ЭРЧҮҮД яавал урт наслах вэ? Маш чухал зөвлөгөө

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавьж байхыг Америкийн судлаач Марианна Легато эрүүл мэндийн байгууллагуудад хандан уриалжээ. Гэхдээ энэ үйл явцад хамгийн ойр дотны хүмүүс, тухайлбал, эхнэр, ээж, эгч, охин нь ихээхэн үүрэг гүйцэтгэх ёстой. Эмэгтэйчүүд хөхний хорт хавдрыг ялж чадах бол өөрийн ойр дотны эрэгтэй хүнийг ч хамгаалж чадна гэж судлаач хэлсэн байна.
Эрэгтэй хүнийг эрт нас барахад хүргэдэг хэд хэдэн хүчин зүйлийг Марианна Легато дурджээ. Түүний зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр эрэгтэйчүүд амьдралаа уртасгаж чадна.

1. Эмчтэй илэн далангүй ярилц. Эмчийн өрөөний хаалгаар ичиж зовно гэдгийг мартаад ороорой. Эмэгтэйчүүд бүр багаасаа өвчин зовлонгоо эмчтэйгээ шууд ярьж сурсан байдаг. Эрэгтэй хүн бие нь өвдөөд буйг ярих нь эвгүй байж болох ч хүнд өвчин туссан байж болзошгүй тул хаана, юу өвдөж байгаагаа заавал хэлж ярих хэрэгтэй. Эрэгтэйчүүд түрүү булчирхайн шинжилгээг байнга хийлгэж байх хэрэгтэй гэж Легато зөвлөжээ. Тийм ч таагүй биш байсан ч, хавдар аль хэдийнэ үүссэн байж болзошгүй тул үзүүлэх л хэрэгтэй.

2. Тестостероны хэмжээгээ шалгуул. 30 наснаас хойш эрэгтэйчүүдийн энэ гормоны хэмжээ жилд ойролцоогоор нэг хувиар багасч эхэлдэг. Тестостероны хэмжээ багасах нь биеийн тамир, булчин, биеийн ачаалал даах чадвар буурч, ой ухаан мохож, анхаарал төвлөрөл суларч, бэлгийн дур хүсэл буурахад хүргэж болзошгүй. Энэ бүхэн сэтгэл хямарч, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зүрхний өвчтэй болох эрсдэлийг бодитойгоор нэмэгдүүлдэг байна. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хувьд тестостерон үлэмж хэмжээгээр багасах эрсдэл илүү өндөр байдаг.

3. Дархлаагаа сайжруул. Эрэгтэй хүний дархлаа нь эмэгтэй хүний хэмжээнд хүрэхээр сайн биш. Статистикийн мэдээллээс үзвэл, эмэгтэйчүүдтэй харьцуулбал эрэгтэйчүүд хамгийн түгээмэл 10 халдварт өвчний долоогоор, ялангуяа, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөр олноороо нас барж байна. Бэлгийн харьцаанд орж эхэлсэн цагаас бэлгийн замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ёстой. Тэрчлэн эрэгтэйчүүд хилийн чанадыг зорихдоо, тухайлбал, халуун орон руу явахдаа урьдчилан сэргийлэх тарилгыг үл ойшоодог. Мөн  ажил ихтэй, тийм цаг зав байхгүй, хүсэхгүй байна гэх зэргээр дийлэнх нь эрүүл хооллолтод огт санаа тавьдаггүй, тэгсэн хэр нь эрүүл мэндэд хортой хоол хүнсээс татгалздаггүй.

4. Сэтгэл гутралаас зайлсхий. Эрэгтэй хүний хувьд сэтгэл гутрал маш аюултай. Тэгсэн хэр нь шинж тэмдэг нь далд байдаг. Эмэгтэйчүүд уур хилэнгээ хэрхэн гаргадгийг тэдний ойр дотнынхон нь бүгдээрээ биш юм гэхэд олонх нь мэддэг. Харин эрэгтэйчүүд эцсээ хүртэл нуухыг хичээдэг. Зарим үед үүнийг зан байдлаас нь харж анзаарч болох юм. Нэг хэсэг нь согтууруулах ундаатай нөхөрлөж эхэлж байхад нөгөө хэсэг нь бүхэл өдрийн турш зурагт үзэж, интернэтэд “уяатай” өнжиж, зарим нэг нь сексийн адал явдал хөөдөг. Сэтгэл судлаачид хандах нь тэдний сэтгэл гутралтай тэмцэх аргуудын жагсаалтын хамгийн сүүлд л бичигдэх байх. Биеэ ингэж авч явах нь эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлдөг.
Тестостероны хэмжээ буурах нь эрэгтэйчүүдийн амьдралын хүнд үед тооцогдоно. Энэ нь нэг ёсондоо эмэгтэйчүүдийн цэвэрших үйл явцтай адил юм. Энэ үед ихэнх эрэгтэйчүүд гутралд орж, түүнээс гарах нь тэдэнд хэцүү байдаг.
Сануулга: сэтгэл санааны байдал бие махбодийнхоос дутуугүй чухал байдаг. Мэргэжилтний бус, хэн нэг сайн санаатны зөвлөгөөгөөр уусан эм бэлдмэл хүссэн үр дүнд тэр бүр хүргэхгүй. Харин сэтгэл судлаачтай илэн далангүй ярьсан яриа илүү тустай байж болох юм.
Сэтгэл гутралыг эмчлэхгүй бол тун их уршигтай. Эмэгтэйчүүд амьдралаас хагацах оролдлого илүү олон хийдэг байхад, эрэгтэйчүүд тийм оролдлогыг илүү “амжилттай” хийдэг гэсэн статистик мэдээлэл байдаг:

5. Арчаагүй хөвгүүн байх хэрэггүй. Өсвөр насныхны юмны наад цаадахыг боддоггүй зан, амьдралын тийм хэв маяг нь тэднийг эмзэг болгож, ухаангүй үйлдэл хийхэд хүргэдэг. Эрэгтэйчүүд ийм “балчир” зангаа тавихгүй уддаг. Эмэгтэйчүүд илүү ухаалаг. Тэд эрэгтэйчүүдийг бодвол бүр багаасаа л бодлоготой алхам хийдэг. “Балчир” зан дээр тестостерон болон өөр бусад гормоны холимогийг нэмбэл энэ нь эрэгтэйчүүдийн хувьд үхлийн коктейль болдог. Ер нь эрэгтэйчүүдийн зан байдал, хийж буй алхмыг анзаарч байх нь амин чухал юм. Эрэгтэйчүүд хар багаасаа идеалист байж, баатарлаг байхыг хичээдэг.

6. Зүрхний өвчин тусах эрсдэлийг байнга тооц. Энэ өвчин ид хүч чадал нь жагсаж яваа эрчүүдийг ч тойрдоггүй. Тиймээс 35-аас дээш насны эрэгтэйчүүд эрсдэлээ цэгнэж байхын тулд эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй. Таны төрөл төрөгсөд дунд 60 хүртэл насандаа зүрхний өвчний улмаас нас барсан тохиолдол байсан уу? Таны холестерины хэмжээ хэд вэ? Та хэмжээд үзээрэй. Та ухаан алдаж, амьсгалахад хүндрэлтэй болж байсан удаа бий юу? Заримдаа бид ийм дохионууд чухал болохыг үл ойшоодог, энэ нь тун буруу, харин эмчтэйгээ байнга зөвлөлдөж байх хэрэгтэй шүү.
З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих