“МАХН бол жинхэнэ коммунист нам…, Аа нээрэн биш”
Намын нэрний товчлолын ганц үсэгнээс болсон мэт өнгөн талдаа харагдуулах гэж элдэвлэх төрийн хутгуурчид “гишгэж өндийсөн” намаасаа салав. Өөрөө өөрийнхөө итгэл үнэмшлээс ч салав. Тэд өчигдөр өнөөдөр хоёр хөдөө дайдаас, сумаас нь, гэрээс нь, гэр бүлээс нь мөнгөөр салгаж, хүчээр авчирсан “төлөөлөгч”-дийнхөө хамтаар “Аса” циркийн чанга яригчаас салахгүй хэмээн ноцолдож байна. “МАХН бол жинхэнэ коммунист нам… хэмээн өөрийгөө цэргийн хүн гэж танилцуулсан нэг нөхөр жинхэнэ пактлав. Цаадуул нь ч ёстой микрофоноор ярих, зурагтаар гарах боломж олдлоо гэсэн шиг ам салав, бишээ халав. “Төрийн дээр нам, намын дээр дарга болчихлоо” гэж индэр дээрээс илтгэх цөөнгүй хүний үгнээс Н.Энхбаярын үед энэ байдлын эхлээгүй гэсэн бат нот итгэж асан бодлоосоо харин салав.
Намаас нам салав. Нам сэмийн эсрэг гэж ч, эсвэл хуучин намаас шинэ нам салжээ ч гэж ойлгож болно, юутай ч намаас нам салав. Н.Энхбаяр байж болох бүх өндөр албан тушаалынхаа хамгийн сүүлийнхээс ард түмний санал асуулгын үр дүнгээр хоёр оны өмнө салав. Тэр цагаасаа л эхлэн том, бүр томоос том албан тушаал ээлжгүй хашиж байсан хүний зангарагаас, мөс жудгаас, журмын нөхдөөсөө, ярьж хийх гэж оролдож байсан бүгдээсээ, бүр үзэл бодлоосоо, нүүрнээсээ салгалгүй зүүдэг асан багнаасаа ч салав. Хоолноосоо тэр “салав”. Энэ удаа харин өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч бус, албан ёсоор Ардын намынхаа бага биш албан тушаалаас /Бага хурлын гишүүний/ татгалзаагүй хэрнээ нэгэн цагт толгойлж явсан намаасаа эрээ цээрээ алдан байж салав. Энэ нь ялагдаж буйгаар харагддаг талд нь ордог монгол сэтгэхүй дээр тогловол яадаг бол гэсэн айдсаасаа салсан хэрэг байлаа. Илүү оноо цуглуулахгүй, улс төрийн хожоо гаргаж чадахгүй өнгөрөөчих вий гэсэн айдсаасаа энэ хүн ийн салав. Н.Энхбаяр хамтран зүтгэж байсан, өөрийг нь дээш нь чангаасан, өөрөө дээш нь өргөсөн бүхнээсээ салъя гэж салав. Эхнэр нөхөр хоёр салахад шүүхээс эвлэрэх хугацаа олгодог шиг Н.Энхбаярт эргэж бодох, “Арай ч ингэж…” гэж азнах цаг байсан боловч тийм бодлоосоо салах гэж салав. Төрийг түйвүүлж, дайвуулж, олон нийтийн санаа бодлыг үймүүлж, самууруулж байгаад өмнө нь замдаа саад болсон бүхнийг гишгэлж байж олж авч дөнгөдөг байсан эрх мэдлийнхээ зах сэжүүрээс ч болов дахин зуурах гэсэн чанадын зорилго нь биелэхгүй байх вий гэсэн зовнилоосоо харин ингэж салав.
Эрх мэдлээс, нүүрнээсээ авч ер үзээгүй багнаасаа ч салсан Н.Энхбаярыг даган сэвж, нэрээ мартан дэвж яваа Ц.Шинэбаяр УИХ дахь намынхаа бүлгээсээ салав. Тэгэхдээ бас ч гэж Ц.Даваасүрэнгээ гараараа даллаж салав. Өөрийг нь итгэж сонгосон тойргийнхноосоо, нутаг уснаасаа ч, нэр нүүрээсээ ч салав. Хаана хашгираан байна тэнд л цогиж явдаг Л.Цог “МАХН-даа элсэе” гэж, ардчилсан хүчнээс сайдын суудал хүртэж явснаа мартангаа, иргэний хөдөлгөөнийхнөөсөө салав. Д.Нинж амлалт нэхэхээс, ард түмний хянан шалгах хорооноосоо салав. Миний Монголын газар шорооноосоо П.Болд салав. Ардчилсан намаасаа Ч.Энхээ салав. Нам хөдөлгөөн сольж явдаг, овлигогүй нэрнээсээ улс төр судлаач гэгдэх Л.Эрдэнэтуул салав. Маргааш цаадуул нь мөнгө, бага ч болов албан тушаал өгөхгүй л бол магад нөгөөдөр гэхэд эдгээр хөдөлгөөнчид бүгд МАХН-аас сална.
МАХН-ын Онц их хурал гэж тунхаглаад байгаа нь ямар ч логикгүй, хууль зөрчсөн үйл явдал бөгөөд, олон хүнд эргэлзээ төрүүлэв. 2010 оны аравдугаар сарын сүүлчээр МАХН-ын XXVI Их хурал болж, уугуул Монгол Ардын нам нэрээ сэргээх шийдвэрийг олонхоороо гаргасан. Гэтэл дахин юун МАХН Онц их хурал хйиж байгаа нь энэ вэ. Хуулийн дээр өөрийгөө байдаг гэдэгт итгэж орхидог Н.Энхбаяртангууд тэр шинээр авсан гээд байгаа Монголын алдартай хувьсгалт нам нэрээ Онц их хурлынхаа индэрийн ард бичихгүй, илтгэл сэлтдээ ч энэ нэрээ ашиглахгүй яасан юм. Монгол Ардын нам ч өнөөдөр албан ёсны байр сууриа илэрхийлэх ёстой. Тэгж гэмээнэ ойлголтын зөрүүгээс иргэд сална.
Олон олон салах үйл явц явсаар ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлэх, авлигач, шантаажлагч, төрийн хутгуурчдийг нэгдэх процессийн эхлэийг тавьж байна. Хоёр сөрөг цэнэг түлхэлцдэг нь физикийн хууль. Нэг дор олон хорчин байх аваас түлхэлцэж таарна. Тэр цаг холгүй энэ. Бас л Н.Энхбаяраас Ц.Шинэбаяр салав гэж бичиж л таарах нь дээ.
URL: