Роберт Фрийдланд “Ivanhoe Mines”-ын хувьцаанаас хувьдаа 1,5 сая хувьцаа нэмж авчээ

Одоогоор зөвхөн Роберт Фрийдландын Оюутолгой төсөлд дэх эзэмшил 15,5 хувьд хүрээд байна. Харин монголчуудынх хэд билээ.
Оюу толгойг эзэмшихээр үйл ажиллагаагаа явуулж буй “Ivanhoe Mines” компани өнгөрсөн оны сүүлээр компанийнхаа хувьцааг нэмж борлуулахаар хөрөнгийн биржүүдэд гаргасан билээ. Үүнийгээ тэд “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэр гэж тайлбарлаж байсан бөгөөд тэд Хонгконгийн хөрөнгийн биржид нэмэлт хувьцаа арилжиж, 1.18 тэрбум доллар босгосон байна.

Ингэхдээ “Айванхоу майнз” компанийн нийт хувьцааны 15 хувь буюу 85 сая энгийн хувьцаа арилжсан байна. Нэг талаас энэ нь төслийн бүтээн байгуулалтад зарцуулагдах мөнгө босгох байгаа гэх боловч нөгөөтэйгүүр талуудын хувь оролцоогоо нэмэх гэсэн зорилготой байсан гэнэ. Тухайлбал монголчуудын эртний танил Роберт Фрийдланд өөрийнхөө хувь эзэмшил дээр 1.5 сая ширхэг хувьцаа нэмж худалдан авчээ. Ингэснээр түүний хувьцаа  “Ivanhoe Mines”-ын 15.5 хувьд хүрч байгаа аж. Мөн “Rio Tinto”- ч дээрх 85 сая энгийн хувьцаанаас худалдан авч компанийн 40.3 хувийг эзэмшихээр болж байгаа юм. Гадаадынхан манай Оюутолгойг барьцаалж их хэмжээний мөнгө босгож байна. Түүнийхээ хэрээр баяжиж байгаа нь ч нүднээ ил байгаа билээ. Гэтэл манайхан ямар хувьцаанаас нь яаж мөнгө олохоо ч мэдэхгүй эргэлдэж байна. Оюутолгой төслийн 34 хувийг монголчууд эзэмшдэг нь үнэн л юм бол дээрх 1,18 тэрбум ам,доллараас хуваалцах учиртай. Үгүй ядаж хувьцаа худалдан авах эрхтэй. Гэтэл бид хаашаа харахаа мэдэхгүй төрийн ордон зүг дэмий гөлөрч суугаа билээ. Оюутолгой төслийг анх хэлэлцэж байхад “хөрөнгө чинээтэй, туршлагатай уул уурхайн компанид өгч ашиглуулан дундаас нь монголчууд баялагийн эзнээр тодорно” хэмээгээд байсан ч тэр нь “их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгч болоод байна. Хэний ч мэдэхгүй “Айванхоу майнз” өнөөдөр монголын баялагаас мөнгө босгочихоод баялагийн эзнээр тодроод байхад монголчууд яс горьдсон нохой шиг хоорондоо хэмлэлдэхээс өөрийг эс чадаж байгаа нь харамсалтай. Энэ бол төрийн харалган бодлогоос улбаатай гэдгийг ч төрийн түшээд одоо ухаарч байгаа. Монголчууд Оюутолгойг дэлхийд таниулаад мөнгө босгох чадвартай гэдгийг Ухаахудагийн нүүрсний хэсэгхэн нөөц дээр олон сая ам.доллар босгосон Энержиресурс бэлхэнээ харуулж байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих