Өнөөдөр Н.Төгсцогт Пакистаны боксчинтой медалийн төлөө тулалдана

Казакстанд болж буй боксын олимпийн эрхийн тэмцээний 75 кг-ын жинд өрсөлдсөн Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Т.Чулуунтөмөр Бээжингийн олимпийн хүрэл медальт, Энэтхэгийн тамирчин Вижендер Кумартай таарч олон оноо авалцсан сонирхолтой тулааныг хийлээ. Эхний үеийн дараа манай хүн хүн хоёр оноогоор илүү гарч ирсэн. Гэвч сүүлийн үеүдэд цохилтын оновч тааруу байснаас 27:17 оноогоор ялагдаж олимпийн эрхээ авч чадсангүй. Уг нь Энэтхэгийг ялсан бол олимпийн таван эрхийн нэгийг хүртэх боломж нээгдэх байсан юм.
69-д тоглож байгаа ОУХМ Б.Түвшинбат Пакистаны боксчныг гуравдугаар үед дутуу гаргасан. Түүний дараагийн өрсөлдөгч нь БНСУ-ын ахмад боксчин Ким Жонвон. Түүнийг ялбал жиндээ оногдсон гурван эрхийн нэгийг авах юм.
81-д өрсөлдсөн С.Эрдэнэбаяр Тажикистаны боксчинд 16:19 оноогоор ойрхон хожигдлоо. Түүний хувьд ялсан тохиолдолд жингийнхээ таван эрхийн нэгийг авах боломж байлаа.
Өнөөдөр МУГТ Н.Төгсцогт Пакистаны боксчинтой медалийн төлөө тулааныг хийнэ. Өрсөлдөгч нь Пакистаны Васим гэж боксчин. Өмнөх тойрогт тийм сайн тоглоогүй ч ялалт авсан, шүүгчдийн дэмжлэгтэй амаргүй өрсөлдөгч байсан.

Х.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих