Н.Даваа: Социализм байгуулдаг онолоосоо салаад энэ хүмүүсээ тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй
-ИЙМ УИХ-ЫН ГИШҮҮД, ИЙМ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ БАЙХ ЮМ БОЛ МОНГОЛ БАЛАРНА-
Иргэний хөдөлгөөний намын дарга Н.Даваатай ярилцлаа.
-Таныг 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж байгаа гэж сонслоо?
-Нэр дэвшинэ. Энгийнээр хэлэхэд феодал, капиталист, социалист нийгэм гэж яриад байдаг шүү дээ. Тэгвэл ардчилал яллаа. Одоо бид иргэний нийгэм байгуулъя. Энэ иргэний нийгмийг байгуулж байж улс орон хөгжих юм байна гэж би бизнес хийж байхдаа ойлгосон. Харин бид хүсээд байсан иргэний нийгмээ байгуулж чадахгүй байгаа учраас улс орон доройтож, хоёр их гүрний дунд живээд байна. Энэ байдал удаан үргэлжилбэл маш аюултай, ирээдүйгүй болчихно. Тийм учраас улс төрийн сонголт хийсэн хэрэг. Зөвхөн би бизнес хийх бус энэ бүхнийг ойлгож байгаа тул иргэний нийгмийг байгуулъя. Улс төрийн шинэчлэлгүйгээр эдийн засаг шинэчлэгддэггүй юм байна гэдгийг өөрийнхөө амьдрал дээр үзлээ.
-Ингэхэд бид чинь ардчилсан иргэний нийгэмд амьдарч байгаа биз дээ?
-Ерөөсөө иргэний нийгмийг ялалтанд хүргэх ёстой.
Ялалтад хүргэхийн тулд тухайн үед Ж.Батзандан, О.Магнай нар зүтгэж байсан. МАН бол социалист нийгмийг байгуулж байсан нам. Тэд тэрийгээ л мэддэг, социалист нийгэмдээ бэлтгэгдсэн боловсон хүчинтэй. Түүнээс шинээр иргэний нийгмийг байгуулж чадахгүй. Бэлтгэгдсэн боловсон хүчин нь ч тэгж бэлтгэгдээгүй юм. “Ардчилал яллаа”, “Ардчилсан хувьсгал яллаа” гээд тэр сайхан нийгэм рүү орлоо гэсэн боловч тухайн үед тэр нийгмээ мэдэх хүн байгаагүй.
-Тэгээд ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгэм яасан юм бэ?
-Анх эхлээд гарангуутаа юу хийх гэж буйгаа мэдэхгүй учраас ялагдсан. Ардчилсан хувьсгал ялсан ч цаагуураа нийгэм байгуулах явц маань социалист нийгэм байгуулагчдын гарт орчихсон. Тэд социалист нийгмээрээ л явна шүү дээ. Тэгээд Үндсэн хуулиас авахуулаад алдаа гарсан. Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна гэсэн лоозон болсон зорилтоо тавьчихаад 1960-аад оны Үндсэн хуулиа 1992 онд бараг тэр чигээр нь хуулчихсан. Үндсэн хуулиар л бүх зүйл явна шүү дээ. Ингээд бүх юм уруудаад эхэлчихсэн. Алдаа гарчихсан байна. Энэ бүхнийг засах ёстой гэсэн зүйл л ярьж байгаа юм. Түүнээс би нэг их мундаг хүн төр засгийг төвхнүүлэх гээд байгаа юм биш. Ядаж АНУ-ын Үндсэн хуулийг хуулбарлачихгүй дээ гэсэн бодол төрж байсан. Бид өөрчлөгдөх ёстой. Бидний хөгжлийн бодлого, зорилго буруу байна. “Уул уурхайн орон болно” гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь “Мал аж ахуйн орон болно” гэх мэтээр магтан дуулж байна. Гэтэл том том гүрэн бий болгож байсан бидний өвөг дээдэс юу хийж байсан юм бэ. Тэндээс л бид эхлэх хэрэгтэй болчихоод байна. Би багаасаа нүүдэлчдийн хаадын угсааг судалсан. Тэндээс л гол тайлбар гарч байгаа байхгүй юу. Тэгээд монголчууд цаанаасаа өгөгдсөн ген нь юу хийж чадах юм. Тэрийгээ л хийх ёстой.
-Тэгээд монголчууд юу хийж чадна гэж?
-Явж явж монголчууд дамжуулагч, тээвэрлэгч үндэстэн. Тэрийгээ л хийж чаддаг байх ёстой. Ингэж чаддаг байсан учраас монголчуудын өвөг дээдэс гурван том эзэнт гүрэн байгуулсан түүхтэй. Одоо цаг алдалгүй дамжуулагч, тээвэрлэгч орон болох ёстой. Ингэхийн тулд өнөө л улс төрийн шинэчлэлтийг хийх шаардлагатай байгаа юм. Социализм байгуулдаг онолоосоо салаад энэ хүмүүсээ тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Өнгөрсөн сонгууль тойрсон үйл явдал бидэнд маш их сургамж өглөө шүү дээ. Долдугаар сарын 1-ий үймээн гээд.
-Та энэ жил УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж байна. 2008 оны УИХ-ын сонгууль шиг луйвар булхайтай хууль бус сонгууль болчихвол яах вэ?
-2008 онд би Иргэний хөдөлгөөний намаасаа Хан-Уулын 21 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Зөвхөн нисэхийн хэсэгт гэхэд 65 хувийн ялалт байгуулсан. Тэгэхэд л бага байна гэж үзэж байсан. Хүмүүс одоо өөр сонгууль хүсдэг болчихож. Тухайн үед миний сонгуулиар ажиллаж байсан залуу голд осолдож нас барсан. Манай намын улс төрийн зөвлөлийн хоёр гишүүн үймээний үеэр нүдээ буудуулан нүдгүй болчихсон. Өнгөрсөн сонгуулиар манай нам шиг их хохирол хүлээсэн нам байхгүй. Дээрээс нь дээрэмдүүлээд шоронд хийлгүүллээ. Энэ үймээн чинь улс төрийн намуудын зөрчил байсан шүү дээ. Яг ингээд харахаар Иргэний хөдөлгөөний нам л хохирчихоод байна. Иргэний хөдөлгөөний намын нэрийг сонсохыг хүсдэггүй хүн, тараахыг хүссэн хүн багагүй бий. Хан-Уул дүүргийн 21 дүгээр тойрогт их зүйл болсон шүү дээ. Тухайлбал нэг намаас нэр дэвшсэн Д.Идэвхтэн, Д.Загджав хоёрт эрүүгийн хэрэг үүсгэж байсныг санаж байгаа байх. Гэтэл намынх нь дарга С.Баяр хоёуланг нь суулгаж байгаад “Хэрэв та хоёр сонгогчдын саналаас болж шүүхийн байгууллагаар явахдаа хүрвэл манай нам сонгуульд луйвар хийсэн нь батлагдчихна. Боль” гээд эрүүгийн гэмт хэргийг нь хаацайлж, учир зүйг нь олсон байдаг. Энэ мэтчилэн миний нэр дэвшсэн тойрогт хамаг л муу муухай бүхэн болсон. Банк гээд л яриад байна. Энэ бол Зөвхөн “Анод” банкны ч асуудал биш. Энэ хэрэгт улстөрчид оролцсон. Улс төр, бизнесийн тодорхой хүрээнийхэн оролцсон учраас “Анод” дампуурах шалтгаан болсон.
-Ингэхэд “Анод” банкны хэрэг юу болж байгаа вэ. Шийдэгдэхгүй их удаж байна?
-Энэ банкны асуудлыг яаж шийдэхээс энэ улс орны чөлөөт зах зээл цаашид яах вэ. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр оролцоод байх юм уу, үгүй юу. Энэ хэрэг удах хамаагүй ээ. Нэгэнт л шалгаад эхэлсэн юм бол сайн шалгах хэрэгтэй. Ирэх долоо хоногоос би мөрдөн байцаагч нарт дахин хүсэлт гаргаж шалгуулах зүйл бас бий. Шүүх гэм буруутай юу, үгүй юу гэдгийг тогтооно. Би өөрийгөө бодсон бол хурдхан шалгуулаад сонгуульдаа өрсөлдөж болно. Хамгийн гол нь гэмгүй хүмүүс энд хэлмэгдчих гээд байгаа учраас шалгах ёстой гэж бодож байгаа.
-Тэр гэмгүй хүмүүс нь хэн юм бэ?
-Багаасаа нөхөрлөсөн хамтрагч Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нар бий. Тухайн салбартаа тэргүүний сурагч, оюутан ажилтан, эдийн засагч, судлаач гээд манлайлагч явсан. Ийм хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж үзвэл ойлгомжгүй болно шүү дээ. Энэ хэрэг 150 хавтаст хэрэг болж байна. Музейд очих байх л даа. Ийм хэргийг сайн шалгуулж үнэн зөвийг нь тогтоолгох хэрэгтэй. Банкны үндсэн хөрөнгийн үнэлгээг нь ч дахин аудитын байгууллага оруулж шалгуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бага, ихээр үнэлчихсэн хөрөнгө ч байгаа шүү дээ, тэр дотор. Үүнийг прокурор, мөрдөн байцаагч нар хийх үүрэгтэй. “Анод” банкны хэрэг зүгээр нэг хэрэг биш нийгэмд нэг жишиг болчих гээд байна. Тийм учраас ул суурьтай шалгуулах учиртай юм. Буруу шийдвэл хүний хувийн өмчид дураараа халддаг, хүний эрхэнд халддаг бүх хууль бус зүйл үлдэж мэднэ. Цаашдаа хүний хувийн өмчид дураараа халддаг зүйлийг цэглэх гээд л үзээд байна шүү дээ, бид. Ийм жишиг цаашид байх ёсгүй.
-Та түрүүн монголчууд дамжуулалт, тээвэрлэлт хийх хэрэгтэй гэж хэллээ шүү дээ. Энэ чинь юу гэсэн үг юм бэ. Тодорхой тайлбарлаач?
-Хятад, Орос гэж агуу том эдийн засагтай хоёр орон манай улстай хил залгаа байна. Би нэг жишээ хэлье. 2011 онд Оросын Роснефть компани руу газрын тосны хоолойг Монголоор нэвтрүүлэх боломж байна уу гэсэн хүсэлт тавьж байгаа юм, манайхан. Орос, Хятад хоёр улс гуравдагч орноор хийн хоолойг дамжуулахгүй гэсэн гэрээтэй гэж хариу ирж байгаа юм. Тэгэхээр бид бүс нутгийн интеграцлалд оролцох хэрэгтэй. Өнөөг болтол бид оролцоогүй явж байна. Эндээс л эхлэх ёстой. Шанхайн хамтын нийгэмлэгт яагаад элсэхгүй байгаа юм бэ. Тэр нийгэмлэг ч ажиглагч гишүүн гээд яваад байдаг. Тэр нийгэмлэг монголчуудыг гуйсан шүү дээ. Энэ нийгэмлэгийн хоёр том гишүүн орны дунд бид байж байна. Тэр хоолойнуудыг бид өөрсдөө тавих ёстой. Оросоос Хятад руу орох тэр хоолойнуудыг тавих ёстой. Англи улс ийм хоолой тавьснаараа асар их ашиг олж байна. Бид өөрсдөө газар нутаг дээгүүрээ тавья л даа. Өндөр хүчдэлийн шон, газрын тос, хий дамжуулах хоолой, авто, төмөр зам агаарын зам бүгдийг нь тавих хэрэгтэй. Бидний өвөг дээдэс эднийг л гайхамшигтай хийж байсан. Тэр торгоны зам, өртөө улаан гээд л. Хүннүгээс авахуулаад ийм зам хийж хүчирхэг болж байсан. Бид тариачин, нүүдлийн мал аж ахуйтан биш ерөөсөө л дамжуулагч байсан байна. Ингэж чадвал хоёр жилийн дотор л эрчим хүчний үнийг нам буулгаж чадна. Хэрэв дээрх зам гарцуудыг тавьчихвал энэ хоёр улс чинь хатуу гэрээ хийдэг байхгүй юу. Дайны аюул болсон ч үүнийг зогсоодоггүй юм. Дээр нь үндэсний аюулгүй байдлын хамгийн том баталгаа болж өгнө. Аюул учирвал энэ хоёр улсад хоёуланд нь аюултай. Ингэснээрээ Монгол Улсын эдийн засаг маш хүчтэй болно. Хойч үеийнхний амьдрал ч баталгаатай болно. Ингэж чадвал Монгол Улс хөгжинө. Магадгүй энэ хоёр гүрэн ирээдүйд Монголоос хамааралтай болж болох юм.
-Сонгуульд танай нам ямар мөрийн хөтөлбөртэйгөөр оролцох юм бэ?
-Иргэний нийгэм байгуулна. Нутгийн өөрөө удирдах ёсыг бий болгоно. Түүнээс Монгол Улсыг өөрчилж чадахгүй гэдгээ энэ хоёр нам 22 жил харууллаа. Тэд чадахгүй юм байна. Ажил олгогч намууд руу мөнгө бариад гүйх биш залуучууд ирээдүй хойчоо харж асуудалд хандах цаг нь ирсэн. Түүнээс тухайн цаг үедээ тоглолт хийдэг ийм УИХ-ын гишүүд, ийм Засгийн газартай байх юм бол Монгол баларна. Тухайлбал “Анод” банкинд олон уул уурхайн лиценз барьцаанд байсан шүү дээ. Монголын хамаг баялаг тэнд байсан. Улстөрчид яав, тэд эздийг нь шоронд хийгээд тэр уул уурхайн лицензийг авчихсан. Энд хэн хохирох вэ, иргэд л хохирч байгаа юм.
100 мянган айлын орон сууц гээд нэг зүйл гараад ирчихлээ. Үүнийг би маш их тэнэгтэж байна л гэж хэлнэ. Би өөрөө банкинд ажиллаж байсан хүн. Монголын эдийн засгийг хөнөөж буй нэг зүйл бол банкны хүү. Янз бүрийн аргаар мөнгө олсон хүн эргээд банкинд өндөр хүүгээр өгдөг. Тэр байршуулсан мөнгийг нь банк өөрийнхөө хүүг нэмээд иргэдэд зээлүүлдэг. Зүгээр л мөнгө хүүлээд баяжиж байна. Эндээс хэн хожиж байна. Янз бүрийн аргаар мөнгө олсон хүн л баяждаг. Орон сууцан дээр гэхэд 6 хувийн хүүтэй 100 сая төгрөг олгож өгч байна. 6 сая төгрөгийг жилд өгнө. 600 мянган төгрөгийг сар бүр иргэд төлнө. Хүн хэдэн төгрөгний цалинтай байх вэ. Энэ бол зүгээр хувь хүнийг алж байгаа зүйл. Цэвэрхэн аргаар эдийн засгийн аллага явагдана гэж энэ. Тэгж тэгж байж нөгөө хүн аргаа бараад байраа алддаг. Тэр хүний хүч хөдөлмөр цусыг сороод хаяж байгаа юм. Казахстан шиг төр нь яагаад байр өгч болдоггүй юм бэ. Орон сууц гэдэг нь тэр шүү дээ. Манай улс утааны гамшиг болчихоод байна. Эрүүл мэнд бүх зүйлээрээ хохирч байна. Төр шууд л туслах ёстой шүү дээ. Гэр хорооллынхонд байрыг нь олгоод тэр утааг зогстол арга хэмжээ авах ёстой шүү дээ. Төр тэгж чадахгүй байна. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Тэр хүнийг мөнгө төлөөд байрандаа ор. Төлж чадахгүй бол утаандаа хордоод байж бай гэж байна шүү дээ. Энэ чинь өөрөө утгагүй асуудал. Хоёр жилийн дотор утаагүй болгох боломж байсан. Энэ талаараа хотын даргатай уулзах гээд гурван жил үзээд дийлсэнгүй ямар вэ. Уулзалтын цаг байхгүй гээд буцаагаад байдаг.
-Энэ жилийн сонгууль 2008 оныхоос өөр болж чадах болов уу?
-Одоо 2008 оны юм битгий хэл 2011 он 2012 он хоёр өөр байна. Юм өөрчлөгдөж байна. Хэрэв сонгууль луйвартай болбол гэж бодох боломжгүй болчихлоо. Хэрэв МАН гараад ирвэл яах вэ. Тэрийг ард түмэн хүсэхгүй. Тэрийг шударга сонгууль гэж хүлээн зөвшөөрөхгүй. Үймээний хэрэгт холбогдсон нэг хурандаа ингэж хэлж байгаа юм. “Бид ард түмнийхээ талд байх ёстой” гэдгээ ойлголоо гэж телевизээр ярьж байсан юм. Сэтгүүлч “Дахиад Долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал болбол яах вэ” гэхэд “Бид иргэдийнхээ талд байна” гэж хэлж байсан. Тэгэхээр тэр үеийн цагдаагийн сэтгэл зүй хэр өөрчлөгдсөн байна. Газар нутаг газар шороо ямар үнэтэй вэ гэдгийг иргэд мэдэж эхэлсэн. Миний бодлоор сонгууль шударга тайван л болох ёстой. Мөнгөтэй хүнийг иргэд жигшиж байна.
-Танай нам хэдэн тойрогт өрсөлдөх вэ?
-Бүх тойрогт үзнэ гэж бодож байгаа.
Г.ЯЛГУУН
URL: