”MCS”-ийн хаягтай газрын наймаа

eМонголыг монопольддог “MCS” мундаг юм. Үнэхээр “MCS”-д хөтлөлцөөгүй хүн, хүрээгүй бизнес, хүртээгүй шагнал байхгүй гэдэг нь үнэн. Гэхдээ энэ бүх эрх мэдлээ шударгаар олж авсан бол бахархмаар. Гэвч тийм биш аж. Энэ бүхнийг нь дан магтахаасаа гадна алдаа оноог нь дэнсэлж, хэлж байх нь сэтгүүлзүйн үүрэг.

“MCS” бол бизнесийн салбарт цэврээр өрсөлддөггүй. Цаг үргэлж том төсөл нэртэй “луйвар”-ын аргаар ажил явуулж төр болоод, тогтоол шийдвэр зэргийг лоббидох, хахуульдах зэргээр давуу эрх олж бусад бизнесийн өрсөлдөгчдөө шахдаг тулдаа өдий зэрэгт хүртлээ томорсон гэх олны ам ортой бололтой. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдэлтнүүдтэй сүүжирч байгаад бизнесийнхээ таатай орчинг бүрдүүлж цөм хийдэг гэсэн үг юм. Үүнд зарим өрсөлдөгчид нь ам муутай байх нь ойлгомжтой. Үүнээс нь болж бизнес нь шахагдаж дампуурсан газар ч цөөнгүй байдаг гэж дуулдах юм билээ. Дээрх төрийн нэр барьж лоббигоор бизнес хийдэг тухай нь цөөн хэдийг баримтаар өгүүлье.

Айл бүрийг компьютержүүлэх төсөл

XXI зуунд Монголын өрх бүрийг компьютертэй болгох мэргэн санаа. Ерөнхий сайд нь хүртэл дэмжиж бөөн сүртэй сурталчилгаа орон даяар өрнөж ард түмний тархийг угаасан. Үүний дагуу Мэдээлэл холбоо, технологийн газраас санаачилсан “Айл бүрийг компьютержуулах” төсөл хэрэгжсэн. Тухайн үедээ 150-250 ам.долларт багтаан нэг нэг цахим тооцоолуурыг хот, хөдөөгүй хүргэх боломжтой гэсэн тооцоог олон сарын судалгаанд үндэслэн гаргасан байдаг. Ядуухан амьдралтай ч 200 мянган төгрөгөөр компьютер худалдаж авах чадвар монголчуудад байлаа.

Мэдээж хамгийн хямдыг нь сонгосон болохоор шинэ бүтээгдэхүүн гэж саналтгүй л дээ. Тэгээд хуучин компьютерээ жагсаалаас гаргаж байгаа улсыг судалж байгаад бөөнөөр нь оруулж ирэх онцгой даалгаврыг электрон барааны худалдаа эрхлэгч хоёр компанид олгосны нэг “MCS” холдинг байсан. Хэзээ ямар шалгуураар тэрхүү тендерт ялалт байгуулсан гэдгийг нь мэдэх хүн гарахгүй бие бие рүүгээ чихэж багагүй хэл ам гарч байсан. Энэ хэл ам мөн л нөгөөх тендерийн асуудал.

“MCS” -тэй холбоотой бас нэгэн асуудал. Энэ бол газрын наймаа. Тэд үүнд гаршсан. Яагаад гээч. Монголын улс төрд тэдний халаасны хүмүүс байгаа болохоор бүх зүйл нь ногоон гэрлээр бүтдэг.

Улсын нийслэлийн төв талбай тэр дундаа цэцэрлэг бүхий газрыг авч өнөөдөр худалдаа, үйлчилгээний асар том барилгыг сүндэрлүүлж чадсан.

Олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан ч гэсэн тэд оффис болон бизнесийн төв хэмээн нэрлэж ямартаа ч Монголын нүүрийг тахлах орчин үеийн барилгыг барьж чадсан гэдгээрээ бахархдаг. Тэд энэ газрыг хэрхэн үнэ цохиж бас лоббидож авсан одоо хэр нь нууц хэвээр л байгаа. Одоо 21 давхар, 82 метр өндөр олон улсын “А” зэрэглэлийн бизнесийн төв “Шангрилла” нүднээ илхэн байна.

Бас нэгэн баримт. Үндэсний соёл амралтын хүрээлэнг “Дисней лэнд” шиг болгоно гэсэн сайхан амлалтаар газрыг нь төмөр хашаагаар хашаад удаж байна. “Бодь групп” Монголыг “Дисней лэнд”-тэй болгоно гэж ам гарснаас хойш борчуудын хүүхэд тоглож хүч хүрэхээргүй үнэтэй, цөөн хэдэн тоглоомтой болсон. Харин энэ зуур Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг тойрон тансаг зэрэглэлийн барилгууд сүндэрлэсээр байна. “MCS” группын барьж буй “Шангрилла-2″ зочид буудлыг хүүхдийн тоглоомын газраас хумсаллаа гэж хэл ам таталсан. Тэд уг нь хүүхдүүдтэй л дээ. Гэхдээ хүүхдүүд нь Монголын парк дээр биш гадаадын нөгөө гоё “Дисней лэнд”-д тоглодог болохоор бусдын хүүхэд хамаагүй байх нь аргагүй юм. Хотын төвийн “А” зэрэглэлийн бүхий л газрыг авсан байдаг. Тухайлбал одоо “Орчлон” сургуулийн ард Энэтхэг элчингийн хойд талд орон сууцны зориулалттай барилга баригдаж байгаа. Мөн экс Ерөнхийлөгч П.Очирбат гуайн хуримын ордны ар талд байрлах хаусыг газрын хамтаар худалдан авсан тухай ч мэдээлэл байна. Экс Ерөнхийлөгч яагаад хотын төвийн газраа “MCS”-д өгчихсөн юм бол гэх бодол төрлөө. Гэтэл Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулах Ухаа худаг төсөлд түүний “Тэнгэрийн цаг” компани 6,1 хувийг эзэмшдэг билээ. Тэгэхээр энэ хүмүүс холбоотой байж таарах нь. Тараад зогсохгүй мөнөөх газарт нь баригдах үл мэдэх барилгын нэг давхрыг нь өгөх тухай яриа өрнөсөн тухай эх сурвалжийн мэдээлэл бий. За тэгээд “MCS”-д очсон Дархан цаазат газар, тусгай хамгаалалтын бүс дэх олон газруудыг дараагийн дугаартай хүргэх болно.

Үргэлжлэл бий


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих