Поп хатагтай Б.Сарантуяа Казахстаныг доргионо
Сүүлийн үед уран бүтээлийн олз омгоор дүүрэн байгаа поп хатагтай Б.Сараа уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын 20-нд өөрийн төрсөн өдрийн концертоо энэ жилдээ түр хойшлуулж хилийн чанадад тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ.
Тэртээ 1990-ээд оны сүүлээр Казахстаны Алматы хотод болсон “Азия даусы” наадмаас Гран-при авч Монголын хамтлаг, дуучдаас хамгийн өндөр ам.долларын шагнал авч олны атаархал төрүүлж байсныг хэн хүнгүй мэднэ. Якут ээжтэй гэгдэж, түүнийгээ нууж байсан тэрээр одоо ээжээрээ бахархаж “Аргагүй монгол аялгуу” концерт дээрээ якут ардын дууг гайхалтай сайхан дуулж байсан агаад оны өмнөхөн РЦНК-д орос дууны тайлан концерт ч бас тавьж байсныг мартаж болохгүй.
Монголдоо орос, англи болоод монгол язгуур хэлний олон ардын дууг цэвэр сайхан аялгаар дуулдгаараа хүндлэгддэг эрхэм Сараа энэ дөрөвдүгээр сард Казахстан улсын нэгэн томоохон бизнесмэний урилгаар Алматы, Астана хотод Монголынхоо UB Palace-т тавьдаг шиг томоохон хэмжээний концертын бүрэлдэхүүнийг авч явахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Тэрээр телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Казахстанд цацагдах бүх видео сурталчилгаагаа Монголд хийлгэн урьдчилан явуулжээ. Энэ айлчлан тоглолт нь Монгол, Казахстан улсын соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин итгэл төгс Бага Азийг зорих гэж байна.
fgactnews.mn
URL: