Буурал ректорууд зайгаа тавих цаг нь болж
Төрийн өмчийн их дээд сургуулийн тоог цөөлж байна. Тэр хэрээрээ чанаржиж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол мэдлэг олгож байна уу, үгүй гэсэн хариулт угтана. Их, дээд сургуулиудыг нэгтгэснээр асуудал бүрэн шийдэгдэж байгаа хэрэг биш юм. Тоо нь цөөрч, дээрээс нь сургалтын төлбөр гэрлийн хурдаар өсч байгааг эс тооцвол дээд боловсролын чанарт ямар өөрчлөлт гарсныг хэлж чадах түшмэд байна уу. Хэлбэрийн төдий өөрчлөлтийг хийх нэг хэрэг. Агуулгаар нь баяжуулж, зарчмын шинэлэг арга барилаар ажиллахгүй бол юуны шинэчлэл байх вэ. Дээд боловсролын талаар шүүмжлэл тасрахгүй хөврөх хэрнээ төрийн мэдэлд байгаа их, дээд сургуулиудын удирдлагын арга барил, сургалтын тогтолцоонд анхаарлаа хандуулах тал дээр тэр бүр анхаарахгүй байна. Дээр ч тэр, доороо ч ялгаагүй.
Улсын гэгдэх их сургуулийг хуучинсаг, ахмадууд удирдаж байна. Тэдэнд энэ үг хатуухан дуулдаж байгаа байх л даа. Гэхдээ хэлэхээс өөр арга алга. Өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан, түүнээс нь буулгахдаа дараагийн бялуунд ам хүргэх эрхээр “шагнасан” эрхмүүд их сургуулиудын ректор гэх албыг эрхэлж байна. Гэвч дандаа тэвгэврийн насныхан шүү. Нэгэнт л мэргэжлийн дээд боловсролын чанар, энэ салбарын шинэчлэл ярьж байгаа бол буурал ректоруудыг өрнө дорнод өндөр боловсрол эзэмшсэн эрч хүчтэй залуусаар цус сэлбэх цаг болж. МУИС-д гэхэд л уржнан бүтэн жилийн турш захирлын маргаан өрнөж байв. Сонгосон, томилсон, үгүй, хууль бус хэмээн талцсан багш нар мөн ч их “улстөржсөн” дөө. Гэтэл асуудлыг нь хэрхэн шийдэж өгсөн гээч. Дэд сайдын суудлаас дөнгөж буусан С.Төмөр-Очирыг томилж, маргааныг намжааж байв. Маргаан намжсан ч шинэчлэл, хөгжил дэвшил хэр хурдассан талаар хэлж мэдэх хүн цөөн таарах вий. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг дээ. Түүн шиг л юм болсон. УИХ-ын дарга байсан нь С.Төмөр-Өчирт ийм боломж олгосон нь ойлгомжтой билээ. ХААИС-ийн Б.Бямбаа, МУБИС-ийн Б.Жадамбаа, ШУТИС-ын Б.Дамдинсүрэн гээд ахмад ректорууд сандал суудалтайгаа ноцолдсоор л.
Хүний хөгжлийн тэргүүнд тавьсан улс орон хөгждөг гэж арай боловсролтой нэг нь сайрхана. Харин боловсролын салбараа тэргүүнд тавьж байж улс орон хөгжинө гэдгийг хэн хүнгүй мэдэх хэрнээ 70 жил явж ирсэн “хөгшин зан”-гаа тавьсангүй. Залуу, чадалтай боловсон хүчнээ дэмжинэ гэсэн ойлголт буурал ректоруудад ч, асуудал хариуцсан түшмэдэд ч огт алга. Арай өөрөө сэтгэдэг, аливаа асуудалд шинэлэг өнцгөөс ханддаг залуус олон байна. Заавал гадаадад боловсрол эзэмшсэн гэж туйлшралгүй, чадал чансаа, арга эв, эрч хүчийг нь гол шалгуур болгоод, итгэл өгч, хариуцлага үүрүүлэхэд юунаас айдаг юм бол.
Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуусаа эх орондоо урьж ажиллуллах зорилготой “Зөгийн үүр” төслийн хүрээнд залуусаа уриалан дуудаж байгаа. Итгэл, сэтгэлээр жигүүрлэн харьж ирсэн залуусынхаа нүүр лүү ус цацаж, урмыг нь хугалалгүй хүч оюуныг нь ашиглаач. Хэрэв энэ чигээрээ цааш явах аваас монголчууд дэлхийн хөгжлөөс хэдэн зуун алхмаар хоцорсон хэвээр үлдэнэ. 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлт, Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан л юм бол боловсролын салбарт, тэр тусмаа их дээд сургуулийн дарга захирлуудынхаа ширээ сандалд “салхи оруулж”, чадалтай залуусаар цус сэлбэх шаардлага бидэнд байна.
Б.Долгор
URL: