Угжтай монгол

Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болж байна. Сар шинийн ерөөлтэй энэ  баяраа сархадынх болгож бүү хавтгайруулан тэмдэглээсэй хэ­мээн ахмадууд залбирч байна. Настнуудынхаараа орж золгох нэрээр бор дарс хүртэж, орой үдшийн цагийг үл хайхран айлын хаалга балбаж, гудамжинд унаж тусан  хөлчүүрхдэг залуусаас хөгшчүүл маань залхаж байна. Тэдэнд өнөөдөр үр ачаа согтуу явахыг харахаас илүүтэй сэтгэлийн зовнил гэж байхгүй. Тийм учраас Ахмадын холбооныхон Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн шинэ оны босгон дээр сүүтэй хундага өргөсөн өргөлийн үгийг дэмжиж, сар ши­нээр архинаас татгалзахыг уриал­жээ. Уриалгыг өөрсдөөсөө эхлэх ёстой хэмээсэн байна. Тэдний энэ үлгэрлэлийг дэмжин Монголын цахилгаа холбоо компанийн өндөр настнууд түрлэг нэмжээ. Архины залхаалт, бор дарсны хар дарсан зүүд шиг дурсамж монголчуудын амьдралд их байгаа учраас Төрийн тэргүүнээсээ авахуулаад настнууд  архинаас татгалзахыг анхааруу­лан ийн уриаллаа. Сар шинийн дараа эмэгтэйчүүдийн, цэргийн гэсэн тодотголтой баярууд шил шилээ даран болно. Энэ үед эмэг­тэйчүүд, эрчүүд тэдний уриалгыг өртөөчлөн авч архи, дарсгүйгээр тэмдэглэлт баяруудаа өнгөрөөх алхмыг эхлүүлэх биз ээ. Төрийн тэргүүнээс эхэлсэн сайны үр цааш­лаад олон монголчуудын амьд­ралд гэрэл гэгээ нэмэх нь дамжиг­гүй. Үүнийг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ч архи, дарсыг сурталчилсан зар сурталчилгаа нийтлэхгүй байх  бас нэгэн том тусыг  олон нийтэд хүргэх юм. Энэ мэтээр нийтээрээ архины эсрэг тэмцэж сар шинийн босгонд хундага тулгалгүйгээр нэг нэгэндээ ерөөл, дэмбэрлийн үг хэлж  ёс жаягаа хүндэлж жилийн өнгөө тодорхойлбол яасийм. Архинаас татгалзах  мянга мянган шалтгаан бидэнд бий. Харин  архи уух ганц­хан шалтаг байдаг гэдэг. Өнөөд­рийн ядуурал, осол, үхэл, өвчин эмгэг архинаас үүдэлтэй. Энд ойрын нэг жишээ авъя л даа.  Өнгөрсөн лхагва гаригт арван хүн амиа алджээ. Тэд бор дарснаас болж ганцхан шөнийн дотор хор­воог орхисон гэдгийг холбогдох байгууллагууд тодорхойлсон байна.

Хэрэв Богд уулнаас чоно гарч ирээд арван хүнийг барьж идсэн бол яах вэ. Бөөн шуугиан болно. Цагдаа хүчний байгууллагууд нь хуяглан хам­гаалалт гаргаж, онцгой байдлын­хан нь бэлэн байдалд зогсож, түргэн тусламжийн тэргүүд сойлт­той байх байв. Ард иргэд айдас хүйдэст автаж, үр хүүхдээ ган­цааранг нь явуулах нь битгий хэл өөрсдөө гадуур явахаас  эмээ­нэ  дээ. Гэр бүлийнхнийхээ хэн нэгний араас яаж байна хэмээн байнга сураг тавина. Хэрэв ийм зүйл бол­бол энэ төсөөллөөс ч илүү сүртэй, нүсэр юм болох нь тодор­хой. Харин архинд бол хэд л бол хэдэн иргэнээ гамгүй өгч байгаа ард түмэн. Архи уугаад осгоод үхэж л байна. Согтуу­гаар машин бариад хүний амь бүрэлгэнэ. Нэг бол машин дотроо угаартаж амиа алдана. Агсам тавьж айлын эд зүйлс эвдэнэ. Хэн нэгний­гээ хардаж амийг нь хөнөөнө. Иймэрхүү мэ­дээл­лийг монголчуу­д сонсоод цо­чирдохгүй. Учир нь өдөр болгон иймэрхүү зүйл сон­соод дасал болчихсон тул хэн ч тоохгүй. Мөн­гөтэй эрхтэн дархт­нууд архинд хордож үхэх нь ховор л доо. Тэр болгон тийм албан тушаалтан, дарга архи уугаад нас баржээ гэсэн мэдээг бид сонсож байсан билүү. Ховор доо, жирийн иргэд л архи­наас болж амиа алддаг. Үр хүүхэд нь өнчирч  хоцордог.

Он гарснаас хойш эх орны хишиг хэмээх 21 мянган төгрөгийг иргэн бүрт тарааж эхлэв. Энэ  мөнгөөр юу авч болох вэ. “Соёмбо” нэртэй архи авч болно. Дундаж  амьдралтай  нэг нь гудиггүй гэгч нь өнөө мөнгөөрөө “Соёмбо” аваад уучихдаг гэнэ. Арай түүнээс доо­гуур амьдралтай нь хоёр кг мах авч, хоёр шил архи аваад ууж байх жишээтэй. Нэн ядуу амьдралтай нэг нь хямдхан архи аваад хэдэн өдөр найралчихна. Тэдэнд хоол унд, түлээ түлш авах хайран. Архи  гутарсан сэтгэлийг нь засаж, ганихарсан амьдралыг нь хэсэг зуур ч тайтгаруулдаг болохоор тэр. Тө­рийн бодлогоор халамжийн мөнгө таарах байдал ихэссэнээс өнөөдөр  иргэдийн дийлэнх нь архинд живэх нэг шалтгаан, хавт­гайралт нийгэмд бий болгосоор байна. Төрийн нийт бэлэн мөнгө­ний шилжүүлэг төс­вийн 50 хувийг эзэлж байгаа. Энд тэтгэвэр, тэт­гэмж, цалин, өнөө эх орны хишиг иргэн бүрт олгоод эхэлсэн 21 мянган төгрөг орно. Энэ мөнгийг тарааж эхэлснээр инфля­ци 20 хувиар нэмэгдэнэ гэсэн таамаг байгаа юм. Хэрэглээнийх нь түвшин нь хангагдаагүй байгаа орны  иргэд ийм хэмжээний мөнгө авбал хэрэглээгээ нэмдэг. Тэгэхээр хэрэглээнийх нь бараа бүтээгдэ­хүүн аяндаа дэмжигдээд явчихдаг аж. 21 мянган төгрөгөөр тэгэхээр юу авч болох вэ. Түрүүчийн хоёр кг мах, хоёр шил архи. Үгүй дээ гэхэд Эрээний хямд бараа хэдхэн шир­хэг. Жаахан мөнгө болохоор бараа бүтээгдэхүүний үнэ нэмэхээс өөр үр дүн гарахгүй. Энэ нь буцаад инфляци хөөрөгдөхөөс хэтрэхгүй. 100 мянган төгрөгтэй хүн бол урьд хөршөөс сандал, ширээ авна. Нэг сая төгрөгтэй хүн сургуулийн төл­бөр эмчилгээний зардалд,10 сая­тай бол хэдүүлээ нийлээд байр авна. 100 саяыг тараавал үйлдвэр­лэл эрхлэхийг бодно. Тэгэхээр улсаас тарааж байгаа мөнгө  өөрөө иргэдийг архиар угжих нэг үндэс болж байгаа юм. Учир нь архинаас өөр зүйл авч хүрэхгүй болохоор тэр. Тийм болохоор улс орон, иргэд хөгжихгүй, баяжихгүй байгаа шалт­гаан нь энэ.  Төр нь гадаадын зээл тусламжаар угжуулна. Иргэд нь эх орны хишиг хэмээн хэдэн төгрөг авч архиар угжуулна. Эцсийн дүндээ гэмт хэрэг, ядууралд Монгол Улс угжуулна.  Архинаас үүдэн гарч буй хэргийн тоо баримтаас энд сөхье. Өнгөрсөн оны хагас жилийн байд­лаар улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2143 бүрт­гэгдсэн  нь өмнөх оны мөн үеэс   6.1 хувиар өсчээ. Согтуугаар үйлдсэн 9892 зөрчил бүртгэгдэж үүнээс 3509 хүнд 41.4 сая төгрөгийн тор­гууль, 2747 хүнд баривчлах , 3633 жолоочийн эрхийг нь хасчээ. Зол­гүй байдлаар нас барсан хэр­гүүдийг авч үзэхэд архинд хордож 419 иргэн нас барсны 79.1 хувь нь архаг архичид, 28 хувь нь тэнэмэл орон гэргүй хүмүүс байгаа юм.

Тэгэхээр  монголчууд угжтай юм шиг архинд донтож байгаагийн шалтгааныг хайя. Ингэхдээ мөн л тоо баримтан дээр тулгуурлах нь зөв байх. Манай улсад спиртийн 16, архины 93, шар айрагны 21 дарсны 14 үйлдвэртэй. Энэ үйлд­вэрүүд сүүүлийн жилүүдэд 173.4 сая литр согтууруулах ундаа үйлд­вэрлэжээ. Жилд дунджаар 8.6 сая литрээр өссөн болохыг цагдаа­гийнхан онцолж байгаа юм.  Үүнээс үзэхэд хоёрхон сая гаруйхан ард түмэн  согтууруулах ундаанд живэх хэмжээнд хүрсэн гаргалгааг хай­гаад байх шаардлагагүй юм. Энэ мэтээр дотоодын үйлдвэрүүд хан­галттай архиар угжиж байна, дээ­рээс нь импортын бүтээгдэхүүнийг нэмбэл энэ угжнаасаа бид хэзээ ч салахгүй. Харин энэ байдлаас гарахын тулд бид өөрсдөө угжнаа­саа салах хэрэгтэй болжээ.

Г.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих