Монголын Засгийн газар 200 сая ам.долларын төлбөрт унах эсэхийг хоёрдугаар сарын 9-нд шийднэ
Канадын “Хан ресорсез” компани Монголын Засгийн газрыг Арбитрын шүүх дээр дуудаад, 200 сая америк долларын нөхөн олговор нэхэмжлээд 14 хонож байна. Тэгвэл шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 9-ний өдөр болох юм байна. Тус компани нэгдүгээр сарын 10-ны өдөр “…Дорнодын ураны орд газарт лиценз эзэмших эрхийг Монгол улсын засгийн газар хураан авч хууль бус хандсан гэсэн үндэслэлээр Монгол улсын засгийн газрын эсрэг олон улсын арбитрын шүүхэд албан ѐсоор нэхэмжлэл гаргасан” тухайгаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн манай сайт “Канадыг шахаад гаргачихъя. Орос-Монгол” 51:49-өөр хамтраад явъя гэсэн” Оросын талын саналыг Засаг дахь нөхдүүд хүлээн авч, хуучин түнш Оросыг сонгож, шинэ тутам гэж болох Канадын талыг шахаж буйгаа өнгөрөгч оны сүүлээр Монгол, Оросын Ерөнхий сайд нар батлан харуулсан нь өдгөө Арбитр дээр дуудагдах замыг зассан талаар мэдээлж байсан билээ.
Нэхэмжлэлийг манай улсын Засгийн газрын хэд хэдэн албаны хүмүүс болон байгууллагууд гар дээр аваад байгаа юм.
Харин нэхэмжлэгч компанийн Ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирал Грант Эди “ Монгол улсын засгийн газар олон улсын арбитрын шүүхэд хандахаас өөр сонголт үлдээгээгүйд харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж хэлж байна. Энэ хэргийг өөрсдийн эрх ашгийн талд шийдвэрлүүлэхийн тулд эрчимтэй ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна.
Тэгэхээр өмнө нь “…“Хан ресорсез” компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд чимээгүй өнгөрч байсан манай Засгийн газар Хятадын CNNC группээс хувь эзэмших хүсэлт тавихтай зэрэгцэн “Хан ресорсез”-ын лиценз хүчингүй гэсэн мэдэгдлийг хийж байсан байдаг. Харин өдгөө хурааж авсан лицензээ “АРМЗ” компанитай хамтран 51:49 харьцаагаар хуваан эзэмшиж, ашиглахаар тохиролцоод буй билээ
URL: