Ардчилал буруутай юу?
Монголын ардчилал эрийн цээнд хүрлээ. Харин Монгол хүн ядуурал, ажилгүйдэл, архидалт, бохир улс төр, авлигал, шударга бус байдлыг нуруун дээрээ тээсэн 20 жилийг үдлээ. Ардчилалыг улиг болтол нь ярилаа, харин аливаа зүйл улиг болхоороо хэнд ч тоогдохгүй хэвийн дасал болчихдог нь хорвоогийн жам гэдгийг сая л мэдлээ.
Гэхдээ яагаад Монгол хүн сайхан амьдарч болохгүй гэж. Бид АНУ, Их Британи зэрэг улсуудтай яг л адилхан “Democracy”буюу Ардчилсан засаглалыг сонгосон шүү дээ. Ардчилал бидэнд эрх чөлөөг, тэнцүү эрхийг өгсөн, ардчилал бидэнд хаана ч хэний ч өмнө өөрийнхөөрөө байх боломжийг өгсөн гэж бид ярьцгаадаг. Цээжээ дэлдээд би ардчилсан орны иргэн гэж омогшидог.
Ардчилал гэдгийг ойлгоогүй байж 10 жилийн хүүхдүүд дураараа орилж үймүүлчихээд би ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм чинь яасан ч миний дур гээд л өөрийгөө өмөөрнө. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа болхоор би юугаа хийнэ миний дур гэж томчууд нь ярьцгаана. Юм л болвол хойд талын хар овоохой гэдэг шиг бүхнийг ардчилал руу чихнэ. Харин ардчилалын жинхэнэ мөн чанарыг утгыг нь одоог хүртэл ойлгоогүй л явна.
Монголын Ардчилал ард түмний төлөө юу эсвэл олигархийн хорогдох байр уу?
Товчхондоо ардчилалыг юу ч хийж болдог хязгааргүй эрх чөлөө гэж бид ойлгох юм. Ардчилал гэсэн нэрийн дор бүхнийг нууж, ардчилалаар өлсгөлөн ходоодоо дүүргэж, уранхай хувцасаа битүүлэх Монголын ард түмэн дэндүү хүлцэнгүй юм. Ардчилсан орон гэж иргэдээ эрхэмлэсэн үндсэн хуультай, ходоод нь цатгалан мөр нь бүтэн, орох оронтой унах унаатай, ард түмнээ хамгаалдаг төртэй орныг хэлдэг юм.
Хүнийг дээдэлдэг үнэлдэг орныг ардчилсан орон гэдэг. Хүнээ хөсөр хаячихаад хоосон хонуулж ямар ч хүндлэлгүй ханддаг төрийг ардчилсан төр гэж хэлэх үү? Монгол хүнд халгаатай, ашиггүй хуулийг баталдаг, Монголын бизнес эрхлэгч хөдөлмөрчин иргэддээ дарамт болдог төрийг ардчилсан төр гэх үү, хүнээ хамгаалдаггүй, иргэдээ тоолж чаддаггүй, хоёрдугаарт Монгол хүн гэсэн зарчимтай Монголын төр ардчилсан төр үү? Ардчилал гэж хашгираад л ардчилсан төр болж ардчилсан нийгмийг цогцлоон бүтээчихлээ гэж ярих нь эндүүрэл.
Мan is the measure of all things буюу хүн л бүхний хэмжүүр гэж Грекийн философич Протагор хэлсэн байдаг. Түүний хэлсэн үгний гол санаа бол хүн хамгийн үнэтэй бас эрхэм гэсэн утгатай юм. Харин Монголд Монгол хүн үнэ цэнэгүй. Үнэ цэнэгүй учраас үерийн далан уулын орой дээр амь зууж, гэдэс цувдайгаар хоногийг төөрүүлж, эх орондоо гадныханд дээрэлхүүлж байна. Ардчилсан нийгэм хүнийг л ард түмнийг л дээдэлдэг болхоос биш олигархуудыг мянга мянгаар нь үйлдвэрлэж баялгийн шударга бус хуваарилалтыг бий болгодоггүй юмаа.
Ардчилал хэмээх ухагдахуун Грекийнδημοκρατία– (dēmokratнa) “rule of the people”буюу ард түмний засаглал гэсэн утгатай үг бөгөөд бүх хүмүүс тэнцүү, чөлөөтэй мөн ахан дүүсэг байхыг чухалчилсан засаглалын нэг хэлбэр юм. Гэвч Монголд ардчилалын онол, ойлголт тийм ч хангалттай биш байна. Ардчилал хяналтгүй, үнэт зүйлсгүй бол, ухамсаргүй ёс суртахуунгүй хүмүүс ардчилсан засаглалыг удирдаж байвал тэнд ардчилал үгүй. Ардчилалыг мэдлэг боловсролтой, ухамсартай иргэдийн засаглал гэж мөн ойлгодог. Иргэдээ харанхуй мэдлэг боловсролгүй байлгах нь дарангуйлагч төрийн эрхэм зорилго гэлтэй. Учир нь мэдлэгүй хүн хүлцэнгүй бас аймхай. Түүнд хоногийн хоол маргаашийн амь зуулгаас өөр зүйл гэж үгүй.
Ардчилалыг анархизм гэж буруу ойлгосон, ардчилалыг мэдэхгүй байж ардчилагч хэмээн хашгирах улс төрчид, ард түмнийг ардчилал нэрийн дор 20 жил дарлалаа. Ардчилсан нийгэм гэж ийм л юм байна, энэ нийгэмд хүчтэний өмнө хүчгүй нь буруутан гэсэн дүрэм ноёлдог юм байна, чадсан нь амьдар чадаагүй нь сөхөр гэсэн хууль үйлчилдэг юм байна гэж толгойгоо шаана. Ардчилалыг ойлгоогүй жирийн иргэн би ардчилсан нийгэмд амьдарч байна гэхээс өөрийг даанч мэдэрч чадахгүй юм даа. Амьдрал аа гэж ямар хатуу юм бэ гэсээр хорвоог орхино гэдэг дэндүү эмгэнэлтэй.
Монгол оронд 20 жил нутагшиж эрийн цээнд хүрж байгаа ардчилал хэмээх ойлголт үржил шимээ одоог хүртэл өгөөгүй л байна. Монголын ардчилалд шударга ёс, тэнцүү эрх, хариуцлага, мэдлэг дутагдсан учраас үхмэл байна. Монголын ардчилал Монгол хүний төлөө, Монголын төр цэвэр болсон цагт л ардчилал Монголд ирнэ. Ардчилал нэрийн дор үйлдсэн гэм хэрэг бүхэн, ардчилалыг ашиглаж хийсэн бузар булай бүхэн, ардчилалыг буруу замаар будаа тээлгүүлсэн эзэд нь удахгүй хариуцлага хүлээнэ. Ард түмэн нэг л өдөр бид чинь энэ улсын эзэн нь юм байна гэдгээ ухаарна. Тэр цагт ард түмэн ялах болно.
Ардчилал буруугүй харин ардчилалыг буруутан болгож өөрсдийн бузар үйлдлээ далдлах гэсэн эрх баригчид, ардчилалын нэрээр хөрөнгөжсөн, ардчилалын нэрээр өөрийгөө хамгаалагч олигархиуд л ардчилалыг буруутай болгон харагдуулж байна.
Үнэн хэзээд гэрэлтдэг, харин бузар булай ямагт харанхуй дунд нуугддаг, үнэний гэрэл бузар булхайг илчлэх мөчид бузар булай нуугдах газаргүй болдог.
Д.Санчир
URL: