Р.Фрийдландын гараар орсон Монголын баялагт “Дорнын луу” барьцаа лавшрууллаа

БНХАУ-ын Төрийн өмчит хөнгөн цагааны корпораци гэгдэн дэлхийн уул уурхайн салбарт анх хөл тавьж асан “Чайналко” компани    монголын Тавантолгойн нүүрсийг өөрсдийн үзэмжээр үнэ зааж авах бүрэн эрхтэй түнш болсныг бид бэлхнээ мэднэ. Тэгвэл “Дорнын луу” хэмээх эрхэмсэг тодотголтой, түүгээр зогсохгүй манай Оюутолгой руу хүрхэрч ирсэн “Чайналко” жинхэнэ утгаараа барьцаа лавшруулж монголын нүүрсний компаниудыг шахаад зогсохгүй, Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж болзошгүй эрх мэдлийг гартаа атгаад байна.

Тодруулбал, Өмнөговь аймагт ашиглалтын 303 км2 газар хамарсан Овооттолгой, Сүмбэр-Билүүт ордуудын лицензийг эзэмшигч, найман сумын нутагт хайгуул хийж байгаа гэдгээр нь бидний мэдэх Саусгоби Сэндс компанийн толгой компани гэж болох “Southgobi Energy Resources” компанийн 60 хувийг 891 сая ам.доллараар “Чайналко” компанийн охин компани Чалко худалдаж авахаар гэрээ байгуулжээ.

“Southgobi Energy Resources” компанийн нэгж хувьцааг нь 8.48 канад доллараар бодож авч байгаа Чайналко компани монголын өмнийн говь дахь нүүрсний хэд хэдэн ордуудын төслийг удирдах эрхтэй болж байна. Гэрээ ёсоор Чайналко компани өөрийн мэдэлд орсон орд газруудын нүүрсээ өөрийн нутаг руугаа зөөх автозамыг барих төсөл дээр “Southgobi Energy Re-sources”-тэй хамтрахаар тохиролцсон гэж байгаа нь Саусгоби сэндс шиг Овооттолгой ордоос дөнгөж 4,7- 5,0 сая тонн нүүрс гаргачихаад, азнаад суугаад байхгүй гэдгийг нь илтгэж байна.

Канадын компанийн талаас энэхүү наймааг хийсэн хүн нь хэдхэн хоногийн өмнө “Mines and Money Hong Kong 2012″ уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын    чуулга уулзалтын хүрээнд “Оны шилдэг хүн”-ээр тодорсон “Айвенхоу Майнз”-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх    захирал Роберт Фрийдланд юм. Фрийдландын “Айвенхоу Майнз” компани “Southgobi Energy Resources” компани дахь өөрийн эзэмшлийн 57.6 хувиа бүгдийг нь Чайналко компанид зарж байна.

Тэгсэнээр “Southgobi Energy Resources” компанийг Хятадуудын мэдэлд бүрэн орлоо гэж үзэж болно. Фрийдландын “Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2007 оны зургадугаар сард олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор “Southgobi Energy Resources” компанийг байгуулсан бөгөөд үүнээс хоёр сарын дараа нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани болох “Саусгоби Сэндс” ХХК-ийг Монгол Улсад байгуулж, Айвенхоу Майнзын нэр дээр байсан хайгуулын 45 ширхэг лицензээ тус компанид шилжүүлсэн байдаг.

Улмаар, “Southgobi Energy Resources” компани “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто, Хонконгийн биржүүд дээр хувьцаа гарган мөнгө босгож ирсэн юм. Харин Саусгоби сэндс ХХК нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийн гэж байгаад 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн гэж өөрсдөө хэлдэг.

Бодит байдал дээр энэ нь зээл биш. “Southgobi Energy Resources” компанийн хувьцааны 29,9 хувийг “China Investment Corporation” компани худалдаж авсанаа баталгаажуулан, тус компанийн ТУЗ-д нь нэг хятад нөхөр орж ирээд суусан байдаг. Харин одоо бол “Southgobi Energy Resources”-ийн бүх удирдлагууд хятадууд байх нь тодорхой болж байна. Эхний ээлжинд 9 хүнийг өөрчлөхөөр болоод байгаа юм байна. Тэгэхээр тодруулан хэлэхэд, биднийг хоёр толгойтойгоо зууралдан улстөржиж байх зуур өөр бусад үнэ цэнтэй баялгаар нь гадныхан хэрхэн дургиж буйг Саусгоби Сэндс ХХК-ийн жишээн дээр тулгуурлан өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн мэдээлж байсан.

Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бүх зүйл батлагдаж байна. Уурхайн ажилчдаа олон арваар нь хууль бусаар халж, сольж, сул зогсоож чамгүй асуудал үүсгэсэн канадудирдлагууд хятадуудтай удаа дараагийн уулзалтуудыг хийж ирсэний үр дүнд хятадуудын мэдлийнх боллоо. Ерөнхийдөө Хятадын төр засгийн бодлогын дагуу хоёр компани нь дараалан орж ирж өмнийн говьд ноёрхлоо тогтоож байна. Цагаан толгой ордыг нь авсан “Modun Resources” компанийн тухайд ч хөрөнгө оруулагчид нь хятадууд гэсэн мэдээлэл ирж байгаа юм.

Тэгэхээр Саусгоби Сэнд ХХК-ийн мэдэлд байсан Овоот Толгой, Цагаан толгой, Сүмбэр-Билүүтийн ордууд бүгд Хятадуудын гарт орж байгаа нь, хойшид ямар ч эрсдэлийг дагуулж мэдэхээр юм. Геологчдын хэлдэгчлэн, нэг зурвас дагасан байршилтай энэ гурван ордод агуулагдаж байгаа нөөцийн хэмжээ Ухаахудагийн нүүрсний нөөцөөс илүү. Ордуудын судалгааг 250-300 метр гүн хүртэл гүйцэтгэсэн учир гүн рүү нөөц нь их хэмжээгээр өсөх нь тодорхой бөгөөд тоймолж үзвэл 300 сая тонн нүүрс нэмэгдэх боломжтой гэж байсан.

Тэрчлэн цаашлаад 1 тэрбум тонноор хэмжигдэх нүүрсний нөөцтэй, гүн рүү нүүрсний чанар сайжирч коксжих нүүрс болдог учраас чанарын хувьд ч улам сайн болно гэгддэг ордууд манай өмнөд хөршид, бидний гол зах зээлийн мэдэлд оччихож байгаа нь асуудалтай юм. Дээрх ордуудаас гарч байгаа нүүрсний үнийг Хятадууд өөрсдийн зоргоороо тогтоох бүрэн боломжтой болж байна. Угаас манай улс нүүрсний экспортын үнээ тогтоохдоо Хятадуудыг царай алддаг. Гэтэл нүүрсний энэ том бассейнаа нэмээд тэдэнд алдаж байгаа нь манай төр засаг хэчнээн харалган байгааг харуулж байна.

Ерөөс эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа гэж харахад хэтрүүлсэн асуудал биш юм. Сануулахад, Тавантолгойн нүүрс 70 ам.доллараар Чалко руу очиж байгаа. Тэгвэл одоо Овооттолгойн нүүрс 60 доллараар ч очиж болзошгүй. Ерөөс, Монгол улсын нүүрсний үнэ, олборлолтын хэмжээ, нүүрсний үйлдвэрлэлд Хятадуудын нөлөөлөл улам газар авч байна.

Одоо хятадууд өөрсдийн ажилчдаа хэдэн зуугаар нь оруулж ирэхэд гарга гэж хэлэх чадамж манай төр засагг бий бил үү. Дагаад өмнийн говийн бүсийн хөгжил, нийгмийн амьдрал, байгаль орчин, монголчуудын удмын санд хүссэн хүсээгүй аюул дагуулж мэдэх бараан дүр зураг харагдаж байна. Уг нь монголын төр засаг асуудлыг хүндрүүлэхгүй байхад төрийн зангарагаар хандаж болох байсан билээ.

Учир нь, Овоот толгой орд нь стратегийн тодотголтой Нарийн сухайтын ордын үргэлжлэл, нэг төрлийн нүүрс явж байгаа гэдгийг геологчид хэлдэг байсан. Тэрчлэн Нарийн сухайтын ордоо стратегийн орд гээд УИХ-ын тоггоолоор батлаад өгчихсөн хэрнээ үргэлжлэлүүдийг нь хэн дуртайд нь тарааж шидлээд байгаа нь хууль бус асуудал гэдгийг ч ярьж байсан.

Гэвч Монгол Улсын Засгийн газар канад, хятадуудын даварсан наймааг зүгээр л хараад сууж байв. Өөрийнхөө өмчинд эзний ёсоор хандах сэтгэл, зүтгэл байсангүй. Оюутолгой компанид эсвэл Айвенхоу Майнз компанид хувь эзэмших хүсэлтэй байгаагаа манай ЭБЭХ-ний сайд Д .Зоригтод сайтар ойлгуулж, харьцангуй сэнхрүүлж чадсан Чайналко компани эхний ээлжинд манай нүүрсний зах зээлд ноёрхлоо шийджээ.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


URL:

Сэтгэгдэл бичих