Авлигатай тэмцэх газар АН-ын засаг даргаас жийрхэхгүй байлгүй дээ

-Ж.Батсуурийг иргэд нь шалгуулах хүсэлт тавьжээ- Хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрсэн Засаг даргаа шалгуулахаар Сүхбаатар аймгийн хэсэг иргэн Авлигатай тэмцэх газарт ханджээ. Эхэндээ аймгийн төв орчмын иргэдийн газрыг хуулиар далайлган авсан Засаг дарга Ж.Батсуурийн үйлдэл яваандаа бусад сумынхныг ч байж суухын аргагүй болтол хүрээгээ тэлээд байгаа аж. Энэ удаа иргэд эрх ашгаа хамгаалах зорилгод нэгдэн Засаг даргын 10 гаруй булхайг шалгуулахаар болсон байна. Түүний нэр холбогдсон хэрэг хэдэн зуун сая төгрөгөөр хязгаарлагдахгүй, хэдэн тэрбумаар хэмжигдэж байгаа юм. Нэг үе иргэдийн эзэмшил газар уруу хуруу хумсаа дүрсэн Засаг ноёнтон сүүлийн үед орд газраар “занимаалдах” болжээ. Түүний овоо хараанд Эрдэнэцагаан, Мөнххаан суманд орших томоохон ордууд олзлогдсон байна.

Сүхбаатар аймагт Төмөртэйн цайр хэмээх алдартай орд бий. Энэ ордод үйл ажиллагаа явуулдаг Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минераль” ХХК татварт хоёр тэрбум төгрөг төлжээ. Харин ийм их хэмжээний мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулах нэрийн дор Засаг дарга албан тушаалаа урвуулан ашиглаж нэлээд хэсгийг нь халаасласан гэж иргэд нь үзсэн байна. Үүнээс гадна энэ компаниас 200 сая төгрөг авсан гэх хардлага ч байгаа аж. Түүний хөрөнгө мөнгө завшсан, бусдад давуу эрх олгосон хууль бус үйлдэл үүгээр дуусахгүй.

Эрдэнэцагаан сумын нутаг дахь Асган толгой хэмээх газарт Хятадын компанид их хэмжээний газар түрээсээр өгч орхиж. Энэ нь хууль зөрчсөн болохыг шүүх тогтоосон ч өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон яваа Засаг дарга чухам юунд найдсан юм бол? Мөн сумын нутаг Нүхт дэх гянт болдын ордыг ашиглуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс нүд ирмэх зуур л гаргуулчихсан гэнэ. Хожим сумын ИТХ түүний шахаанд орж бас л ийм шийдвэр үзэглэхээс өөр аргагүйд хүрчээ. Өгөө аваатай хүмүүст л өгсөн болж таарах нь ээ дээ.

Сүүлийн үед Мөнххаан сумын нутагт оршдог гөлтгөний ордтой Засаг дарга Ж.Батсуурийн нэр салшгүй холбогдох болсон. Хятадуудтай сүжирсэн түүний тохиролцоо 710 сая төгрөгийн хохирол дагуулжээ. Энэ ордын 50 хувийг халааслах мэргэн арга сүвэгчилж, эзэмшигч компанид саналаа ичих ч үгүй цухуйлгаад авсан “зоригтой” дарга. Иргэдийн байршил сайтай газар уруу нүд унагах нь бүр хэтэрсэн гэж байгаа. Түүний энэ хууль бус дайчилгаанд Баруун-Урт сумын иргэн Ц.Батболд, Энхбаатар нарын олон хүний газар, орон байр өртөж хохироожээ. Шүүх Засаг даргын хууль зөрчсөнийг тогтоосон ч иргэд газраа албадан чөлөөлөлтөөс аварч чадаагүй л явна. Засаг даргын мөнгө босгох нэг арга нь хандивын арга хэмжээ аж.

“Аймаг, сумаа хөгжүүлцгээе, хөрөнгө мөнгө хандивла, ивээн тэтгэ…” гэсэн санал тавихад нутгийн уугуул бизнесмэнүүд дуртай ч, дургүй ч зөвшөөрнө. Их, бага мөнгө бариад ямар нэг байдлаар л хамрагдана. Ийм маягаар босгосон мөнгөний нэлээд нь аймгийн удирдлагын халаас уруу урсчихдагийг тэд яаж гадарлах билээ. Хөрөнгө оруулалтын чуулга, соёл урлагийн өдрүүд зохион байгуулахад компаниудаас овоо мөнгө цугларчээ. Харин тэрхүү хөрөнгө зарцуулалтын тайлангаа нэг бүрчлэн тавихыг аймгийн ард иргэд хэдэнтээ хүссэн ч тусыг эс олжээ. “Но” байгаа болохоор л Засаг ноёнтон ус балгасан мэт дуугүй. Цаана нь улстөрийн том хамгаалалт байгаа учраас л захиргаагүи юм шиг аашилж байж таарна. Тэрбээр Засаг даргын алба хаах болсноос хойш хувийн журмаар хилийн дээс алхах нь ч бас олширсон гэж байгаа.

Ингээд жагсаавал байвал мань даргын хууль бус үйлдэл дундрахгүй. Засаг дарга нарын идсэн уусан, зувчуулсан завшсаныг сүүлийн ганц жилийн дотор Авлигатай тэмцэх газар “маш сайн илрүүлж байгаа”. Гагцхүү тэдний хараанд өртдөггүй хэд хэдэн Засаг дарга бий. Ардчилсан намын харьяалалтай Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд шалгагдахгүй гэсэн баталгаа өвөртлөн дураараа дургиж буйн нэгэн жишээ нь Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь юм. Ардчилсан намын харьяалалтай Засаг даргын хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газар шалгахаас цэрвэхгүй байлгүй дээ. Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй шүү дээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн
70.1, 70.2.6, 70.2.8-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6-д заасныг тус тус баримтлан “Тулга” дэлгүүр, “Жанжинтулга” худалдааны төвийн уурын зуухны хойд талын тоосгон хэрмийн зарим хэсгийг буулгаж, машин орох гарах гарц гаргах зөвшөөрөл олгохыг аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт даалгаж, аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрээр “Жанжинтулга” ХХК-ийн худалдааны төвийн эзэмшил газрын хашаа, явган хүний замыг буулгасны улмаас учирсан хохирол болох 3.3 сая төгрөгийг аймгийн Засаг дарга Ж.Батсууриас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Батболдод олгосугай.

/Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн гуравдугаар сарын 11-ний өдрийн 06 тоот шийдвэрээс…/

Н.Цэцэрлэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих