БАЙРНЫ ЧЕНЖҮҮДИЙГ ХАЗААРЛАХ ХУУЛЬ ХЭЗЭЭ ТӨРӨХ БОЛ?
ХЭН НЬ МОНОПОЛЬ ЮМ БЭ?
Манай улсад 160 мянган айл гэр хороололд амьдарч байна. Түүнээс гадна хажуу өрөө, оюутны байр түрээслэн амьдардаг гээд бодвол нийслэлийн иргэдийн тэн хагасаас илүү нь орон сууцны мөрөөсөл болоод байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн барилгын хоёр дахь жагсаалт гарсан. Энэ сайн мэдээ боловч үнэ өртөг нь бага, дунд орлоготой хүмүүсийн хувьд хэр хангалттайг хэлэхэд эрт байна.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр эрэлтийг улам нэмэгдүүлж, үнэ өсгөнө гэсэн яриа ч гараад байна. “Ард түмний олсон мөнгийг шулж байгаа нь захиалагч буюу хөрөнгө оруулагч компаниуд юм шүү. Тэд газраа дамлаж аваад түүн дээрээ жирийн барилгачдыг аваачиж ажиллуулдаг. Ингэж ам метрийг нь 400-500 мянган төгрөгөөр бариулчихаад гурав дахин нугалж дамлаж байна. Гэхдээ тэд цөөхөн, 27-28 компани л байдаг” гэж Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар хэлсэн. Байрны үнэ өснө гэсэн яриаг ченжүүд гаргаж, тэр нь нийгэмд хуурай өвсөнд хаясан шүдэнз шиг гал авалцуулж байгааг тэрээр ийн шүүмжилсэн. Эдийн засагчдын судалгаагаар орон сууны ам метрийн үнэ 850 мянгаас нэг сая төгрөгөөс дээш гарахааргүй аж. Гэтэл үнэ хэд дахин нэмэгдэж, барилгын компаниуд дор хаяж ам метрийн үнийг бүр 1,5 саяд хүргэж байгаа. Гэтэл бага, дунд орлоготой иргэд сард банкинд сард 750 мянган төгрөг төлж чадахгүй нь ойлгомжтой. Харин нөгөө талд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөх барилгын компаниудын дур зоргоороо өсгөөд байгаа үнийг “хазаарлах” хуулийн нударга нь алга. Энэ салбарт 600-700 аж ахуйн нэгж байгаагаас давамгай буюу монополь эрхтэй нь чухам хэн бэ гэдгийг тогтоох боломж одоогоор үгүй байгааг байцаагч нар нь хэлж байна.
ЧЕНЖҮҮД БА ҮНЭ
“Хотын “А” бүсэд дундаж хэмжээний орон сууц барих хэмжээний газрыг худалдаж авахад 200-250 сая төгрөг байдаг гэсэн судалгаа гаргасан. Гэхдээ энэ нь ил тод явагддаггүй учраас бид ажиглалтаар хийсэн юм. Энэ нь байрны ам метрийн үнэд 40-50 мянган төгрөг нэмэгдүүлж байна. Тэгэхээр орон сууцны үнийг хөөрөгдөх нэг үндэслэл гэж үзэж болохоор байна” гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Ц.Цэгмид хэлсэн. Үүн дээр 15-20 хувийн ашгаа авахад ам метрийн үнэ 850 мянгаас нэг сая төгрөг хүрдэг аж. Уг нь энэ хангалттай үнэ. Гэвч ченжүүдийн босго үүнээс хэд дахин өсчихөөд байна. Компаниудын барьсан хямд зардалтай байрыг хэд дахин нугалж зардаг энэ сүлжээг хэрхэн таслан зогсоох вэ.
ХУУЛЬ САНААЧЛАХ УУ, МӨНГИЙГ НЬ ӨГӨХ ҮҮ?
Хууль санаачлан үнийг тогтворжуулах тухайд мэргэжлийн байгууллагууд нь санал гаргасан. Энэ тухайд “Эхлээд тооцоо, судалгаагаа сайн гаргах хэрэгтэй. Янз бүрийн бэрхшээл байж болно. Гэхдээ л байрны үнэ гурав дахин нэмэгдсэн гэхэд нуулгүй хэлэхэд би гайхаж байна” гэж УИХ-ын гишүүн Б.Батбаяр хэлж байв. “”Барилгын материалын бөөний сүлжээ байгуулъя” гэсэн саналаа бид УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй нөхдөд өгсөн. Жижиглэнгээр оруулж ирээд өндөр үнэтэй зараад байгаа энэ нөхдийг таслан зогсооё гэж байгаа юм. Жишээ нь, манайхан хадаасыг урд хөршид очиж килограмаар нь авчихаад энд ирээд ширхэглэж 150 төгрөгөөр 10 нугалж зараад байгаа” гэж Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар хэлсэн. Тэгэхээр хууль, журам батлах, бөөний сүлжээ байгуулах гээд олон санал явж байна. Үүнээс чухам хэрэгжих нь аль нь вэ. Ахиад л сонгуулийн шоу болоод мартагдаж, ирэх сонгуулийн өмнө орон сууцны үнэ үүнээс хэд дахин нэмэгдсэн байх юм биш биз. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх 11 асуудлын жагсаалтад энэ тухай хууль тогтоомж батлах талаар ганц үг, өгүүлбэр алга. Хоёрхон сарын дараа сонгууль болно. Харин бид үнийн өсөлтийн сэдэвтэйгээ зууралдсаар үлдэх үү.
Ж.ЦОГЗОЛМАА
URL: