Р.Арвинцогт: Д.Болор захирлын шийдвэр “Мобиком”-ын зүгээс харахад сайн зүйл биш л дээ

“Мобиком” корпораци ХХК-ийн Ерөнхий захирал Р.Арвинцогттой ярилцлаа.

-“Мобиком”-ыг удирдаж, байсан хүн одоо “Скайтел”-ийг удирдаж байна. Д.Болор захирал манай сониноор дамжуулж байр сууриа илэрхийлчихсэн. Танай зүгээс өнөөдрийг хүртэл ямар нэг тайлбар хэлээгүй байгаа. “Мобиком” энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Д.Болор захирал маань “Мобиком”-ын салбар компаниудад есөн жил ажилласан. 2003 оноос “Ньютел” компанийн захирлаар ажиллаж байгаад сүүлийн гурван жил “Мобиком” компанийн захирлаар ажилласан. Захирлын алба хоёр жилийн гэрээтэй байдаг ч түүний хувьд хугацаагаа нэг жилээр сунгаж ажилласан байгаа. Д.Болор захирлын гэрээ дууссантай холбоотойгоор “Ньюком” группын дотор ротаци хийж ажилладаг зарчмаар дараагийн компанийнхаа ажилд томилогдон нэг сар амарч ирээд ажилдаа орно гэж байсан. Мэдээж тэр хугацаанд гаднаас янз бүрийн санал ирсэн шиг байгаа юм. Д.Болор захирал, удирдах арга барил сайтай лидерүүдийн нэг. Монголд хамгийн их дутаж байгаа юм бол удирдах авьяас, лидер байх чанар. Бизнес их хөгжиж, олон шинэ бизнес бий болж байна. Тийм бизнесүүдийг аваад явах туршлагатай хүн манайд маш цөөхөн. Тэр утгаараа “Скайтел” компанийн хөрөнгө оруулагч нь солигдож, удирдлага нь өөр тийшээ шилжсэний дараа нэлээд удаан хугацаанд хүн хайж байсны дагуу Д.Болор захиралд санал тавьсан болов уу. Д.Болор захирал салхин сэнсний компанийн захирлаар очих санал авсан байсан хэдий ч салбартаа үлдье гэсэн шийдвэр гаргасан. Манай компанийн тухайд хувь хүний сонголтыг хүндэтгэж байгаа.

-Та Д.Болор захирлыг эртнээс мэдэх үү?

-Харилцаа холбооны компанид ажилладаг байхаас нь мэднэ. Тухайн үедээ шууд биш ч гэсэн тодорхой хэмжээгээр өрсөлддөг компанид ажилладаг байсан. Тэр компанидаа бизнесийнхээ эрх ашгийн төлөө хангалттай сайн ажилладаг, том удирдагч, лидерүүдийн нэг байсан учраас “Мобиком” урьж ажиллуулсан байгаа.

-”Мобиком”-ын захирал “Скайтел”-ийн захирал болсон талаар та компанийнхаа байр суурийг илэрхийлсэнгүй?

-”Мобиком”-ын зүгээс харахад сайн зүйл биш л дээ. Энд ажиллаж байгаад шууд өрсөлддөг компанид очсон гэдэг утгаараа манай компанийн хувьд мэдээж таатай байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ нөгөө талаас тэр хүн хувийнхаа сонголтыг хийгээд тийшээ явах эрхтэй.

-Та холбооны салбарт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Социализмын үед ЗХУ-д холбооны инженерийн мэргэжил эзэмшсэн. Хөдөө орон нутагт жирийн техникчээс ажлаа эхэлж байлаа. 1986 онд ажилд орсон гэхээр 26 жил энэ салбарт ажиллаж байгаа юм байна. Зах зээл эхлэх үед хөдөөнөөс хотод шилжиж ирж Холбооны яаманд ажилласан. Ажиллах цаг нь тэгж таарсан болохоор салбарынхаа шинэчлэлд тодорхой хэмжээгээр оролцсон. Манай салбар бусад салбарыг бодвол өөрчлөлтийг харьцангуй түрүүлж хийсэн. Зах зээлийн шинэ технологи, шинэ салбар, шинэ систем гээд бүгдийг өөрчилсөн. Тухайн үед яам бүх үйлчилгээгээ явуулдаг байсан. Тэр утгаараа хамгийн анх төрийн функц, бизнесийг салгах үйл явц тэнд өрнөсөн. Дараа нь 1993 онд холбооны , компани гэж байгуулагдсан. Тэр компанийн техникийн төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад дараахан нь “Ньюком” компанид орсон. 1995 онд холбооны салбарт үүрэн телефоны лицензийг олон улсын тендер зарлаж олгоход “Ньюком” компани Японы хоёр компанитай хамтарч оролцоод анхны эрхийг нь авч байлаа. Тэр үед би “Мобиком”-ын анхны захирлаар сонгогдож таван жил ажиллаад, хэсэг хугацаанд завсарласны дараа 2006 онд түр хугацаагаар дахин ажиллаад, энэ удаад гурав дахь удаагаа захирлаар томилогдон ирж ажиллаж байна.

-Хэзээнээс ажлаа авсан бэ?

-Хоёрдугаар сарын нэгнәэс ажилдаа орсон. “Мобиком”-ын ТУЗ хуралдаж надад захирлаар ажиллах санал тавьсан.

-”Мобиком”-ын хэрэглэгчид шинэ захирал ирээд ямар боломж олгох бол, хэр өөрчлөлт хийх бол гэж харж байгаа байх?

-Энэ талаар тодорхой ярих боломжгүй. Гэхдээ намайг ирснээс хойш менежмэнтийн багт тодорхой өөрчлөлт орсон. Харилцаа холбоо гэдэг нэг хүн ирээд шинэ юм сэдэж, олон юм хийгээд явчихдаг салбар биш. Техник технологийн чиглэл, жилийн ажлын төлөвлөгөө нь тодорхой байдаг салбар. Ер нь хөрөнгө оруулалт их шаарддаг. Жишээ нь үүрэн холбооны салбарт бидний хэрэглэж байгаа гуравдугаар үеийн технологийн дараагийнх нь гарчихсан. Хэрэглэгчдэдээ олгох хамгийн эхний боломж бол шинэ систем. Салбарын хувьд дөрөвдүгээр үеийн систем рүү орохоор чиглэлтэй ажиллаж байгаа.

-Операторууд нэмэгдэж өрсөлдөөн ихсэх тусам сүлжээндээ үнэгүй ярих, ярианы тариф буурах гэх мэтээр үнэ нь уян хатан болж байна. “Мобиком”-ын үйлчилгээний төлбөр өндөр гэсэн шүүмжлэл байдаг. Үнээ буулгах боломж байгаа юу?

-Маш товчхон хариулахад бидний үнэ давамгайлах оператор гэдгийнхээ хувьд засаг төрийн хяналтад байдаг. Үнэ хөлсөө хүссэн хэмжээгээрээ бууруулах эрх бидэнд байхгүй. Монополыг зохицуулах талаасаа ийм бодлого үйлчилдэг. Мөн нөгөөтэйгүүр зах зээлийн шударга өрсөлдөөний зарчим гэж бий. Аль нэг давамгайлах компани үнээ гарах ёстой зардлаас нь доош оруулж, давуу байдлаар өрсөлдөгчдөө унагаах, дампууруулах зорилгоор ашиглах ёсгүй. Зардлаасаа бага үнэ тогтоох нь цаашдаа явуургуй арга. Компани алдагдалд орно. Сүлжээгээ өргөтгөж чадахгүй. Хөрөнгө хуримтлуулах боломж гарахгүй. Өрсөлдөгч компаниудаа дампууруулаад ганцаараа үлдэнэ гэсэн үг. Эцэст нь буулгасан үнээ буцаагаад нэмэх муу үр дагавартай. Ийм байдлаар ажиллах ёсгүй. Тухайн компани үнэхээр үр дүнтэй ажиллаж, бага зардлаар үйлчилгээ хүргэсэн ч ашгаа олж, хөрөнгө оруулалтаа хийж чадаж байвал үнэ буурахыг зөвшөөрөх ёстой.

-Гэхдээ үнийг тодорхой хэмжээнд буулгах боломж байгаа юм биш үү?

-Боломжийг эрэлхийлсээр байгаа. Гэхдээ дүрэм журамд тодорхой хэмжээний хязгаарлалт бий. Үнэ харьцангуй багассаар байгааг хэрэглэгчид харж байгаа. Гэвч маргааш хамгийн бага үнэтэй оператор болчихно гэж амлах бололцоогүй. Ер нь зах зээлийн өрсөлдөөн эхэлснээс хойш үнэ нь буугаад явж байгаа үйлчилгээний ганц салбар бол үүрэн телефон.

-”Мобиком”-ын хувьд үнийн асуудал төрийн хараанд байдаг гэхээр өөрсдөө шийдвэр гаргаж үнээ буулгах эрхгүй гэсэн үг үү?

-Урьдчилж мэдэгдэж, ярилцаж тохироод буулгадаг. Манай үнэ буугаад явж байгаа. Саяхан гэхэд сүлжээндээ хязгааргүй ярьдаг шинэ үйлчилгээ нэвтрүүллээ. Хэрэглэгчдэд үнэ нь бага гэхээс илүү, төлж байгаа үнэдээ тохирсон үнэ цэнийг авна гэдэг өөр ойлголт. Манай үйлчилгээ хамгийн өргөн тархалттай, хамгийн найдвартай, хамгийн чанартай үйлчилгээг хүргэхийг зорьж байгаа зэрэг нь тэр хэмжээгээрээ хэрэглэгчдэд үнэ цэнэ авчирдаг.

-Өмнө нь Д.Болор захирлаас асуусан асуултаа танаас ч бас асуумаар байна. Утас чагнадаг, чагнадаггүй гэж олон жил ярьж байгаа. Үнэхээр чагнах боломж байдаг уу?

-Энэ яриа үүрэн телефон хөгжиж эхэлснээс хойш гарсан л даа. Бидний хэрэглэж байгаа GSM бол хоёрдугаар үеийн систем. Үүний өмнө аналоги, ампс гэдэг систем байсан. Тэр үед тодорхой хэмжээний багажаар, харьцангуй хялбар аргаар сонсч болдог технологи байсан. Гэхдээ аль наяад оны асуудал шүү дээ.

-Харилцаа холбоо хөгжих хэрээр чагнах төхөөрөмж энэ тэр гэсэн сөрөг зүйл нь дагаад харин ч хөгжөөд байгаа юм биш үү, бүр чагнах төхөөрөмж тэдэн доллараар зарагддаг гэсэн мэдээлэл хүртэл байдаг?

-Энэ асуултыг надаас олон хүн асуудаг. Утас чагнадаг гэсэн ойлголт байхгүй. CDMA GSM адилхан л өндөр нууцлалтай тоон системийн сүлжээ.

-”Мобиком”-ын анхны захирлаар таван жил ажилласан, Монголын үүрэн телефоны хоёр том операторын нэг болсон компанийн Монголын талын хөрөнгө оруулагч гэхэд таны хувийн амьдралын талаар ямар нэг мэдээлэл сонсч байгаагүй юм байна?

-”Мобиком” Монголын үүрэн телефоны анхны том компани гэдэг утгаараа манай үйлчилгээ сервис, нийгэмд үзүүлж байгаа үр нөлөө чухал гэдэгтэй санал нийлж байна. Монгол Улсын хэмжээний суурь чухал дэд бүтцийн нэгийг ажиллуулдаг учраас компанийн үйл ажиллагаа улсын хэмжээнд чухал л даа. Харин энэ компанийг удирдаж байгаа хүний хувьд миний хувийн амьдрал олон нийтэд тийм айхтар сонирхолтой гэж бодохгүй байна.

Ц.БААСАНСҮРЭН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих