамгийн гол нь эдгээр машиныг худалдаж авахдаа ямар нэгэн тендер зарлаагүй байгааг Засгийн газраас томилсон мэргэжилтнүүд тогтоосон байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж нээлттэй тендер зарлаагүй ч Б.Бадраа өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй юм. Нэгэнтээ “Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхийн хажуугаар замаа сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлыг дангаараа хариуцаж байна. Аймгийн төсөв энэ бүхэнд төдийлөн хүрэлцэхгүй” гэж гомдоллож байсан Өмнөговийн засаг дарга байн байн унах машинаа сольж, сайжруулсаар байжээ. Энэ 500 сая төгрөг байг гэхэд зөвхөн Засаг даргын Тамгын газарт машин авахаар олгосон мөнгийг нутгийн иргэдэд зориулсан бол цөөнгүй айлын амьдрал дээшлэх байсан.
Өмнөговийн засаг дарга Б.Бадраагийн АТГ-ын гар хүрээгүй энэ тансаг машины “цуглуулга” бол наад захын баримт. Орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх нэрийдлээр ойрын хүмүүстээ онцгой эрх эдлүүлж, хэд хэдэн удаа дур мэдэн буцалтгүй тусламж олгосон тухайд дараагийн нийтлэлдээ онцлох болно.
Б.Баяр /24tsag.mn/
URL: