Н.Алтанхуяг генсекээ “золигт” гаргаж чадах уу

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл уржигдар орой удтал хуралдсан тухай бид мэдээлсэн. Энэ хуралдаанаар “Монгол хүн-2020” хөтөлбөр болон намын дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын явцын талаар хэлэлцсэн. Хуралдааны халуун уур амьсгал намын даргаа шахаанд оруулахад чиглэсэн бөгөөд үүнийхээ ч үр дүнг гарган бухимдалдаа боогдсон Н.Алтанхуяг өчигдөр өглөө сэрэнгүүтээ л гэнэт “Маргааш Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулъя” гэсэн шийдвэр гаргаж орхисон байна. Харин түрүү оройных нь Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай зарлан хуралдуулах тухай үг хэл огт гараагүй учраас Ардчилсан намынхан өчигдөр мөрөө хавчихаас өөр үйлдэлгүй байлаа. Тэд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ямар асуудал хэлэлцэх талаар нэгдсэн ойлголтгүй байсан. Дам сургаар л намын дүрмийн өөрчлөлтийг ярих бөгөөд хамгийн гол нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг унагах ажиллагаа явагдах юм гэнэ гэсэн яриатай байлаа. Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр намын дарга хийгээд гишүүдийн хооронд бүлэглэл, фракцийн ширүүхэн тулаан өрнөсөн аж. Чухамдаа намын дүрмэнд өөрчлөлт оруулах асуудал ийнхүү намын дотоод дахь фракц бүлэглэлүүдийн амбицыг дээд цэгт нь хүргээд байгаа юм байна. Дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт дуртай хүн бүр орох боломжтой болсноос болоод дотоод фракц бүлэглэлүүдийн олон төлөөлөл орж, өөр өөрийн намын удирдлагад байх бололцоог гаргах арга саамхайж эхэлсэн байна. Тухайлбал, Х.Баттулгын “МоАХ” фракци намыг хоёр дэд даргатай болгох санал оруулан ихээхэн шуугиан тариад байгаа юм. Тэд хоёр дэд дарга нь эмэгтэйчүүдийн төлөөлөл,  Засгийн газарт байгаа сайд нарын эсвэл парламент дахь бүлгийн төлөөлөл болгон дарга нь байна гэх мэтээр олон хувилбараар оруулж байгаа юм байх. Үүнээс нь үүдээд ч намын дэд дарга мөрөөдсөн хэнээтнүүд “МоАХ” фракцийн дүрмийн өөрчлөлтийг дэмжихээр яриа хэлэлцээрээ хийж эхлээд байгаа юм байна. Одоогийн байдлаар даргатайгаа муудалцсан генсек Д.Эрдэнэбат МҮДН-ынхантайгаа, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр хоёр “1-Ардчиллал” клубтэйгээ “МоАХ” фракцийг дэмжих нь тодорхой болоод байгаа. Ингэхээр Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний дийлэнх нь намаа хоёр дэд даргатай болгох асуудлыг дэмжиж батлагдах өндөр магадлалтай байгаа юм.
Харин намын генсек Д.Эрдэнэбатыг унагах тухай асуудал баасан гариг хүртэл хамгийн том сэдэв болсоор байх нь. Намын даргатайгаа түнжин тасарсан Д.Эрдэнэбат албан тушаалаа өгч байгаа болохоор МҮДН–аас орон гарсан суудалд нь хүн нэр дэвшихгүй нь тодорхой. Иймээс томоохон бүлэглэлүүд өөрийн хүнээ тавихаар ил тулаан зарлаад байгаа гэнэ. Хамгийн түрүүнд энэ буухиад Нийслэлийн намын дарга, Х.Баттулгын хүн гэгддэг Ш.Түвдэндорж яригдсан боловч түүнийг “генсекийн зангараггүй” гэж дийлэнх гишүүд үзэж байгаа юм билээ. Иймээс мань хашрыг Х.Баттулга мянга түлхээд амжилт олохгүй нь. Мөн үүний дараа яригдсан хүн бол Улсын баатар Э.Бат-Үүл. Гэхдээ Улсын баатар арай ч намын генсек хийтлээ доошоо орохгүй гэх бөгөөд, журмын нөхөд нь ч “Баатарт арай ч жижигдэнэ ээ” гэж хүлээн авч байгаа юм билээ. Тэгээд ч Ардчилсан нам генсекээ парламент, Засгийн газрын гишүүнээс сонгож байсан түүх үгүй. Ингэхээр Э.Бат-Үүл, Ш.Түвдэндорж хоёрын нэрс бол зүгээр л чулуу хөөлгөсөн мессеж болох нь. Мөн “Н.Алтанхуягийн дургүйцсэний зоргоор генсекээ хурдан хуумгай сольж намаа доргиохгүй шүү” гэх хандлагатай Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн ч тааралдсан.
Дашрамд дуулгахад тус намын дүрмийн “Үндэсний зөвлөлдөх хороо” гэсэн хэсгийн 6.4.5-д “Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг 30-аас доошгүй хоногийн өмнө намын дарга юм уу, Гүйцэтгэх зөвлөл зарлана” гээд цагаан дээр хараар заасан байдаг. Иймээс Н.Алтанхуяг дарга хоёрхон хоногийн өмнө уг хурлаа гэнэт зарласнаараа намынхаа дүрмийг зөрчиж байгаа юм. Мөн өчигдөр үдийн алдад буюу 12.00 цагийн үед л лав хөдөө орон нутгийн гишүүддээ төв намаас албан ёсоор мэдэгдээгүй, нөгөөдүүл нь утсаар л аман мэдээлэл бие биенээсээ авсанаас өөр сураг ажиггүй байлаа. Иймээс маргааш буюу баасан гаригт зарлагдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирц хүндхэн бүрдэх нь тодорхой байлаа. Ерөөсөө даргаа хаа холын Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгуудын гишүүд хоёрхон хоногт амжиж ирж чадахгүй, тэгээд ч сар шинийн баяр таарч байгаа болохоор ирц бүрдэхгүй биз ээ гэх хэсэг ч байлаа. Ямартай ч тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний 50+1 буюу ядаж 115 гишүүн ирж байж хуралдаан эхлэх дүрэмтэй билээ. Ингэхээр бидэнд тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн ирц дүрмийн хүрээнд үнэн зөв бүрдэж, намынхаа дүрмэнд өөрчлөлт оруулж, генсекээ сольж чадах эсэхийг маргаашийн хурлаас харах л үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих