УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүүхдийн тоглоомын талбай дээрэмдсэн гэв үү

-Түүний захиалгаар барилга барьж байгаа гэх «Бэгдү» констракшн тоглоомын талбай дээр барилга барьж байна- Газрын асуудал өнөөдөр иргэдийг ихээхэн бухимдуулах болсон. Одоо бүр цаашлаад барилгаа барихын тулд хүүхдийн тоглоомын талбайг эрх мэдэлтэй хүмүүс сүр хүчээ үзүүлж, далайлган дээрэмдэж авах нь жирийн үзэгдэл болжээ. Барилгын компанийн эзэд анх барилгыг ашиглалтад оруулахын тулд иргэдийн тархийг зад угааж байрандаа оруулчихаад сүүлд нь «Бид анхнаасаа тэгж яриагүй» гэж гүрийх тохиолдол элбэг байдаг билээ. Өдгөө иргэд нар үзэх эрхээ хүртэл мөнгөөр худалдаж авах дээрээ тулаад байна.

Үүний нэг жишээг «Бэгдү» констракшн давтав. Тус компанийн барьсан «Бэгдү» хотхон Баянгол дүүргийн X хороо буюу «Магнай трейд»-ийн шатахуун түгээх станцын хажууханд байрладаг. Эл компани 2004 онд орон сууцны гурван барилга барьжээ. П хэлбэртэй барьсан гурван байрны баруун талд нь тоглоомын талбай барихаар төлөвлөсөн байна. Гэтэл тоглоомын талбай барихгүй байсаар оршин суугчдын бухимдлыг баржээ. Харин ч тоглоомын талбай барина хэмээн амласан энэ газарт өндөр барилга барихаар болж, өнгөрсөн намар гуравхан шөнийн дотор л газрыг нь ухаад, кран авч ирээд тавьчихсан гэнэ. Тус газар 16 давхар барилга барихаар төлөвлөж байгаа Тиймээс ойр хавийн оршин суугчид нь холбогдох газруудад хандаад тусыг эс олсон тул манай сонинд хандсан юм.

«Бэгдү»хотхоны баруун хойд талд «Эск инженеринг» ХХК-ийн барьсан 15 давхар, 65 дугаар байр байрладаг. Тус компани ч мөн оршин суугчдаа татахын тулд анх энэ манай газар байгаа юм. «Бид удахгүй гаднах орчноо тохижуулж, хүүхдийн тоглох орчинг дээд зэргээр барина» гэж хэлжээ. Иргэдийн ярьж буйгаар тус талбайг «Бэгдү» констракшн, «Эск инженеринг» хоёр хувааж авсан гэдэг ч тоглоомын талбайн талаар дурсахгүй байгаа аж. Харин өнгөрсөн жил «Бэгдү»-гийнхэн гурван байрныхаа хойд талд зургаан давхар байр барьсан байна.

Иргэд үүнийг «УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хүү захиалгаар бариулсан. Өөрөө гурван давхарт нь амьдардаг. Ер нь энд томчууд амьдардаг» гэж байсан юм. Олны үг ортой. С.Эрдэнэ гишүүний талаарх энэ яриа ор мөргүй зүйл биш гэдгийг учир мэдэх хүмүүс ч хэлдэг юм билээ. Тэгэхээр «Бэгдү» констракшны хуулиас дээгүүрх энэ даврал эцэстээ С.Эрдэнэ гишүүнтэй холбоотой байж ч болох юм. Наанаа солонгос захиралтай гэх боловч хөрөнгө оруулагчийн цаана УИХ-ын гишүүн С.Эрдэнэ байгааг үгүйсгэх аргагүй. Хэрэв энэ яриа үнэн бол Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сонгогчдынхоо байрны гаднах хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдсэн болж таарч байна.

Анхандаа хүүхдийн тоглоомын талбай барина гэж байсан ч өдгөө сураг алдарчээ. Кран зоосон талбай дээр хэрэв өндөр барилга барьчихвал дэргэдэх байр буюу «Бэгдү» хотхоны баруун талын байрнаас нэг метр орчим зайтай байрлахаас гадна айлуудын цонхыг таглаж, нарны гэрэл харах эрхгүй болгох нь. Тиймээс иргэд тус газарт барилга бус тоглоомын талбай бариулах хүсэлтэй байгаагаа С.Эрдэнэ гишүүнд уламжилдаг ч өдий хүртэл хүлээж авсангүй. «Бэгдү» констракшны захирал нь монгол эхнэртэй солонгос эр. Түүнийг хотын захиргаанд нэлээн эрх мэдэлтэй албан тушаалтныг хахуульдаж байгаад авсан мөн УИХ-ын гищүүн С.Эрдэнийн нөлөө ч байгаа байх хэмээн хардах нэгэн ч таарсан. Ашиг олж, баяжиж байвал иргэд ямар орчинд амьдрах нь хамаагүй гэдэг гадны бэртэгчин зантай хүмүүсийн халаасанд дэл сул газраа хийсээр монголчууд «А» зэрэглэлийн бүсээ гадныханд алдаж дууссар байна.

Энэ асуудлыг тодруулахаар «Бэгдү» компанийн байранд очсон ч хариулт өгөх хүн байсангүй. Захирлынх нь орчуулагч гэх залуу «Бид төлөвлөлтийнхөө дагуу байгаа. Тоглоомын талбай барих эсэхийг мэдэхгүй байна» гэлээ. Ер нь гадны улс оронд барилга барих зөвшөөрлийг нь өгчихөөд цаг тутам хяналт тавьж, янз бүрийн асуудал гарвал шууд барилгын ажлыг зогcоож, үгүй бол барихыг нь хориглодог юм билээ.

Гэтэл манай улс барилга барьсных нь дараа асуудал үүcгэж, шүүх цагдаа болдог тогтcон зантай улс. Түүнчлэн барилгын эзэд нь хүмүүсээ оруулчихаад «Бид явлаа. Өөрсдөө СӨХ байгуулаад тэр мөнгөөрөө тоглоомын талбай барь» гэж хэлдэг. Тиймээс иргэд хохироод, хүүхдээ тоглуулж, агаарт гаргах талбайгүй хоцорно.

«Бэгдү» констракшны захирал хэмээх солонгос эр иргэдийг дарамталж, «Та нар өөрсдөө сонголтоо хийсэн» гэж басамжилдаг байгаа юм. Ийнхүү манай монголчуудын хуулиа гууль болгодог байдлыг гадныхан овжин ашиглаж, иргэдийг хулхидан, өврөө түнтийлгэж байгаа нь нууц биш.

«Бэгдү» хотхоны хажуугийн 65 дугаар байрт оршин суудаг иргэн «Манай энд хүүхэд тоглох талбай байтугай хөгшид нарлах сандал байхгүй. Бид хүүхдээ аваад ойролцоо орших «Баялаг» хотхоны хүүхдийн талбайд тоглуулах болдог. Гэтэл тэндхийн оршин суугчид «Зай талбай бага байхад өөр байрны хүүхдүүд ирлээ» хэмээн ад үздэг» гэж ярьж байв.

Зарим оршин суугчтай уулзахад «Хэрэв энэ байрыг баривал Хан-Уул дүүргийн 120 мянгатад гарсан барилгын хэрэг давтагдах болно. Барьсных нь дараа нураа гэж мянга хашгираад нэмэргүй. Тиймээс барихаас нь өмнө тэмцэх болно. Уг нь энэ байршил сайтай газар» гэж байлаа. Харин энэ талаар тус хотхоны СӨХ-ны дарга Ю.Ганболдтой утсаар холбогдоход «Энэ угаасаа баригдах ёстой барилга. Зарим иргэн цонх хаана гэж гомдоллоод байгаа. Өөрсдөө барьсан барилгад нь орчихоод шинээр барилга бариулахгүй гэж болохгүй шүү дээ» гэсэн хариултыг өглөө.

Улаанбаатарт газар хөдлөлт болбол зай мундсан мэт шахаж барьсан барилгууд бие биеэ дэрлэн нурж, унах асуудал үүсгэх вий. Хот төлөвлөлтөө дахин харж, эрх мэдэлтэй хүмүүсийн газар өгч буй талаар хяналтаа тавихгүй бол авлигатай холбоотой асуудал яригдсаар л байгаа шүү.

«Бэгдү» констракшны хувьд Монголын эрх мэдэлтнүүдийн зай сиймхийг ашиглан дураар авирлаж байна. Тэдний үзэж буйгаар монголчууд өөрсдөө хуулиа баримталдаггүй учраас тэр гэнэ.

Р.Саруултөгс


URL:

Сэтгэгдэл бичих