С.Жавхлан: Миний хоолойг Оюу толгой шиг ухаад авдаггүй юм бол дуулсаар байх болно

Увс аймгийн Бөх мөрөн сумын “Хар алт” багийн иргэдийн “Баянмөрөн” хөдөлгөөн газар нутгаа хамгаалахаар эвээ нэгтгэн, суулт зарлаж эхлээд байгаа аж. Тус сумын иргэд Канадын хөрөнгө оруулапттай “Си Жи Би И Эм” компанид ашиглалтын 947 га, хайгуулын 4000 га газарт лиценз олгосныг эсэргүүцэж энэ талаар дэмжиж, нэгдэж ажиллахыг хүссэн захидал МУГЖ С.Жавхланд ирүүлжээ. Энэ дагуу тэрбээр хэвлэлийнхэнд хандсан юм. Энэ үеэр түүнээс цөөн зүйлийг тодрууллаа. Гал тахигч дуучин запуу маань энэ удаа бас л “Нутгийн шороо” хэмээн тарааж хөөрхөн “шоудаад” авав.

-Нутгийн тань газар шороо ухагдаж байгаад та их бухимдаж харуусч байх шиг байна?

-Увс аймгийн Бөхмөрөн суманд миний өвгөдийн сайхан өвөлжөө ухагдаж байна. УИХ-ын гурван гишүүнд малчдын явуулсан бичиг, уриалгыг өгөх гэсэн боловч тэд зугтаад хариу өгсөнгүй. Үүнээс болж булаг шандууд ширгэж, зарим гол дундарч усны нөөц хомсдоход хүрлээ. Зөвхөн одоо ашиглалт явуулж байгаа гурван уурхайн нүүрс тээвэрлэхэд 360 гаруй эгнэсэн олон салаа зам, ухаж төнхсөн нүхнүүд гарчихсан байгаа. Энэ байдал нутгийн малчдыг бэлчээрийн хомсдолд оруулж эхэлж байхад бид тэмцэхгүй гээд яах юм бэ. Нутгийн ард түмэн зүрх нь шимширч уйлж байна..


-Тэмцэл хэрхэн өрнөж байгаа бол?

-Одоо суулт хийгээд дөрөв хонож байгаа. Долоо хоногийн дотор арга хэмжээ авч ямар нэг эерэг хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэж бодож байна.

-Гэхдээ та мөнгө санхүүгээр туслахгүй гэсэн. Ямар аргаар дэмжих вэ?

-Дуулдаг нь дуулж, уйлдаг нь уйлж, хэлтэй нь хэлээрээ тэмцэх хэрэгтэй. Хамгийн гол нь “Гал үндэстэн” шиг бутран замхарч, долдугаар сарын 1-нийх шиг үймээн бүү болоосой гэж нутгийн түмнээ хайрлаж байна.
-Сонгууль ойртож байгаа болохоор ч тэр юмуу С.Жавхлан дуугарахаар л сонгуультай холбож ойлгодог болж. Гэтэл та үүнийгээ үгүйсгэдэг. Хэрэв сонгуульд нэр дэвшээд гараад ирээд хамгийн түрүүнд юу хийнэ гэж бодож байна вэ?

-Жавхлан хийдэг зүйлээ л хийнэ. Юуны түрүүнд бүх монголчууддаа монголчлолыг уриална. Бид хувьсгап, ардчилал гэж их явлаа. Гэхдээ би өнөөдөр сэтгэл санаа хүнд байгаа болохоор сонгуулийн тухай огг ярихыг хүсэхгүй байна. Ярих ч тэнхэл алга. Үүнээс илүү нутгийн минь газар шороо, буурал өвгөдийн маань төрсөн бууц, гэрийн буурь чухал байна.

-Тэгвэл та улс төр энэ тэр гэхгүйгээр зүгээр л дуугаа дуулаад явна гэсэн үг үү?

-Жавхлангийн хоолойг Оюу толгой шиг ухаад авдаггүй л юм бол хоолой дуугарч л байна. Миний багш ардын жүжигчин Г.Хайдав өнөөдөр 89 настай дуулаад явж л байна. Тиймээс би багш шигээ байх болно. Та нарт амлая.

-Ингэхэд та дурсамж номоо бичиж байгаа сурагтай байсан. Номын ажил хэдэн хувьтай байна вэ?

-Одоогоор номын ажил 20 хувьтай байгаа. Цааш нь үргэлжлүүлнэ.

-Та өрх толгойлсон эмэгтэйчүүдэд нэг сая төгрөг хандивласан. Үүнийг зарим хүмүүс энэ мөнгөний ард хүн байгаа гэх яриа ч дуулдсан?

-Би тэр мөнгийг хулгай хийж олсоогүй. Мөнгө олон янз байдаг. Тэр дундаас хамгайн цэвэр мөнгө миний дуулж олсон мөнгө байдаг. Хулгайлсан мөнгөө өгч чадахгүй нэгэн байхад би яагаад гэгээн зам, ариун цагаан хөдөлмөрөөр олсон мөнгөө ядарсан ард түмэнтэйгээ хуваалцаж болохгүй гэж. Тийм учраас 27 ээжийн гар дээр тэр мөнгө очсон гэдгийг баттай хэлж чадна. Бас өрх толгойлсон эмэгтэйчүүдийн холбоонд нэг сая төгрөг өгсөн.

Д.Нэргүй
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих