О.Чулуунбат: Засгийн газар ямар ч бизнест оролцох ёсгүй

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориг­лох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын гишүүд өргөн барьсан. Уг хуульд үнэхээр өөрчлөлт хийх, зас­вар оруулах зайлшгүй шаард­лага бий юү?
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газ­рын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 оны долдугаар сард баталсан. Засгийн газар 150 хоногийн дотор уг хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө оруулж ирэх ёс­той. Гэтэл төлөвлөгөөгөө оруулж ирүүлээгүй учир хууль хэ-рэгжих үндэсгүй болчихож бай­гаа юм. Тиймээс нэгдүгээрт Засгийн газар хуулиа бие­лүүлээгүй. Хоёрдугаарт уг хуулийг Улсын баяр наадам, шинэ жил, цагаан сарын үеэр ч юм уу баяр наадмын үеэр хуу­ль “бөөндөөд” баталдаг шиг их давчуу, сандруу, яаруу баталчихсан. Бид улс орны хөгжил, иргэдийнхээ амьдралтай холбоотой хуу­лийг сайн судалж, тоо­цоо хийн, хэлэлцүүлэг явуулж, зөв­шилцөж байж батлах ёстой юм.

Гэтэл уг хуулийг их хурдан гаргачихсан. Хуулиа боловсруулж, гаргахын тулд уул уурхайн салбартай зөвшилцөөгүй, нийгэм, ард иргэдтэй хэлэлцүүлэг хийгээгүй. Монгол Улсын хөгжлийг өнөөдөр уул уурхайн салбар л чирж явна. “Эрдэнэт” үйлдвэр, Тавантолгойн орд зэрэг томоохон уурхай, төмрийн хүдэр, цайр, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээр орлогожиж, цалинжиж, амьдарч байна гэж хэлж болно. Мөн бид уул уурхайн салбарт ухаантай, ухамсартай, хариуцлагатай ажиллах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт алдаа, дутагдал байж болно. Би үүнийг үгүйсгэхгүй байгаа. Хэрэв уул уурхайн үйлдвэрлэл, арга барилаа өөрчилнө гэж бодож байгаа бол хариуцлагатай болгох ёстой. Өнгөрсөн жилүүдийн жишээ гэвэл Засгийн газрын мэдлийн компаниудын ажиллаж байсан газруудад нөхөн сэргээлтийн ажил муу хийсэн, зарим нь хийгдээгүй тохиолдол бий. Гэтэл өнгөрсөн хугацаанд хувийн компаниуд нөхөн сэргээлт сайн хийсэн. Жишээ болгохоор ч газрууд байгаа. Үүнээс харахад янз бүрээр хандаад байгаа нь ажиглагдаж байгаа биз. Төр засаг өөрөө хариуцлагагүй хандсан. Ху­вийн компаниудын тухайд хариуцлагатай нь бий, хариуцлагагүй нь ч бий. Бид төрийнх ч бай, хувийнх ч бай бүгдийг нь хариуцлагажуулъя гэдэг санаа өвөртөлж  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан юм.

- Нөгөө талаар зарим гишүүн уг хуулийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Байгаль дэлхийгээ аврах ёстой гэж үзсээр байгаа шүү дээ?
- Энэ хуулийг заавал хэрэгжүүлнэ гэвэл манай ойрын хэдэн жилийн төсвийн мөнгө хүрэхгүй. Нөхөн олговрыг олгосны дараа лицензийг цуцална гэж байгаа шүү дээ. Ингэхээр төсөвт эдгээр компаниудын нөхөн олговорт өгөх хэмжээний их мөнгө байхгүй. Төр засаг өмнө нь хууль батлаад, компаниудыг тухайн газар ажиллах зөвшөөрлийг нь өгчихөөд гэнэтхэн нэг өдөр цуцалчихаж болохгүй. Ер нь төр засаг айлын ааштай авгай шиг зан араншинтай байх нь буруу. Өнөөдөр зөвшөөрчихөөд маргааш нь хашгираад болиулчихдаг баймааргүй байна. Хүний амьдрал байгаль орчинтойгоо байнга харилцах учиртай. Зөвхөн уул уурхай ч биш. Жишээ нь байшин баръя гэхэд газар ухаж, шугам тавиад, цахилгаан эрчим хүч татаад, зам барих зэргээр л байгаль орчин, газартайгаа харьцдаг. Үүнийгээ л бид ухамсартайгаар хийе гээд байгаа юм. Хөдөө аж ахуй ч гэсэн мөн уул уурхайгаас дутахааргүй байгалийг сүйтгэдэг. Энэ салбарт ч ялгаагүй хөдөө аж ахуйн бизнесийг ухамсартайгаар хийлгэхийг оролдож байна. Нэг жилд нь хөрсөө амраадаг, аль болохоор ухахгүй, машин замаар сийчихгүй байх арга хэмжээ авдаг. Ер нь бид байгаль орчинтой харьцахгүй гэвэл үхсэн нь дээр биз дээ. Байгаль орчинтой харьцаж чадахгүй байгаагийн хамгийн том илрэл нь Улаанбаатар хот. Нийслэлд өнөөдөр 150-200 мянган яндан утаа гаргаж байна. Монголын хүн амын тал нь амьдарч байгаа ийм газар хэтэрхий их яндангаас утаа гарсаар байна. Гол түгшүүр зарлах газар Улаанбаатар болчихоод байхад уул уурхайн үйлдвэрлэл, ашиглалтаас болж бие биеэ хорлож, шатаагаад, өөрсдийнхөө нэр хүндийг унагаагаад байх шаардлага байна уу, үгүй юү. Жишээ нь би чамд нэг тоо хэлье л дээ. Дөнгөж өнөөдөр /өчигдөр/ Ашигт малтмалын газраас авсан юм. Өнгөрсөн сарын байдлаар нийт ашиглалтын болон хайгуулын лиценз 4141 байгаагаас ашиглалтын лиценз нь 1161, хайгуулын лиценз нь 2980 байна. Ашиглалтын лиценз нь нийт газар нутгийн нэг хувь хүрэхгүй хэмжээг эзэлж байгаа. Харин хайгуулын лиценз нь 16 орчим хувьтай байна. Үүнээс харахад манай газар нутагт том гамшиг тариад, гай болоод байсан үйл ажиллагаа өнөөдөртөө хийгдсэнгүй. Ийм жаахан газар л ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл энэ ажил хэнд гай болж, ямар садаа үүсгээд байгаа юм. Газар нутгийн нэг хувь хүрэхгүй газар үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс л Монгол Улсын хүн амыг тэжээж байгаа шүү дээ.

- Тухайн үед Иргэний хөдөлгөөнүүд нэгдэн байгаль эх, гол мөрнөө аврахын тулд энэ хуулийг заавал батлах ёстой гэж шахаж байсан. Тэдний шахалтад орсноор уг хуулийг хөнгөн хуумгай, бодлогогүй баталчихсан хэрэг үү?
- Ашиглалт болон хай­гуулын лицензийг болиулах бизнесийн сонирхолтой хүмүүс олон бий. Миний авах гэж байсан лицензийг энэ хүн авчихлаа гэсэн бодолтойгоор бүгдийг нь цуцлуулж байгаад эргүүлж авдаг явдал саяхан болж л байсан. Жишээ нь 1991 онд “Далай ээж цаазын тавцанд” гэдэг хөдөлгөөн гарсан. Гэтэл уг хөдөлгөөнд байсан нэг хүн нь тэр газрынхаа лицензийг өөрөө авчихсан, ажиллуулах гээд явж байна. Ийм хөдөлгөөнүүдээр дамжуулж өөрийнхөө бизнесийн зорилгодоо хүрдэг хүмүүс бий. Үүнийг сайн бодох хэрэгтэй. Тиймээс л бид нийгэмтэйгээ зөвшилцөж, салбартайгаа зөвлөлдөх шаардлагатай юм.

- “Уул уурхайгаа аваръя” хөдөлгөөнийхөн улс­төрчидтөй ярилцаж, зөвшилцье гэдэг саналаа хэлсээр байгаа. Харин хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уул уурхайн сал­барынхан улстөрчдийн дунд үүсээд байгаа асуудлыг нэг тийш нь болгож чадна гэж үзэж байна уу?
- Одоо гаргачихсан байгаа лицензүүдээ хөндөхөө байя. Хамгийн чухал нь хариуцлагатай уул уурхайг бий болгоё гэдгийг л хэлээд байгаа юм. Хэрэв чамайг байшин барь гэчихээд гурван давхар байшин барьж байхад чинь “Гэнэт очоод, одоо болно. Барихаа зогсоо” гэвэл дэндүү харамсалтай биз дээ. Яг үүнтэй адил уул уурхайн салбарынханд ингэж хандаж, хорлож болохгүй байхгүй юу. Үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн хойно нь зогсоох нь өөрөө хамгийн хариуцлагагүй үйлдэл. Юун түрүүнд хариуцлагатай, ухамсартай бас тооцоотой болъё, нөхөн сэргээлт хийхийг шаарддаг хуультай, байгаль орчныг хамгаалдаг нарийн зохицуулалттай болчихоод л уул уурхайн үйлдвэрлэлээ цааш нь хэрэгжүүлж байя л даа. Дэлхий даяараа энэ зарчмаар үйл ажиллагаагаа явуулж, хөгжөөд байхад ганцхан монголчууд газар усандаа хайргүйн улмаас ингээд байгаа хэрэг биш шүү дээ. Илүү сайхан газар нутагтай юм чинь илүү л сайн хайрлаж, хамгаална шүү дээ.

- Уул уурхайн хөдөлгөөнд нэгдсэн компаниудын 30 гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа. Харин цаашид үйл ажиллагааг нь явуулж, лицензийг нь олгохоор болбол дотоодынхоо компаниудыг илүү дэмжих хэрэгтэй гэх хүмүүс бий. Үнэхээр дотоодынхоо компаниудад лицензийг нь олгоод явах боломжтой юу?

- Болох л хувилбар. Ямар ч байсан сөргөлдөөд, хөгжлөө зогсоох гэсэн арга хэлбэр л байж болохгүй. Монгол Улсыг уул уурхайн салбар ойрын 20 жилд мөнгөтэй, орлоготой, та бидний хүүх­дийг боловсролтой, өрсөлдөх чадвартай болгоно. Ийм хэм­жээнд хурдан хүргэх салбар бол уул уурхай юм. Гэтэл өнөөдөр орчин үеийн шаардлага хангасан төрөх эмнэлэггүй байж хөгжлийнхөө хөтөлбөрүүдийг зогсоож хэрхэвч болохгүй. Магадгүй уул уурхайн компаниудын цаана ганц, хоёр топ баячууд гарч мэдэх юм. Түүнд бид атаархаад бүх л бүтэн салбараа зогсоож, хаах хэрэггүй. Монголчуудын нэг зан бол өөрт л юм байхгүй бол бүгдийг нь юмгүй болгох гэж оролддог. Хөрш чинь орлоготой, мөнгөтэй байвал чамд ашигтай болж эхэлнэ. Орлоготой болсон хөрш чинь замаа тавина, цахилгаанаа татна, орчин тойрноо цэвэрлэнэ. Бүр танай гэр бүлд ажил өгч ч магадгүй юм. Дэлхий ингэж л хөгжиж байна. Гэтэл манайх шиг энэ мөнгөтэй болчихлоо гээд хамтарч ажиллаж, юм сурахын оронд яаж шатаах вэ гэдгээ л боддог хүн байхгүй.

- Тэгэхээр ийм сэтгэхүйг өөрчлөх, хэл ам дагуулсан хууль батлахгүй байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?
- Тийм  учраас ийм хөтөлбөр, хуулийг батлахын тулд эхлээд нийгэм даяараа хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй.

- Хуулийг хэлэлцэж байх үед өнөөдөр үүссэн шиг сөрөг үр дагавар үүсч болохыг та харж байв уу?
- Харж байсан. Тухайн үед бид байнгын хорооны хурлын үеэр ганцхан саналаар ялагдаж байсан. Би уг хуулийг зургаан сараар хойшлуулъя гэдэг санал ч гаргасан. Хэлэлцүүлэг явуулъя, салбартай нь зөвшилцье, өмчийн асуудал нь юу болохов, төсөвт, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ярилцах шаардлагатай байтал гэнэтхэн эх орон, газар нутагтаа хайртай хүмүүс гарч ирээд хууль баталчихсан. Үр дагавар нь одоо мэдрэгдээд эхэллээ. Бид зөвшилцөөгүй, ямар ч тооцоо хийгээгүй болох нь энэ хуулиар ил гарч эхэлж байгаа биз дээ.

- Нийгэмд уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй гэдэг ойлголт байдаг. Харин нөхөн сэргээлт хийхгүй, дутуу хийж байгаа компаниудад тавих хяналт муу байгаагаас л энэ хуулийг баталсан шүү дээ. Таны хэлснээр Засгийн газрын мэдлийн компаниуд уул уурхайн нөхөн сэргээлт хийдэггүй болж таарсан. Тэгвэл хариуцлага, хянал­тыг чухам хэн тавих вэ?
- Улаанбаатарын энэ жаахан газар хариуцлага тооцож, хяналт тавьж чадахгүй байна. Энэ хуулиар уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудын хариуцлагыг сайжруулж, нөхөн сэргээлтийг дүрэм журмынх нь дагуу л хийлгэнэ. Засгийн газар ямар ч бизнест оролцох ёсгүй. Бусад оронд ч Засгийн газар нь бизнест оролцдоггүй. Яагаад гэвэл өөрөө хяналт тавих учир. Өөрөө тухайн газрыг дайн болсон юм шиг хаячихаар хувийн компаниуд дуурайгаад л хаячихаад байгаа юм. Төр бүх бизнесээс гарах ёстой. Төрийн өмчийн компани гаргах нь зөв байсан юм бол Америк, Япон, Англи, Герман улс яагаад төрийн өмчийн компани гаргахгүй байгаа юм.

- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль арилжааны банкуудад халгаатай боллоо гэж эдийн засагчид хэлж байна. Төв банкийг толгойлж байсан хүний хувьд та үүнийг юу гэж үзэж байна вэ?
- Тэгэлгүй яахав, арилжааны банкууд ганхаж эхэлнэ. Арилжааны банкууд уул уурхайн компаниудад 200, 300 гаруй тэрбум төгрөгийн зээл өгчихсөн байгаа. Банкны барьцаа нь лиценз юм. Гэтэл лиценз цуцлахаар шүүх дээр очвол Засгийн газар бүгдийг нь төлөх болно. Харин Засгийн газарт төлөх мөнгө байхгүй. Хууль нь согогтой учир Засгийн газар шүүх дээр амархан унахаар байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих