Түүхий эдийн бизнесээр амьдралаа цогцлоосон гэр бүл
Энэ удаа “Танайд өнжье” булангаа түүхий эдийн “Эмээлт” захаас бэлтгэлээ. Арваад жилийн өмнө энэ газарт түүхий эдийн зах байгуулах шийдвэр гарч ийм төрлийн бизнес эрхлэгчид төвлөрч эхэлсэн байдаг. Баруун аймгийн зам дагуу байрласан зурвас суурин гэлтэй “Эмээлт” захын амьдрал 24 цагийн турш үргэлжилнэ. Хотын төвөөс 20 гаруй км зайтай учраас түүхий эд авах цэгийн эзэд гэртээ шөнөдөө ирж, үүрээр буцна. Энэ л газрын ажилтан мэт баасан гаригийн өглөө нар мандахтай зэрэгцэн тус суурин руу орлоо. “Эмээлт”ийн хөндийд ажил ид эхэлж байв. Замын хажуугаар барьсан жижиг шавар тагзнуудаас хаа нэг хүн гарч, орж үзэгдэнэ. Харин арай том агуулах хашаатай газарт олон хүн холхиж элдвийг эмхэлж цэгцлэн ажилласаар.
Ийн “Жавхлант дэлгэрхангай” нэртэй түүхий эд худалдан авах төвийн үүдэнд зогслоо. Дотроос 30 гаруй насны хоёр эрэгтэй гарч ирэн “Ноолуураа аваад ир ээ. Хэр юм байгаа юм” гэсээр угтлаа. Биднийг ноолуур тушаах гэж буй хүн гэж андуурсан бололтой. Тэгээд ч энд түр саатах хэн бүхэн ямар нэгэн наймаа хийх зорилго агуулдаг. Адаглаад л мал мах, ноос, ноолуурын үнэ сураглаж явдаг хойно.
Биднийг ийн угтсан хоёр хүн бол тус төвийн ажилчид. Харин “Жавхлант дэлгэрхангай” компанийн эзнийг Б.Бүрнээбаатар гэнэ. Тэрээр “Цайз” захад түүхий эдийн худалдаа, наймаа эрхэлж эхэлснээс өнөөдрийг хүртэл тасралтгүй 20 орчим жил энэ төрлийн ажил хийж байгаа. “Тэг” цэгээс гараагаа эхэлсэн гэх энэ эрхэм өдгөө мал, мах худалдан авахаас эхлээд төрөл бүрийн түүхий эдийн наймааг зогсоо зайгүй үсэргэнэ. Тэрээр ихэд нээлттэй нэгэн бөгөөд биднийг ажлын өрөөндөө дагуулан оров. Түүний эхнэрийг Т.Баяраа гэнэ. Элдвийг ярилцсаар ажлын өрөөнд нь орсон биднийг хэвлэлээс явааг мэдээд нөхөртөө хандан “Нэртэйгээр нь нэр дэвшчихээч өвгөөн. Тэгээд ярихаас цаашгүй хүмүүс шиг бодлогоо тодорхойлоод сууж байхгүй юу” гэж нөхрийнхөө цаанаас хэлж байгаа нь сонсдов.
Тус газарт очоод нэг цаг хэртэй болоход хэдэн ч хүн ирж буцав. Бүгд л ноолуур тушааж байлаа. Сүүлийн хэд хоног ноолуурын үнэ тогтворгүй байгаа учир ченжүүд их л завгүй байгаа бололтой. Авсан жаахан ноос, ноолуураа өдөртөө багтааж, үнэ нь буурахаас өмнө “шахаа”нд оруулна. Шахаа гэдэг нь ноос ноолуур тушаах газар. Ченжүүд л энэ үгийг хэрэглэдэг гэсэн. Цаад зарж байгаа хүндээ арай ахиу үнээр, хурдан өгчих санаатай элдвийн арга хэрэглэдэг учраас ийн ярих болсон юм билээ.
Түүхий эдээ тушаах иргэд ч ченжүүдийг их шахна. Тухайлахад 11.00 цагийн үед Төв аймгийн Заамар сумын шугамын автобус хашаанд орж ирсэн юм. Тэндээс тав зургаан хүн ноолуур өгөхөөр гарч ирцгээлээ. Нэг килограмм ноолуур 64 мянган төгрөгөөр авч байна гэхэд бүгд л халаасаа уудалж, гар утсаа гаргаад ирлээ. Тэд гэр рүүгээ залгаж “Ноолуурын үнэ буучихаж, өгөх үү яах вэ” гээд л хэсэг ярилцана. Тэгж тэгж 25 кгын гурилын шуудайнд хийсэн гурван хэсэг ноолуур оруулж ирлээ. Энэ хооронд олон яриа өрнөлөө. “Муусайн ченжүүдэд ноолуур өгөх гээд ирэхээр дандаа үнэ буулгаж авдаг. Саяхан л 70 хэдэн мянган төгрөгт хүрсэн байсан. Хэдийдээ буучихдаг юм. Наад “кило” чинь яг дарна биз. Жаран дөрөв таван зууд явуулчихъя л даа” гэх мэтээр загнаж нэг, гуйж нэг ярилцсаар наймаа хийгдэнэ. Бас болоогүй ноолуураа авахаас өмнө чанарыг нь шалгаж, хольцтой, хольцгүйг нь үзнэ. Энэ үед багахан хэмжээний мөргөлдөөн болох нь уу гэлтэй. Ноолуурыг задалж асгахад л мэдэгдэнэ. Хялгас, шороо ихтэй бол ялгаж, алдагдал бодно. Энэ гурван хүний ноолуураас бас л “юм” гарлаа. Хайчлаад хийчихсэн ямааны хялгас. Бүр атга атгаар нь шуудайныхаа энд тэнд нь хийчихэж. Тэгэхэд эзэд нь “Та нар мал мэдэх юм уу. Малаас гарч байгаа юмыг чинь бид яах юм” гэх мэтээр ширүүхэн үзсээр яалт ч үгүй хийсэн хялгасаа хасуулж бодоод мөнгөө авч байгаа юм. Энэ зуур автобуснаас хижээл насны халамцуу өвгөн гарч ирэв. Тэрээр “Та муусайн ченжүүд дандаа ингэж луйварддагаа болиоч. Хөдөөний биднийг шулж гүйцлээ” гэж үглэсээр ноолуур жинлэж байсан ажилтан залууг заамдаад авав. Энэ мэт үйлдэл байнга гардаг аж. Б.Бүрнээбаатар ч мөчөөгөө өгөхгүй. “Бид ноолуур авч байгаа болохоос хялгас аваагүй. Наад хялгасаа малын үс хөөвөр гэсэн хэсэгт нь тушаа. Тэгээд ч энийг чинь цааш нь өгдөг юм шүү” гэж инээж нэг, учирлаж нэг хэлсээр мөнгийг нь өгөөд салж байгаа юм.
Ер нь наймаа болгон нэг ийм маягаар хийгдэнэ. Б.Бүрнээбаатар ч 20 орчим жил энэ мэтээр хүнтэй харьцаж байгаа болохоор хүмүүсийн ая эвийг олохдоо гаргууд. “Муу адгийн ченж” гээд хашгирч байхад өөдөөс нь инээгээд л зогсож байх юм. Гэхдээ тэрээр “ченж” гэдэг нутагшуулсан үгэнд их дургүй аж. “Ченжүүд л юмны үнийг нэмж хасдаг, ченжүүд л иргэдээс хямд авч, цааш нь үнэтэй зардаг гэж ярьдаг. Яг үнэндээ 1990ээд оны ченжүүдийн тогтолцоо одоо байхгүй. Тухайн үед хэн нь ч байсан нөгөөхөө шулахын тулд үйлдэл бүртээ луйвар хийдэг байсан. Одоо юм хөгжөөд тийм зүйлгүй болжээ. Жаахан л заль хэрэглэхийг андахгүй болсон үе дээ. Зах зээлийн харилцаа, худалдагч, худалдан авагч хоёрын гүүр нь муу нэрт ченж юм. Тэгэхээр бидэнд бурууг өгөөд байж болохгүй. Одоо ченжүүд хэнийг ч хулхидахаа больсон учраас тэр ойлголтоо авч хаях хэрэгтэй. Бид үйлчилгээний хөлсөө аваад иргэдийн түүхий эдийг борлуулж өгдөг гүүр нь” гэж тайлбарлах Б.Бүрнээбаатар энэ бодолдоо тууштай нэгэн.
Эхнэрийн хамт энэ ажлыг эрхэлдэг болохоор түүхий эдийн төвөө ихээхэн тохижуулаад авчээ. Том хашааны баруун хэсэгт сендвичээр томоо хөргөгч, зоорь барьж дотор нь гурван тонн мах нөөцөлсөн байна. Уг нь тэр зооринд 400 орчим тонн мах багтдаг гэсэн. Улсаас баталгаатай мах авна гэсэн гэрээ энэ тэр хийдэг бол намартаа төдий хэмжээний мах нөөцөлж болох тухай тэрээр мөн хуучилж байлаа. Хашааны хойд хэсэгт машины гарааштай төстэй ноос, ноолуур хадгалах агуулах барьж хашааны нүүрэн талд хоёр байшин босгожээ. Нэгийг нь цайны газар, нөгөөхийг нь дэлгүүр болгосон байх жишээтэй. Дэлгүүрийн эсрэг талд нь ажлын өрөө гаргаж тохижуулсан байв. Энэ бол ажлаа эрхэлж, хүмүүстэй уулзаж ярилцдаг газар нь. Яг л хотын төвийн шилэн цамхагуудад байрлах офиссын өрөө шиг тохижилттой юм. Хөдөөнийхэнтэй харьцдаг, түүхий эд авах газар гэхээрээ шороо тоостой байх ёсгүй гэж эхнэр нь үздэг гэсэн. Хашаа нь ч байнга хүмүүс холхиж байдаг газар гэхэд ихээхэн цэмцгэр. Их аж ахуйч хүн болох нь тэдний хашаа руу өнгийхөд л мэдэгдэнэ. Хотын төвд гэр орон, үр хүүхэд нь бий. Харин өөрсдөө Эмээлтэд ийн ажилладаг. Энэ гэр бүлийн хоёр жилийн ихэнх хугацаанд эндээ л байна. Ажлын ачаалал бага үед хотын төв рүү явна. Тэгэхдээ байнга шөнийн цагаар гэртээ ирээд, буцна. Нэг ёсондоо ажил нь 00 цаг өнгөрөөж тараад өглөө 5.00 цагаас эхэлж байна гэсэн үг. Амьдралын энэ хэмд тэд уусчээ. Ажралгүй ажлаа амжуулаад, ар гэрээ тордож, үр хүүхдээ өсгөөд товхийсэн амьдралыг цогцлоожээ. Тэдэнд ирэх ганцхан эрсдэл бий. Тэр нь төр засгийн гэнэтийн шийдвэр. Жишээ нь урагш нь мах гаргаж байна гэх сургаар баахан мах худалдаж аваад ачдаг. Энэ хооронд хил хаах юм уу, мах гаргахаа боливол тэд ёстой цөм шатна. Ийм шийдвэрийн нөлөөгөөр Б.Бүрнээбаатар өнгөрсөн жил ганхтал шатсан тухайгаа хэлж байлаа.
Ноос, ноолуурын наймаа өглөө 6.00 цагаас их үд хүртэл оргил үедээ хүрч үргэлжилдэг юм байна. Түүнээс цааш хааяа нэг хүн ирж багахан хэмжээтэй түүхий эд өгөөд явна. Сүүлийн үед голдуу л ноолуурын наймаа хийж байгаа гэсэн. Үдээс хойш хашаа байшингаа тордож, авсан түүхий эдээ эмхэлж ачих гэх мэтээр ажил мундахгүй их. Тиймдээ ч туслах ажилтнаар арав гаруй хүн авч цалинжуулж байгаа юм байна.
Тэдний ярьж буйгаар “Эмээлт”д түүхий эдийн захыг шилжүүлснээр Монголын ноос, ноолуур, арьс шир Хятадуудын гарт бүрэн шилжсэн гэнэ. 2000 оны эхээр Цайз захаас малын гаралтай түүхий эдийн худалдааг нүүлгэх шийдвэр гарч “Эмээлт”д ирэх үед хятадууд ямар ч хараа хяналтгүй ажиллаж эхэлсэн аж. Үнэ цохиж бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваад нутгийн ченжүүдийг шахаж эхэлжээ. Энэ хэцүү байдалд тогтож үлдсэн нь ч бий, бас унаж шатсан нь бий аж. Гэхдээ Хятадуудыг муулах газаргүй гэдгийг тэд бас хэлж байгаа юм. Учир нь Монголын малын гаралтай түүхий эдийг сүүлийн 20 жил хятадууд л эргэлтэд оруулж байгааг мартах учиргүй хэмээж байлаа. Тэгээд ч дотоодын үйлдвэрлэгчид хятадуудтай зэрэгцэж ноолуур аваад байж дөнгөхгүй. Авлаа ч тавдугаар сар гарч хялгас ихэсч, ноолуурын чанар муудсан хойно авдаг гэнэ. Ер нь дотоодын ноолуурын үйлдвэр, ченжийн хооронд ямар ч холбоо байдаггүй гэхэд болно гэсэн. Өнгөрсөн жил л гэхэд Засгийн газар 110 тэрбум төгрөгийн бонд гаргаж дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээр болсон. Харин тэр мөнгөөр нь ямар ч үйлдвэр нэг килограмм ч ноолуур аваагүй байна. Бонд гаргаж байгаа гэсэн мэдээг сонссон ченжүүд дотоодын үйлдвэртээ цуглуулсан ноолуураа тушаах гээд хэсэг хөөцөлдөж үзэхэд ажил нь талаар болжээ. Энэ мэт халамж, дэмжлэг, тусламжийн бодлогыг энэ гэр бүлийнхэн огт дэмждэггүй юм билээ. Сар бүр 21 мянган төгрөг тараахад манайхан хэрэг болгож дугаарлаж байгаад л авах юм. Гэтэл өнөөдөр өдрийн 20 мянган төгрөгөөр ажиллах хүн олдохгүй байна хэмээн гайхаж сууна. Б.Бүрнээбаатар гэх энэ хүн цэргээс халагдаж ирээд ТҮК, цагдаа гээд хэд хэдэн газар сайн муу ажил хийж үзсэн болохоор ч тэр үү ажилгүй байж, цалинг нь голдог хүмүүст ихээхэн таагүй хандана.
Гэхдээ “Эмээлт” зах руу очиж ажиллаж, амьдарна гэвэл дутагдах гачигдах зүйл бас ихээхэн байгаа бололтой. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хамаарагдах энэ газарт өнөөдрийг хүртэл хэрэглээний цахилгаан очоогүй аж. Тус газарт амьдардаг иргэд нь лаа барьж шөнийг өнгөрөөдөг ажээ. Харин томоохон төвүүд нь “Эмээлт” төмөр замын өртөөнөөс цахилгаан татаж ашиглаж байгаа гэнэ. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн хэсэг гэх мэтээр бүх зүйл л шаардагддаг аж. Б.Бүрнээбаатараас “Түүхий эд авдаг хүмүүс бэлэн мөнгөтэй харьцдаг. Дээрэм тонуул гээд айх аюул их л байна биз дээ” гэж асуухад “Яахав дээ эхэндээ айж эмээх зүйл их л байсан. Анх биднийг “Цайз” захаас энд нүүж ирэхэд энэ хавь чинь эзгүй тал л байлаа шүү дээ. Хаанаас хэн ирж түүхий эдээ өгөх юм бол доо гээд л харж суудаг байлаа. Мэдээж бэлэн мөнгөтэй харьцдаг учраас дээрэм тонуул их л гарна. Үндсэндээ өөрөө өөрсдийгөө л хамгаална шүү дээ” хэмээн хэлэв.
Энэ газарт ийм тийм асуудлыг шийдэлгүй явсаар өнөөг хүрсэн байх юм. Арван жилийн тэртээ ирж суурьшсан хүмүүсийн үр хүүхэд одоо сургуульд орох болж байна. Гэтэл эндээ сургуульгүй болохоор боловсрол эзэмшиж чадалгүй хоцорч байгаа юм. Хотод аваачиж хүүхдээ сургах нэгэн байхад тийм мөнгө төгрөггүй хэсэг ч бас байдаг гэдгийг төр засаг анхааралдаа авах хэрэгтэй болжээ гэж тэндхийнхэн ярьж байсан.
Нар ч баруунаа гудайж хүмүүсийн хөл хөдөлгөөн татрав. Өглөөнөөс хойш 30 гаруй хүнээс ноолуур авах шиг боллоо. Хамгийн сүүлд Төв аймгийн Лүн сумаас харилцагч ченж нь ирж овоо ихийг нийлүүлэв. Гэхдээ тэдний яриа нууц. Эс бөгөөс ийм хөрөнгө бэлнээр авч яваа хүмүүст аюул тулгарна. Тэднээс “Түүхий эдийн биржийн тухай хууль батлагдсан. Энэ ажил эхлэхээр та нар яах гэж байна” гэхэд “Бид нартай ирж уулзсан албаны хүн гэж үгүй. Би л өөрөө явж тэр зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй нь уулзсан. Бэлтгэл ажил нь хангагдаагүй” гэж байсан. Бараг бүтэхгүй юм шиг байна лээ” хэмээн ярив. Ер нь эдгээр хүмүүст төрөөс ямар шийдвэр гаргасан, хэрхэн хэрэгжүүлэх гэж буй мэдээлэл төдийлөн очдоггүй ажээ. Угийн зав муутай ажилладаг болохоор телевизийн мэдээ ч харж амждаггүй байна.
Гэр бүлийн хоёртой энэ мэт элдвийг хөөрөлдөж, хот хөдөөнөөс ирэх хүмүүстэй наймаа хийж суутал гаднаас дэрсхэн гурван охин орж ирлээ. Б.Бүрнээбаатар эхнэртэйгээ 1991 онд ханилжээ. Эднийх дөрвөн охинтой. Том охиныг нь Алтанцэцэг гэдэг бөгөөд Америкийн Сан Франциско хотод Олон улсын харилцааны чиглэлээр сурдаг аж. Жилийн төлбөр нь 23 мянган ам.доллар гэж байгаа. Эхнэр Т.Баяраа нь хэлэхдээ “Хэдий төлбөр мөнгө нь их ч гэсэн хэдэн охидоо хүний дор оруулахгүй мэргэжилтэй болгохын тулд л бид хоёр зүтгэж байна даа” хэмээв. Удаах охиныг нь Алтанзул гэдэг. Энэтхэгт сурч байгаад саяхан ирсэн бөгөөд одоо Америкт сурдаг эгч дээрээ очихоор бэлтгэж байгаа гэсэн. Бага хоёр охиныг нь Отгонзул, Бямбацэрэн гэдэг бөгөөд Плехановийн нэрэмжит сургуульд сурдаг аж. Бага охин Бямбацэрэн нь дуулж бүжиглэх авьяастай бөгөөд “Хэцүү анги”, “Орхидос” кинонд туслах дүр бүтээж байсан. Ер нь охид нь аав ээжийнхээ ажил дээр ирэх дургүй. “Манай аав ээж хоёр аймаар муухай газар ажилладаг юм” гэж бага охин нь найз нартаа ярьж байсан удаатай ажээ. Харин олон хоног гуйсны эцэст охид нь ийн эцэг эх дээрээ ирж салхилж яваа нь энэ.
Ийн нэг өдрийг “Эмээлт” түүхий эдийн зах дээр өнгөрөөлөө. “Цайз” түүхий эдийн зах дээр танилцаж ханилсан Б.Бүрнээбаатар, Т.Баяраа хоёр 20 жилийн хугацаанд ихийг бүтээжээ. “Хөгшин чинь чамаас нэг дэрээр илүү хогшилтой байсан шүү” гээд инээх Б.Бүрнээбаатарынхан хүн хөдөлмөрлөвөл амьдралаас юуг ч авч болдог гэдгийг харуулж явна. Цаашдын хүсэл мөрөөдөл нь “Дотоодын үйлдвэрлэгч болох” гэсэн. Энэ ажилд нь амжилт хүсье.
Л.МӨНХТӨР
А.БИЛГҮҮН
URL: