Чоно борооноор, улстөрчид сиймхийгээр

Улстөрчид Жендерийн тухай хуулийг батлах тун дургүй. Тиймдээ ч энэ хууль батлагдах гэж 16 жил дуншсан гэдэг. Харин цагаан сар болж, ашгүй тэр хууль битүүний өдөр батлагдлаа.
Чоно борооноор гэдэг шиг олны анхаарал өөр зүйл рүү хандсан, эвсэл томоохон тэмдэглэлт баяр тохиож буйтай зэрэгцэн “но”-той хуулийн төслүүдийг батладаг бичигдээгүй хууль манай улсын парламентад үйлчилдэг. Энэ хуулийн дагуу УИХ битүүний өдөр Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийг батласан нь тогтсон уламжлалаасаа гажсангүй.
Улстөрчдийн, ялангуяа эрэгтэй улстөрчдийн эрлэг болсон Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль батлагдах гэж арав гаруй жил болсон гэдгийг дээр хэлсэн. Энэ хуулийг батлагдахад гол чөдөр, тушаа болдог заалт нь сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудал. Тиймээс энэ удаа уг заалтыг хасч, Сонгуулийн тухай хууль батлагдсаны дараа Жендерийн тэгш байдлын тухай хуульд заасан тус заалтаа тодруулж оруулахаар сугалж авч үлдсэн байна.
Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтан нь эрэгтэй дарга бол орлогч нь эмэгтэй байна гэх заалтыг ч хасчээ. Тэгэхээр эмэгтэйчүүдэд байр сууриа алдахад ойрхон байгаа улстөрч эрчүүд энэ хуулийг өөрсөддөө ашигтай хувилбараар баталж, тэдний сонгогдох эрхийг хуулиар чөдөрлөж байгаа нь харамсалтай. Үүний хамгийн тод жишээ гэвэл, өнөөгийн парламентын жендерийн тэгш бус харьцаа юм. 2008 оны сонгуулиар УИХ-д 73 эрэгтэй, гурван эмэгтэй сонгогдсон нь 2004-2008 онд УИХ-д сууж байсан эрхмүүдийн гавьяа. Энэ парламентад гарын тван хуруу шиг эмэгтэй гишүүн байсан ч тэд эрчүүдийн өмнө хүчин мөхсдөж байсан гашуун үнэн бий. Юу гэвэл, улс төрийн намуудаас УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квот нь 30 хүртэлх хувь байна гэдэг заалтыг тэр таван эмэгтэй хүчтэй эсэргүүцэж байсан ч олонхийн саналд “бууж өгсөн” юм.
Өнөөдөр нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд голлох үүрэг гүйцэтгэж, удирдах албан тушаал хашиж байна. Ялангуяа, боловсрол, эрүүл мэндийн салбарт. Тиймээс эдгээр салбарт хүйсийн харьцааг 40:60 хувь болгон зохицуулахаар хуульд тусгажээ. Хэдийгээр энэ асуудлыг төрийн бодлогоор зохицуулах ч тодорхой цаг хугацаа шаардагдах нь мэдээж. Юуны түрүүнд эрчүүдийнхээ боловсролд анхаарч, үүрэг ухамсарыг нь сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн нийгмийн сэтгэхүйг ч өөрчлөхгүй бол төрийн ажил урагшлахгүй. Яагаад гэвэл, тухайлбал ажилд авах зар дээр нас, хүйс, царай зүс, биеийн харьцаа, боловсрол, ажлын туршлага гээд туйлширсан шалгуур тавьдаг. Тиймээс хуульд зар сурталчилгаа явуулах тохиолдолд аль нэг хүйсэд давуу эрх олгохгүй байхыг заасан байна.
Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар жендерийн тэгш байдалд хяналт тавьж ажиллах үүргийг Хүний эрхийн үндэсний комисс хүлээсэн. Хүний эрхийн үндэсний комисс нь жил бүр жендерийн тэгш байдал хэрхэн хангагдаж байгаа талаарх тайлан гаргаж, Засгийн газар хоёр жил тутамд энэ талаарх тайланг УИХ-д танилцуулж, улмаар чиглэл авч байх юм байна.
Н.Хулан

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих