“Мон-Уран”-ы Б.Наранхүү АН-д орсноор намуудын цус ойртож байна
Анод” банкыг дампуурахад нөлөөлсөн гэж “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүү УПЕГ-т шалгагдаж байгаа билээ. Тэрээр Нарантуул захын хойно “Дүнжингарав” худалдааны төвийг барихын тулд “Анод” банкнаас 20 орчим тэрбум төгрөг зээлж авсан ч түүнийгээ эргүүлж төлөөгүй юм. Өмнө нь мэдээлж байсанчилан тэрээр прокурорт шалгагдаж байгаа энэ үедээ АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 50 сая төгрөгийн хандиваа төлчихсөн, сонгуулийн бэлтгэлээ хийж яваа юм.
Өнгөрсөн гурван жилд АН, МАН хамтарсан Засгийн газар байгуулж “цус ойртлоо” гэсэн хурц шүүмжлэлтэй тулгарч байсан. Хоёр нам нэг Засгийн газарт хүзүү, сээрээ холбож нэг хэсэг явлаа, олон ч наймаа хийлээ. Тэгвэл хамтарсан Засгийн газар тарсан ч энэ хоёр намд “цус ойртолт” явагдсаар байгааг Б.Наранхүү нотолж байна. Түүний эгч Б.Саранчимэг нь МАН-ын нэлээн идэвхитэй бас нэр, нөлөөтэй гишүүн. Энэ сонгуулиар ч орон нутагт нэр дэвшихээр зүтгэж байгаа гэж баттай эх сурвалжууд хэлж байна.
Б.Саранчимэг нь 2008 онд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдээс Нийсэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, МАН-ын НАМЭХ-ны тэргүүнээр ажиллаж байжээ. Энэ эмэгтэй мэдлэг боловсрол, чадвартай гэдэгтэй маргах хүн байхгүй. Тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Маршалын гүүрний зүүн талаас Ботаникийн цэцэрлэг хүртэлх уужим талбайд том цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж байсан ч гурван жил болж байна. Үүн лүгээ дүү Б.Наранхүү нь ч банк дампууруулан зээл аван байж барьсан “Дүнжингарав” худалдааны төвөө ашиглалтанд оруулж чадахгүй явна.
Анх “Мон-Уран”-ы Б.Наранхүү “Дүнжингарав”-ын газрыг мэргэжлийнхний дүгнэлтийг үл тоомсорлон аваад үйлчилгээний зориулалттай барилга барьсан нь одоо орой дээр нь бууж байгаа юм. Нарантуул захын хойно байх энэ газрыг өгөхгүй гэж хуулийнхнан ч, ойр хавийн оршин суугчид нь ч эсэргүүцсэн. Гэлээ гээд нэмэр болоогүй, барилга баригддагаараа баригдсан. Харин тэр мэргэжлийнхний үгний цаагуур яаж газар, барилгын зөвшөөрлөө авсан бэ гэдэг нь өнөөдөр ч асуулт дагуулсаар байна.
Ирэх сонгуулиар АН, МАН-ы аль нь ялсан энэ гэр бүл “гарах гарцтай”. Хамаатан саднууд хоёр намд хуваагдан элсэж намуудын “цус”-ыг ойртуулж байгаагийн хажуугаар нүдээ аниад явах аргагүй ч эгч нь МАН-д, дүү нь АН-д идэвхийлэн зүтгэж байгаа энэ гэр бүлийнхнийг чухам алсын хараатай гэж хэлэхээс яахав.
Т.Цэнгэл
URL: