Хүний эрх гэж өрнөдийн эрх ашгийн халхавч гэж үү?
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг өнгөрсөн оны есдүгээр сарын дундуур баривчилсан англичууд түүнийг суллах эсэхийг монголчууд хүлээсээр. Удахгүй дорнын тооллын туулай жил гарах гэж байна. Уламжлал ёсоор нэг жил шувтрах нь.
Б.Хурц Францаас өөрийн орны иргэн Д.Энхбатыг хулгайлж Европын дөрвөн орноор дамжуулан зөөж, Берлин-Улаанбаатарын онгоцоор Монголд авчирсан бол хариуд нь англичууд манай тагнуулчийг арай боловсон байдлаар “хулгайлсан”. “Б.Хурцыг баривчлахын тулд өөрийнхөө улсад аялах урилга өгч урхидсан” гэж өмгөөлөгч Алан Жонс хэлжээ. Тэрээр Их Британийн хууль сахиулагчид “Үйл явдлыг зүй бусаар ашигласан” гэж тэр шүүмжлээд “Дипломат ажилтныг саатуулсан нь гадаад улсуудтай нөхөрсөг харилцаагаа сайжруулахад нийцэх арга зам биш” гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр Их Британийн Засгийн газар хуулийнхантайгаа хамтран Б.Хурцад урхи тавьжээ. Бүр тодруулбал, Лондонд хэд хэдэн албан уулзалт хийх учраас Монгол дахь Элчин сайдын яамнаас Б.Хурцад виз олгоод, далдуур түүнийг барьж хорихоор төлөвлөж байсан гэж өмгөөлөгч буруушаажээ. Б.Хурц албан ажлаар явсан учраас дипломат халдашгүй эрхээ эдлэх учиртай. Шүүх хуралд дэлгэсэн нотлох баримтаар Их Британи, Монголын холбогдох албан тушаалтнууд Б.Хурцыг Лондонд илгээж уулзалт хийх талаар ярилцаж байсан нь тодорхой болсон. ТЕГ-ын дарга, дэд дарга нарын албан болон хувийн шугамаар ганцаараа Англид очиж байсан тухай мэдээлэл тархаж байна.
Б.Хурцыг баривчилсан нь Монголын хулгайлагдсан иргэний эрх ашгийг давхар хамгаалж буй мэт авч нөгөө талаас Их Британи “хулгайг хулгайгаар” хариулахдаа хүний эрхийг зөрчөөгүй гэсэн үг үү? Ардчилсан Англи хүртэл хүний эрхийг зөрчиж, Монгол Улсыг үл хүндэтгэж буй мэт сэтгэгдэл төрж байна. Хэдийгээр эсрэг тэсрэг байр суурь байгаа авч үүнийг ажиглаж буй монголчууд дээрэлхүүлж байгаадаа сэтгэл дундуур байна. Коммунизмын жилүүдэд л оросууд ингэж дээрэлхдэг байсан. Б.Хурц тушаал гүйцэтгэсэн, гэтэл европчууд гүйцэтгэгчийг барьцаанд авчээ. Б.Хурцыг баривчилснаас хойш Англид олон шүүх хурал л боллоо. Шүүх хурлын шийдвэрийг сонирхон хүлээдэг байсан олон нийт одоо үр дүн гарна гэдэгт итгэхээ байжээ. Харин энэ зуур Монголд хавьгүй өргөн хүрээтэй үйл явц өрнөв.
Монголын Засгийн газар тухайн үеийн эрх баригчдын явуулсан хууль бус ажиллагааны өмнөөс албан ёсоор уучлал гуйхаар бэлтгэж байсан аравдугаар сарын дундуур Их Британи Монголд суугаа Элчин сайд Уиллиам Диксоноо нууцаар эргүүлэн татсан. Монголын талаас Их Британид таагүй хандлага гаргаагүй, маргаан зөрчилгүй байсан атал тэд Элчин сайдаа татсан. Их британичууд Элчин сайдаа “хулгайд алдахаас” айв уу? Чухамдаа Б.Хурцыг Лондонд очих уулзалтыг зохион байгуулах ажилд тэрээр оролцож урилга олгосон нь илрэхээс өмнө Элчингээ татжээ. Ноён Диксоныг урьж авчраад баривчлах, хэрэв боломжтой бол манай хүсэлтээр ноён Диксоныг дорнын аль нэг улс баривчлан саатуулж болох нь, яагаад гэвэл тэр ч бас яг Б.Хурцын адил хулгайд гүйцэтгэгчээр оролцсон бус уу?
Б.Хурцыг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, дотооддоо шүүх боломжтой болохын тулд манайх олонтаа буулт хийсэн ч англичууд манай тагнуулчийг сулласангүй. Одоо бас нэг асуултыг сөргүүлэн тавьж болох нь. Хэрэв Б.Хурцыг манай тал шилжүүлэн авч шүүвэл үед Их Британи бас Элчин сайдаа шүүх үү? Тэр ч бас л өгөгдсөн үүргээ гүйцэтгэсэн шүү дээ. Мөн Их Британи шүүх хурлын үед нотлогдсон тул Монгол Улсаас уучлал гуйх уу? Нөгөө талаас эх газарт үйлдсэн хэргийн гүйцэтгэгчийг англичууд барихаар ийм их хүч чармайлт гарган хөөцөлдсөн нь гайхалтай санагдахгүй байна уу? Гэтэл Б.Хурцыг баривчилсны дараа өгсөн эхний тайлбар нь Европын холбооны өмнө хүлээсэн үүргийн дагуу гэж байсан. Их Британи Европын холбооны өмнө Монголын тагнуулчийг хуурч баривчлах үүрэг хүлээсэн гэж үү?
БАРЬЦАА БА ТӨЛБӨР
Түүнээс хойших үйл явцын дарааллыг харцгаая. Монголын тал олонтаа буулт хийсэн байна. Албан ёсоор уучлал гуйсан, дараа нь ашигт малтмалын асар том ордуудаа эргэлтэнд оруулах гэж байгаа орны хувьд бусад орнуудын анхаарлыг маш их татаж буй хөрөнгийн биржээ англичуудад найр тавьсан. Б.Хурцыг баривчлахаас өмнө англичууд маш өрсөлдөөнтэй болсон хөрөнгийн биржийн тендерт ялагдчихаад байсан шүү дээ. Энэ асуудлыг шийдсэнийхээ төлөө МХБ-ийн захирал Р.Содхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар “дэвшив”.
Буулт хийх нь “хоёр талын ашигтай” байсан учраас, мөн монголчууд европчуудад илүү итгэдэг учраас өнөөг хүртэл үүнийг Монголын хэвлэлүүд “хурц” шүүмжлээгүй. Нэр хүндтэй, Азийн биржүүдтэй харьцуулшгүй туршлагатай, итгэл хүлээх Лондонгийн хөрөнгийн биржид МХБ-ыг өгөх нь зарим талаар Монголд ашигтай байж болно. Тэгэхээр буулт хийх боломжтой гэсэн үг.
Б.Хурцыг баривчилсны дараа тун удалгүй Францын худалдааны сайд яаравчлан ирээд Монголын ураны ордууд дахь оролцоогоо хангаад явчихлаа. Энэ ч бас л байж болох асуудал. Чухамдаа үүнийг шийдэхийн тулд хувьцаагаа Хятадын талд зарах гэж байсан Канадын компаниудаас ураны ордын лицензүүдийг нь булааж авсан. Цөмийн эрчим хүчний үнэт түүхий эд хөрш Хятадын мэдэлд орохын өмнө Орос-Францын хяналтад өгчээ. Азид дулааны эрчим хүч, Европод цөмийн эрчим хүчийг голлон ашиглаж байгаа үед энэ нь “эрчим хүчний түүхий эдийг зохих ёсоор хуваарилсан хэрэг” учраас ноцтой маргаан дэгдсэнгүй. Гэвч огт асуудалгүй ч юм бас биш. Үнэ цэнийг зөвхөн өнөөдрөөр хэмжиж болохгүй. Европчуудад буулт хийх явцад Өмнөд Солонгос, Канад, БНХАУ-тай ямар нэг хэмжээнд асуудал үүсч байна. Канадууд манай Засгийн газрыг олон улсын шүүхэд өгөөд байна. Канадын уул уурхайн технологи, Өмнөд Солонгос, Хятадын нүүрсний зах зээл асуудалтай боллоо гэсэн үг. Дорно зүгт өнөөдөр Монголд байгаагаас ч урт төмөр зам тавихаар бэлтгэж байгаа нь нүүрсээ Өмнөд Солонгос, Японы зах зээлд хүргэх л зорилготой. Гэтэл асуудал үүсчихээд байна.
Монголчууд эрчим хүчний түүхий эдийн олборлолтын чиглэлээр томоохон алхам хийж байна. Өнөөдөр эрчим хүчний гол түүхий эд бол нүүрс, уран. Лондонгийн бирж МХБ-ыг эзэмших болж байгаа нь алсдаа дэлхийн ашигт малтмал, ялангуяа эрчим хүчний түүхий эдийн үнийг тогтооход нөлөөлдөг нөлөөллөө хадгалж үлдэх ач холбогдолтой. Лондон Б.Хурцаас овоо ашиг оллоо, одоо болоо юм биш үү?
Ерөнхий сайд С.Батболд 2010 оны арваннэгдүгээр сарын 27-нд Их Британид хийх гэж байсан айлчлалаа хойшлуулсан. Айлчлалын үеэр Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээг үзэглэж магадгүй тухай хэвлэлүүд бичиж байсан ч энэ алхмаа Б.Хурцыг сулласны дараа л хийхгүй бол Монгол Улс хэтэрхий ихийг алдаж болзошгүй байлаа. Өнөөдөр Б.Хурцын өмгөөлөгчийн зардалд санаа зовж байгаа монголчууд ирээдүйд энэ байтугайг алдахгүй байх ёстой.
Одоо асуудлыг Германтай тохирох л үлджээ. Манай хэвлэлүүдээр үүссэн шуугианыг харвал Монголд боломжийн нөөц илэрсэн газрын ховор элементийг тэд сонирхож байгаа бололтой. Гэхдээ нэг хүний барьцаа гэхэд энэ арай ч дэндүү байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр германчууд олборлосон ховор элементийг онгоцоор тээвэрлэх санал гаргаж байжээ. Хэрэв хоёр талын эрх ашиг хангагдаж байвал буулт хийж болно, хэрэв нэг тал эрх ашгаа тулгавал хэрхэвч зөвшөөрч болохгүй юм.
ДИПЛОМАТ ИНТЕРВЕНЦ
Монголын Ерөнхий сайд П.Гэндэн ЗХУ-ыг “улаан империализм” гэж хэлснийхээ төлөө Оросод амиа алдсан. Коммунизмын жилүүдэд Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгчдийн айлгадаг байсан “барууны империализм, шинэ колоничлол” Монголд нүүрлэж байгаа юм биш биз?
ХХ зууны эхээр Манж Чин улс Европын цэргийн интервенцид нэрвэгдэж байсан бол өнөөдөр байгалийн асар их баялаг илэрсэн Монгол Улс Европын дипломат интервенцид нэрвэгдэж байх шиг байна. Хүйтэн дайны дараа глобал ертөнцийн тооцоонд ороогүй асар их баялаг коммунист лагерийн хаалттай хязгаар байсан Монголоос илэрсэн нь зарим талаар таагүй нөлөө үзүүлж байна.
Үүний улмаас жишээ нь Б.Хурцыг хуурч баривчилсан нь Монголд Европынхны нэр хүндийг, ялангуяа Их Британийн нэр хүндийг унагаж байна. Хэдийгээр өрнийхөн “хүний эрх” гэж ярих дуртай боловч өөрсдөө “хүний эрхийг” уландаа гишгиж, “бага буурай орныг үл хүндэтгэн” дорд үзэж байгаа мэт санагдаж байна. Ардчилал бол ердөө л өрнийнхний эрх ашгийн гоёмсог халхавч юм байна гэж үзэхэд хүрэх нь.
Эрх ашгаа хангахын тулд өрнийнхөн ардчиллын гол үнэт зүйл болсон хүний эрхийг ч үл тоомсорлож чаддаг юм байна гэсэн ойлголт Монголд тархвал Монголын “нялх ардчилал” шууд аюулд орлоо гэсэн үг. Өнөөдөр Монголд дарамт шахалт хангалттай байна. Хэрэв Таван толгойн ордыг эзэмших эрх өгөхгүй бол хилээ хаана гэж хятадууд сүрдүүлж байна, харин Хятадад өгвөл оросууд дорно чиглэлийн төмөр замыг тавихгүй гэж гэдийж болзошгүй. Монголын Засгийн газар Хятадын “Шинхва”, Америкийн “Пибоди” компанийн консорциум дээр нэмж Япон, Оросын компаниудыг оролцуулах санал гаргаж байгаа ч хэрэв оросуудыг оролцуулах бол хяналтын эрхийг авна гэдгээ Хятадын тал мэдэгдсэн байна. Учир нь оросууд төмөр замд давуу эрхтэй.
Улам бүр хүчирхэгжин буй коммунист-тоталитар дэглэмтэй өмнөд хөрш, хагас ардчилсан Орос буюу хоёр хөршөөсөө улстөр-эдийн засгийн талаар хараат бус байхын төлөө чадлаараа тэмцэж байгаа жижигхэн Монгол өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгааг “Ардчилал” гэж үздэг. Ардчиллын тулгуур нь гуравдагч орнууд тодорхой хэлбэл хүйтэн дайны үеийн өрнийнхөн гэж үздэг. Өрнийнхөн гэдэг нь АНУ, Япон, Өрнөд европ буюу Европын холбоо, Их Британи юм. Чухам ийм учраас гадаад бодлогын үзэл баримтлалаа “олон тулгуурт” гэж томъёолсон. Хэрэв тулгуурууд найдваргүй гэсэн ойлголт тархвал Монголын ардчилал урт наслахгүй. Хэрэв Монголд ардчилал мөхвөл хоёр хөршийн түүхий эдийн агуулах болж хувирна. Энэ эгзэгтэй үед Монгол Улс ардчилсан, нээлттэй байхад “гуравдагч хөршүүд” туйлын чухал нөлөөтэй. Яг өнөөдөр Англи, Герман гүрнүүд Монголыг биш юм гэхэд Монгол дахь ардчиллыг дэмжиж буй эсэхэд эргэлзэж буй эргэлзээг тайлахгүй бол цаашид асуудал огт өөрөөр эргэхийг үгүйсгэхгүй.
Чухам ийм учраас хоёр талын эрх ашгаа харгалзсан Монголын Засгийн газар өрнийнхөнтэй учраа ололцохын тулд өнөөдрийг хүртэл Б.Хурцтай холбоотой асуудлын дараа боломжоо шавхан, зарим талаар эрсдэлтэй алхам хийж, хангалттай буулт хийжээ. Энэ буулт нь ганцхан буруугаа хүлээхэд оршин байгаа юм биш, Европын улсуудтай тогтоосон найрсаг харилцаагаа нандигнаж буйд, ардчиллын гадаад тулгуурыг бэхжүүлэхээр хүчин чармайлт гаргаж буйд асуудлын гол нь байгаа юм. Гэтэл энэ бүхний хариуд Монголд ямар тус гарав? Өчүүхэн ч үр дүн алга. Үүнээс цааш алхвал Монголд ноцтой шүүмжлэл өрнөж, өрнийнхөнд талархах бус гомдоход хүрнэ.
“Ухаан ихэдвэл сэтгэл багасна, сэтгэл ихэсвэл ухаан багасна” гэж монголчууд ярьдаг. Цаашид монголчууд ардчиллыг дэмжсэнийх нь төлөө өрнийнхөнд талархах халуун сэтгэлээ хүйтэн ухаанаар сольвол өмгөөлөгч Алан Жонсын хэлсэнчлэн “Дипломат ажилтныг саатуулсан нь гадаад улсуудтай нөхөрсөг харилцаагаа сайжруулахад нийцэх арга зам биш” гэсэн үг шууд утгаараа хэрэгжих болно. Магадгүй өмнөх бүх асуудлаа эргэн хянахыг шаардаж ч болно. Тиймээс өрнийнхөн Монголын ардчиллыг дэмжиж буйгаа харуулж Монголын иргэнийг суллах цаг болсон.
Нийтлэлч: Баатархуяг
Эх сурвалж: http://baatarhuyag.niitlelch.mn/content/2829.shtml
URL: