УИХ, ҮХЦ-ийн аль нь хүчтэй вэ

Эрх баригчид бүр байтлаа Үндсэн хууль зөрчиж Сонгуулийн хууль баталчихаад, түүгээрээ сонгуулиа явуулах гээд зүтгээд, ёстой нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдаг шиг шившигтэй байдалд орлоо.   Өнгөрсөн долоо хоногт болсон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн гэдэг шийдвэр гарсан. Үүнээс болоод УИХ-ын зарим гишүүн үүрээ сүйтгүүлсэн шоргоолж шиг сандарч, орох байх газраа олж байна. Ямартаа л зарим нэг их мэдэгчид нь хуучин хуулиар сонгууль явагдана хэмээн таамаг дэвшүүлж суух вэ. Юутай ч иргэдийг төөрөгдүүлсэн, улстөрчдийг талцуулсан Сонгуулийн хуулийг тойрсон цэцийн шийдвэр гэгчийн эргэн тойрон дахь маргаан УИХ-ын хаврын чуулганыг хүлээсэн хүлээлтэнд итгэл өвөрлүүлж хоцорлоо.

Одоогийн мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед л эрх баригчид, УИХ-д суудалтай намууд өөрсдөдөө зориулсан хууль баталлаа хэмээн шуугиж, хоёр намын гишүүд зүтгүүлсээр байж санасандаа хүрсэн. Тиймдээ ч энэ хуулиар сонгуулиа явуулах хулгайн санааг сэмхэн шургуулсан хэрэг.

Харамсалтай нь иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдол гаргаснаар маргаан үүссэн билээ. Иргэд ч гэсэн хууль мэддэг, судалдаг гэдгийг парламентын эрхэм гишүүд тооцоолж, хоёр дахь вариантыг аль хэдийнэ бодож сууснаас гарцаагүй. Хоёр дахь вариант гэдэг нь ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг хийх зуур хоёр сонгуулийг салгана, салгахгүй, гэдгээр төөрөгдүүлж, шинэ хуулиа хүчингүй болгох арга саам гэнэ. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэгчээр баталсан хууль нь эцэг хуулиа зөрчсөн гэдэг шийдвэрийг Цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргаж, тухайн заалтыг гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлчихлээ. Тэгэхээр зарим нэгнийх нь хэлээд байгаа шиг 2008 оны хуулиар сонгууль явуулахыг үгүйсгэх аргагүй болчихоод байна. Товчхондоо өмнөх хүчингүй болгосон хуулиа моргоос гаргаж авах гэсэн сүүлчийн найдвар ч байх хувилбар гарч ирж мэднэ.

Нөгөө талаар маргааны гол «сэдэв» болоод байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.6, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг «48:28» гэх тогтолцоотой яах аргагүй холбоотой.

Хуулийн дагуу 48 нэр дэвшигч тойргуудаас өрсөлдөж, мажоритари системээр гарч ирнэ. Үүний дараа 28 хоосон суудалд намуудын жагсаалтын дагуу нэр дэвшигчид тодорно. Гэхдээ иргэдээс хувьдаа хэн хамгийн өндәр санал авсан нь урдуур бичигдэж, сонгогдох магадлал нь өндөрссөн пропорциональ систем гээд байгаа юм.

Уг нь шороотой бөх туг тойрдоггүй гэдэг үг байдаг даа. Зүүний сүвэгчээр гарна гэгчээр амьхандаа хуулийн заалтыг ашиглах гэсэн санаархал л даа.

Гэвч тэдний санаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн «Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.», Гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн «Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан тө-рийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ», Арван дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн «Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.», Арван зургадугаар зүйлийн ес дэх заалтын «…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй…», Хорин нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн «Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж…сонгоно.» гэснийг зөрчөөд байгаа юм.

Одоо нэгэнт гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүд зөв хэмээн хэсэгтээ л гүрийнэ. Мэдээж их суудлын хуралдаанаар өмнөх буюу дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өөрчлөхгүй зэргээс үүдэж УИХ, ҮХЦ хоёрын хэн нь илүү эрх мэдэлтэй вэ Гэдгээ харуулах болно.

Тэгэхээр шороотой бөхийг туг тойруулахгүйн тулд сонгуулийн хуулийн тухайн заалтыг өөрч-лөхөөс аргагүй. Зарим нэгний үзэж буйгаар Сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт бий гэзк гүрийж болох ч хуульчдын хаан хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг ҮХЦ-ийн эрхэм хуульчдын савраас тийм ч амар салахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч цэцийн гаргасан шийдвэрийг УИХ биелүүлэх ёстой учраас хуульд өөрчлөлт оруулахдаа дээлнийх нь өнгийг сольж тавихыг үгүйсгэх аргагүй юм.

Ингэхээр давааны цаадах давааг харж Сонгуулийн тухай хууль баталсан эрх баригчдын санаа бүтэлгүй болох магадлал нь өндәр ч олон жил парламентад суусан эрхмүүд тэр зэргийн үг үсгийн найруулгыг эвтэйхэн өөрчлөхийг байг гэх газаргүй. Өөрөөр хэлбэл монгол хэлний үгсийн сангийн тусламжтайгаар бусад заалтад нь шингээсэн байх гэдэг хардлага дагуулаад эхэллээ.

Ийнхүү хуулийн заалтаас болж сонгууль чухам хэрхэн явагдах нь тодорхойгүй болчихоод байгаад ҮХЦ-ийн гишүүд болон УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгаа талаар хүргэе.

Ж.Нарангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих