Эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа нь нэг талаар сайн, нөгөө талаар эрсдэл дагуулах магадлалтай

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Стев Барнет болон ОУВС-ийн монгол дахь суурин төлөөлөгч нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Манай оронд хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн Стэндбай хөтөлбөрийг амжилтттай хэрэгжүүлж дууссанд сэтгэл хангалуун байгаагаа ОУВС-ийнхан илэрхийлээд 2011 оны төсвийн талаарх дүгнэлтээ Монгол улсын Засгийн газрын тэргүүнд дуулгасан юм. Монгол улсын эдийн засаг маш хурдацтай хөгжиж байна гэдэг дүгнэлтийг ОУВС-ийн ажлын хэсгийнхэн гаргаад байгаа бөгөөд энэ нь нэг талаар сайн, нөгөө талаар эрсдэл дагуулах магадлалтай гэдгийг тэд анхааруулж байна.

2011 оны төсөв ДНБ-ий 52.1 хувьтай тэнцэх хэмжээний байгаа нь төсвийн хэт тэлэлтэй холбоотойг анхаарууллаа.Мөнинфляци тодорхой түвшнээс нэмэгдэж, 20 хувиас давах дүр зураг харагдаж байгааг ОУВС-ийн ажлын хэсгийнхэн хэлжээ.
Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлтээс харахад эцсийн дүндээ энэ бүгд нь Монголын хувийн хэвшлийн салбарт нөлөөлж, тэд өрсөлдөх чадвар сул болж магадгүй байгааг ОУВС-ийн шинжээчид ярьж байна. Харин Монгол улсын Засгийн газраас явуулж байгаа эдийн засгийн чиглэлийн бодлогууд тодорхой үр дүнгээ өгч байгааг судалгаа харуулж байна гэсэн дүгнэлтийг ОУВС хийжээ.
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэдний дүгнэлтийг сонссоны дараа та бүхний анхааруулж байгаа бүх зүйл Засгийн газрын анхаарлын төвд байгаа, Төв банкныхантайгаа ч хамтарч ажиллаж байгаа гэдгээ хэлжээ.
Мөн Монгол улс зөвхөн уул уурхайг түшиглэсэн эдийн засгийн бодлогоос гадна жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлэх бодлого барьж буйгаа хэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих