Хэт халуун хоол идэх нь улаан хоолойн хавдар тусах шалтгаан болдог
Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг 50 мянган тэрбум эс зохицуулдаг. Өдөр бүр 25 сая эс мөхөж байхад мөн тийм тооны эс төлжиж байдаг аж. Гэтэл эсийн тэнцвэрт байдал орчны янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр алдагддаг байна. Үүнээс шалтгаалан хязгааргүй хурдан өсөх боломж нь алдагдаж, хорт бодис ялгаруулах хэв шинж бүхий эмгэг эсүүд бий болдог. Энэ бол хавдар юм. Хорт хавдар гэсэн үгийг сонссон хэний ч дотор аюулын харанга дэлдэх шиг болдог. Манай улсад өвчлөл, нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт ордог улаан хоолойн хорт хавдар, түүний оношилгоо, эмчилгээ, өвчин үүсгэх шалтгааны талаар бага ч гэсэн ойлголт өгөхийг зорьж байна.
Улаан хоолойн хорт хавдар нь 50-70 насныханд илүүтэй тохиолддог бөгөөд дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг байна. Өвчин бий болох олон шалтгаан бий. Тухайлбал, олон жил тамхи, архи хэрэглэх, улаан хоолойн үрэвсэлд хүргэх архаг цочрол, хэт халуун хоол идэж уух, A, С, Е витаминий дутагдал зэрэг ордог. Тэгвэл таны татсан тамхи биед ямар хор хөнөөл авчирч, хавдар үүсэх нөхцөлийг бий болгодог тухай товч өгүүлье.
Анагаах ухаанд тамхи татахыг «муу зуршил» гэж тэмдэглэсэн байдаг. Хорт хавдар үүсэхэд тамхи хамгийн ихээр нөлөөлдөг. Тамхи татсанаар хүн төрөлхтөн өөртөө улаан хоолой, мөгөөрсөн хоолой, бөөр, давсаг, ходоод. нойр булчирхай, савны хорт хавдрыг «бэлэглэдэг» байх юм. Хүний биед халдваржилтыг саатуулдаг эсрэг генүүд байдаг ч тамхины утааны найрлага дахь хорт бодисууд тэдний «ажиллах чадвар»-ыг бууруулдаг байна.
Халдваржилтыг идэвхжүүлдэг зүйл нь тамхи, архи, мөн хортой орчин, агаарын бохирдол юм. Тамхинаас үүссэн хорт хавдрын шинж тэмдэг нь мөгөөрсөн хоолой, уушги зэрэг тамхины утаанд шууд өртөж буй эд эрхтнүүдэд хамгийн тод илрэх бөгөөд тэдгээрээр дамжин бусад эрхтэнд тархдаг.
Анхаарал болгоомжгүйгээс үүсэж болох өөр нэг шалтгаан нь улаан хоолойн түлэгдэлт юм. Ихэвчлэн ахуйн хэрэгцээнд зориулагдсан цууны хүчлээр түлэгддэг. Мөн амиа егүүтгэх зорилгоор хүчил, шүлт, аммиак агуулсан ариутгагч, цайруулагч, угаагч бодис ууснаас үүсэж болно. Эдгээр нь 10-30 жилийн дараа 3,5-5,5 хувь нь хорт хавдарт шилждэг байна.
Улаан хоолойн хорт хавдраар өвчилсөн өвчтөнийг аль болох дааруулахгүй байлгах хэрэгтэйгээс гадна махан хоол иддэг өвчтөний өрөөнөөс тусгаарлаж, гурил болон каштай шингэн төрлийн хоолыг хэт халуун биш, ойр ойрхон бага хэмжээгээр өгөх нь зохистой байдаг байна.
О.Номин-Эрдэнэ
URL: