СОНГУУЛЬ УГТСАН УЛС ТӨР: СҮХБААТАР ДҮҮРЭГ
УИХ-ын сонгуулийн талбарт Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойрог “Ерөнхий сайдын” гэсэн хаяг зүүх болжээ. 2008 оны сонгуульд МАН-аас дэвшсэн С.Баяр, С.Батболд нараас улбаалан Сүхбаатар дүүрэг өөрийн гэсэн “овогтой” болсон хэрэг. Сонгуульд ялснаас хойш хоёр жилийн дараа энэ хоёр эрхмийн нэг нь нөгөөдөө МАН-ын даргын албыг өгснөөр 23 дугаар тойргоос Монгол Улсын гүйцэтгэх засаглалын нэгэн бүрэн эрхийг хуваалцсан хоёр Ерөнхий сайд “төрсөн” билээ.
Ерөнхий сайдын чансаатай ширүүн тойрогт нэр дэвшихээр горилогсдын тоо цөөхөн болов уу гэж төсөөлөгдөнө. Бодит байдал дээр харин тийм ч цөөнгүй бололтой. Хоёр мандатын төлөө өнөөхөндөө нам дотроо эчнээ өрсөлдөгсдийн нэрсийг сонсоход л яах аргагүй жир тойрог биш болох нь тодорхой болж байна. Улс төрийн намууд санаандгүй, тохиолдлын хүмүүсийг тийш илгээж үл болох аж.
МАН: Ч.ГАНХУЯГТ НЭГ, Ж.ЦОГЗОЛМААД ХОЁР “ШАВАР” БИЙ
МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг намынхаа жагсаалтад нэрээ бичүүлэхгүй гэсэн сураг нэлээд эртнээс сонсогдсон. Тэрбээр мажоритар 48-аар “үзэх” бололтой. С.Батболд УИХ-ын 2004 оны сонгуулиас Сүхбаатар дүүрэгтэй хувь заяагаа холбосон бөгөөд эндээ хоёр ч сонгуульд ялсан, Сүхбаатар дүүрэг бол түүний хувьд яах аргагүй “унаган” нутаг, Ерөнхий сайд болтол нь улс төрийн дэмжлэг үзүүлсэн өлзийтэй өлгий нь юм. МАН-ын хоёр мандатын нэгийг С.Батболд авах нөхцөлд үлдсэн нэг нь хэнд очно, түүнд нэлээд дэм тэй сонгууль болох магадлал өндөр. Тиймээс энэ мандатын тө лөө МАН-ынхан өөр зуураа өрсөлдөх хэрэгтэй.
Ерөнхий сайд асан С.Баяр энэ удаа Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихгүй бололтой. Түүнийг Сэлэнгэ аймагт өрсөлдөнө гэсэн сураг байна. Атрын III аяныг санаачлан хэрэгжүүлснээрээ С.Баяр тариалангийн бүс нутагт одтой “давхиж” мэдэх юм. Оройхон гараад ширүүхэн дайрч яваа “ХАС”-ын хэмээх Ч.Ганхуяг Ерөнхий сайдын тойрогт намынхаа даргатай дөрөө харшихаар сэтгэл шулууджээ. Түүний хувьд Сүхбаатар дүүрэг цоо шинэ талбар биш юм. Ч.Ганхуяг өмнөх сонгуульд энэ тойрогт бие даан өрсөлдөж байсан туршлагатай. Сонгуулиас хойш тэрбээр МАН-ын гишүүн болж, албан тушаалын шатнаас бат зуураад авав. Сангийн дэд сайдын суудалд улс төрийн томилгоогоор очоод байгаа банкир залуугийн цаашдын карьер УИХ-ын гишүүн болж чадах эсэхээс нь шууд хамаарах болоод байна. Сангийн дэд сайдад МАН-ын дотоодод нэг л том “шавар” бий. Энэ бол нийслэлийн Засаг даргын орлогч бүсгүй.
Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, мөнгө төгрөг идсэн таагүй хэрэгт унаснаар албаа хүлээлгэн өгсөн ч, хичээл зүтгэлийнхээ хүчээр Мээрийн дэргэд ирж, дахиад л удирдах албанд тохоогдож чадах хүн Ж.Цогзолмаагаас өөр хэн байх билээ. Энэ эмэгтэй УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаагүй. Энэ удаа түүнд горьдлого бий. Гэхдээ Ж.Цогзолмаад хоёр “шавар” байгаа. Эхнийх нь Ч.Ганхуяг. Эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвших боломжоо эдэлье гэж хатуухан тэмцвэл нам нь түүнд “Үгүй” гэж хатуурхах нь юу л бол. Гэвч “Даанч та санваартан” гэдэг шиг Ж.Цогзолмаа даанч МАН-ын нарийн бичгийн даргын албатай. Энэ бол түүнийг хаах хоёр дахь “шавар”. Хувийн амбийцаа хөөх, намын ажлаа бодох хоёрын тэхий дундаас хааш эргэхээ ойрын өдрүүдэд шийдэх биз ээ. Саналын хуудас дахь намын жагсаалтад МАН даргынхаа нэрийг заавал оруулахаар шийдвэл Ч.Ганхуяг, Ж.Цогзолмаа нар Сүхбаатар дүүргийн хоёр мандатын маргаангүй эздээр тодрох нь.
АН: Л.ГАНТӨМӨР “ХАНИА” ХАЙЖ БАЙНА
“Ерөнхий сайдын” нэрэмжит тойргийн бахтай өрсөлдөгч гэвэл АН-ын Л.Гантөмөрөөс өөр хэн гэж?. Тэрбээр биологийн насаараа залууд тооцогддог боловч, улс төрийн насаараа УИХын сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөх гэж байгаа МАН-ын лидер С.Батболдтой “үе чацуутан” ажээ. Одоогийн Ерөнхий сайдтай Сүхбаатар дүүрэгт ач тач үзэлцдэг Л.Гантөмөрийн өмнө зогсож, мандатыг нь булаацалдах шийртэй улстөрч одоогоор АН-д алга. Үлдэх нэг мандатаа АН хэндээ өгөх нь тун ч бүрхэг байна. Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, нийтлэлч Баабар гэсэн нэрс дуулдах боловч таамаг төдий мессеж болов уу. Л.Гантөмөр сонгуульд намаасаа ханьсах хүнгүй “гоонь” явна. Сүхбаатар дүүрэг зөвхөн АН-д ч бус, улс төрийн бусад хүчинд ч хатуухан сорилт болохоор байна. ИЗ-НН-аас Г.Ганхүү энэ дүүрэгт “даагаа” нэхэх сурагтай. “Царай муутуудын цахим холбоо” байгуулах зэргээр элдвийг сэдэж яв даг адтай залуугаас өөр 23 дугаар тойрогт өөриймсөх “нийслэл хүү”-гийн сураг ажиг гуравдагчдаас одоохондоо гараагүй л байна.
Б.ЭНХЦЭЦЭГ
URL: