ДОЛООН БУРХАНЫГ ДУРАНДАХУЙ
Од гэж юу вэ гэсэн асуултад хүмүүс янзан бүрээр хариулах нь бий. Англи, Америкаар дүүрэн атал Монголд ховорхон байдаг тэр зүйлийг од гэнэ хэмээн хариулах нэг нь байхад орой бүр тэнгэрт түгдэг хэдэн живаа зүйлс чинь од бид дээ? гэх зарим нь ч бий. Харин би одыг огторгуйн хязгааргүй уудамд дор бүрнээ ямар нэг нууц агуулан орших дэлхий гариг хэмээн ойлгодог учир мөн чанар төстэйгээр нь хүнтэй зүйрлэх дуртай. Санал нэг улс ч олон байдаг юм билээ. Тэр дундаа долоон бурхан одны тухай үлгэр домгуудыг ханатлаа сонсож өссөн балчир бага насандаа огторгуйн уудмыг ширтэх бүрийдээ нэг нэгнээсээ салахгүй гэсэн мэт сүлжилдэн гэрэлтэх энэ долоон одыг хараад бодолд автан суудаг байснаа эргэн санахад ардын намыг үүсгэн байгуулсан “Анхны долоо”-той ямар нэг сэжмээр ийнхүү холбогдоно чинээ санаагүй явжээ. Чухам энэ л билэгдлээр зохиолч маань киногоо “Долоон бурхан харвадаггүй” хэмээн нэрлэсэн биз хэмээн таамаглана. Кино ч мөн ийнхүү эхэлдэг. 1951 оны тэр хүйтэн өвөл эх нутагтаа ахин эргэж ирэхгүйгээ мэдэвч явахаас аргагүйдэн шаналж басхүү ганцаардсан Ардын намын анхны долоогийн сүүлч өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн 31 жилийн өмнөх дурсамж буюу “Анхны долоо”-гийн цугласан түүхээр уг кино эхэлнэ. Мэдээж энд бидний түүхийн хичээл, монгол кинонуудаар дамжуулан ой тойндоо гүн бат шийнгээсэн Д. Сүхбаатар, С. Данзан, Д. Бодоо, Д. Чагдаржав, Д. Догсом, Д. Лосол, Х. Чойбалсан нарын амьдрал тэмцлийг харуулах боловч энэ удаа зохиолч бидний мэдэхгүй “Үнэн түүх”-ийг дурайтал сийлсэн нь үзэгчдийг гайхшруулах ноцтой шалтгаан болов. Цагаан сар, улсын баяр зэрэг томоохон баяруудаар ёс мэт гардаг “Өглөө”, “Тэмцэл”, “Сүхбаатар” гэх мэт кинонд тэр үеийн дэвшилт үзэлт Д. Бодоо, С. Данзан нар ардын намын “дугаар нэг” хорлонтой дайсан, гадныхны гар хөл, тагнуул байсан мэтээр гардаг байсныг бид бэлэхнээ мэднэ. “Чи түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн зөндөө олдоно” гэсэн хатуу боловч үнэн үг үүний бодит жишээ. Гэвч коммунизм, социализмаар амьсгалсан өнгөрөгч 70 жил бид хайрт орос ах нараасаа айсандаа түүхийн бодит үнэнийг баллуурдан янзалж, үүнийгээ тухайн үеийн хамгийн хүртээмжтэй байсан хэлбэр болох киногоор дамжуулан үзэл сурталдаж байсан гажуудлыг зохиолч Ж. Мөнхбат залруулан зөвтгөж, орчин цагийн киноны хэлээр “Үнэн түүхээ сэргээн харуулах”-ыг зорьж, анхны шавыг нь тавьсныг мэргэжил нэгт нөхрийн хувьд сайшаан дэмжиж суулаа. Зөвхөн бид ч биш орос ах нар маань ч бас энэ давалгаанд өртсөний хар гайгаар манайхантай агаар нэг кино өч төчнөөнийг бүтээгээд архивласан байсныг ерөнхийлөгч В. Путин оросын киночидтой хамтран засаж залруулсны тод жишээ нь өдгөө бидний үзэж байгаа Оросын усан цэргийн нэрт адмирал А. В. Колчакын тухай“Адмирал”, Сталины дэглэмийн үеийн “Наран дор зовогсод” киноны 3 анги зэрэг бодит жишээ.
Кинонд алдаатай, оноотой зүйл байлгүй л яахав. Гэхдээ энэ цөөхөн дутагдалтай зүйл байсныг дурьдая. Жишээ нь:
- Гоминданы намын баруун хойд тойргийн захирагч, генерал Сүй Шүй Жан хорионд буй Богд хаантай ирж ярилцдаг хэсэг тун ойлгомжгүй. Сүй Шүй Жан хятадаар ярихад нь Богд хаан эргүүлээд монголоор ярих. Тэгэхээр аль аль нь монгол, хятад хэлтэй байгаад төрөлх хэлээрээ ярих гэж зүтгэцгээж байгаа юм байна гэж ойлгогдохоор. Зүй нь хятадаар ярилцах ёстой байгаад түүнийг нь монгол хадмал орчуулгаар бид үзэх ёстой мэт. Энэ явдал Барон Унгерн Богд хаантай болон Сундуй гүнтэй уулздаг хэсэг дээр мөн давтагдана.
- Чойбалсан өмнө нь оросод сурч байсныг тодотгохын тулд хамт сурч байсан орос хүүхнийг оруулж ирсэн нь хэтэрхий албан хүчээр мэт, улмаар Чойбалсан түүнтэй ойлгоход маш хэцүү аялга бүхий орос хэлээр ярьж байгаа зэргийг анхаарууштай.
- Сүхбаатар жанжны туслах Гарамыг Элбэгдорж Ренчино ойд явахад нь хэрхэн яаж олж очсон нь тун ойлгомжгүй. Гарам Сүх жанжны өгсөн бичгийг Бодоод өгөхөөр маш олон хоног явдаг буюу тэдний ажилладаг яам хоорондоо хэдэн өдөрчийн газар байдаг мэт ойлгогдохоор зүйл бас гарч байв. Гарамын дүр энэ кинонд Х. Чойбалсан, С. Данзан нарыг гамингуудаас аврахын хажуугаар гэр бүлийнхээ өс хонзонг давхар авсан тэр үйл явдлаарүүргээ гүйцэтгээд өнгөрсөн байтал сүүлд гаргаж ирж албаар шахам үхүүлж үзэгдчийг өрөвдүүлж байгаа нь хэтэрхий зориудын гэмээр харагдаж байлаа.
Ер нь өдгөө цагт түүхэн киног улсын дэмжлэггүйгээр бие даан хийнэ гэдэг хөрөнгө мөнгө, цаг зав, техник ажиллагаа зэрэг асар олон бэрхшээлтэй учирдаг. Энэ киног үзэж суухдаа Хиагтыг гамингаас чөлөөлж буй тулаан, Тужийн нарсанд цэрэг элсүүлж буй хуарангийн байдал, Нийслэл хүрээний олны хэсэг, Ардын засгийн анхны наадам, Гамингуудын сууринг довтолж байгаа зэрэг олныг хамруулсан хэсгийг нилээдгүй хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан байж бүтээжээ гэж бодогдсоныг нуух юун.
Яагаад ч юм энэ киноны цаана монголчуудын зүрх сэтгэлийг булгилуулан догдлуулах үл мэдэгдэм далдын хүч нуугдаж байгаа мэт. Өөрийн эрхгүй самсаа шархирч, гол дүүрийн баатруудыг өмөөрөн босмоор, тэдний баатарлаг тэмцэлд татагдан элдвийн бусармаг зүйлсийн эсрэг дуугарч чадаж байгаагаар нь бахархмаар олон сайхан хэсгүүд үзэгч миний сэтгэлийгөөрийн эрхгүй хөдөлгөж байв.Анхны сайд Д. Бодоо, Д. Чагдаржав нарыг хэлмэгдсэний дараахан Жанжин Сүхбаатарын Чойбалсанд хэлж буй “Хэзээ нэгэн өдөр чиний ачаа үүрэх цаг ирнэ” гэх үг, Ардын намын анхны дарга С. Данзангийн тэндээс гараад буудуулахаа мэдэж байсан ч коммунист оросын замаар бус дэлхийн хөгжингүй улсын замаар замнахыг Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн их хурлын гишүүдэд уриалж буй хэсэг, хожим 1939 онд Халх голоос Улаанбаатар луу хүрч яваа гэж бодсон ч хаа холын Чита руу баривчлагдан хүргэгдэж яваагаа мэдээгүй Д. Лосол, “Өчигдөр Москвагаас ярьсан. Чамайг яаралтай ирүүлэхийг шаардсан. Цаашид бид яах ёстой юм бэ? Хичнээн сайхан улсаа алдав даа Догсом минь” хэмээн цөхрөнгөө барж, хоолой нь зангирах Х. Чойбалсан, өөрийн шадар туслах Шагдарт “Одоо нөхдийнхөө араас миний явах цаг болсоон”гэж хэлээд сүүлчийн тамхиа татан өвлийн жихүүн хүйтэнд өөрийн хүлээн зогсох онгоц руу цор ганцаархнаа алхаж яваа өрлөг жанжин Х. Чойбалсан нарын хэсгүүдээс үзвэл бидний мэддэг мөртлөө мэддэггүй “Анхны долоо”хэзээ ч, юу ч тохиолдож болох ямархан хүнд бэрх нөхцөлд ажиллаж амьдарч байсныг үнэхээр гайхалтай энгийн бөгөөд зүрхэнд хоногшим дүрслэн харуулж чаджээ. Өнөөгийн манай нийгэмд ийм кино ус агаар шиг хэрэгтэй байсныг эдгээр уран бүтээлчид “Долоон бурхан харвадаггүй” киногоороо шавыг нь тавилаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Бид дэлхийн олон орны хийсэн Чингис хааны тухай кинонуудад шүүмжлэлтэй ханддаг. Учир нь энэ домогт хүний түүх тэр чигээрээ дэлхийн түүхтэй холбоотой бөгөөд нэг кинонд бүх амьдралыг нь багтаана гэдэг тун бэрх. Яг үүнтэй адил монголын түүхийн 70 жилтэй салгаж ойлгохооргүй Монгол ардын намын нэрт зүтгэлтэн энэ долоон түүхэн хүний амьдралыг нэг кинонд багтаан үзүүлнэ гэдэг ямархан хэцүү болохыг энэ кино бэлхнээ батална. Үзээд гарч байгаа үзэгчдийн ярианаас дуулахад “Нэг дор их олон үйл явдлыг багтааж үзүүлэх гээд нуршсан байна”, “Хэтэрхий их аллага хядлага харуулж”, “Түүхэн хүмүүс олныг гаргах гээд жирийн ардын журамт цэрэгт алба хааж байгаад үрэгдсэн хүмүүсийг хүртэл оруулсан байх юм” гэх мэт шүүмжлэлтэй зүйлс гарч байсныг нуух юун. Үүнээс болж уран бүтээлчдийн эдгээр түүхэн долоон хүнээр дамжуулан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолоор омогших хандлагыг төрүүлэх гэсэн гол зорилго нь олон үйл явдлыг нэг дор багтааж үзүүлэх гэсэн аргаас болж жирийн үзэгчдэд нуршуу мэт сэтгэгдэл төрүүлж байгааг хожим анхаарууштай санагдав.
Гэхдээ…гэхдээ элдэв жижиг алдааг ингэж тэгж гэхчилэн жагсаан бичиж тоочих амархан ч энэ удаа үүнийг хойш тавин миний хэлэхийг хүсэж байгаа цорын ганц зүйл бол “Өнгөрсөн үеийн гашуун алдааг ухамсарлан ойлгож, үнэн түүхийг сэргээн гаргаж ирсэнднь “Долоон бурхан харвадаггүй” киноны уран бүтээлчдэд залуу хойч үеийнхний өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж байна” гэсэн үнэн сэтгэлийн үг юм аа.
Кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо
2012.04.09
Улаанбаатар хот
URL: