Бадарчин, Т.Бадамжунай хоёр явсан газар балагтай

ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай 2009 оны 116 тоот тушаал үйлдэж “ХХААХҮ яамны төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах үйл ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд яамны оффисийн 4139,7 м2 талбайтай 9 давхар барилга, 1343.5 м2 хоёр давхар 200 суудалтай хурлын заал, стандарт хэмжээтэй спорт заал, 48 айлын 12 давхар орон сууцны барилга барихаар болжээ.
Энэхүү барилгын хөрөнгө төсвийг “Атрын III аян”-ы хүрээнд улсын төсвөөр нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй үнээр зээлдүүлсэн эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжүүлсэн байна.
Баримтаас харвал 2008-2009 оны эргэн төлөлт, 2009 оны урьдчилгаа төлбөр 2 тэрбум 526.5 сая төгрөгийн орлого нийт 8 тэрбум төгрөг төвлөрснийг яамны өргөтгөл хийхэд зарцуулсан аж.
“Атрын III аян” бол ХАА, Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх зорилготой санаачлагдсан үндэсний хэмжээний төсөл. Үр дүн нь ямар нэг яамны барилгыг өргөжүүлхэд зориулсан хөрөнгө яавч биш. Тухайн үед тариалан эрхлэгчид тушаасан будааныхаа үнийг авч чадахгүй жагсаал цуглаандаа тулж байв. Гэтэл салбарын сайд нь зээлээс эргэж төлөгдсөн хөрөнгийг яамны өргөтгөлд зарцуулж байдаг мөн таарсан байгаа биз.
Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар баастай гэдэг шиг Бадамжунай байгаа газар авилга, хээл хахуулийн асуудал цэцэглэнэ гэхээс цэгцэрнэ гэж үгүй аж. Яамаар дүүрэн хамаатан садны холбоо үүсгэсэн. Тэд нар нь “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнө гэж бараг сонин, телевизээр зар тавих нь халаг ил цагаандаа гарч байна. Зээл батлуулж өгөөд 10 хувийг нь авна. Цаашаа банкинд зуучилж өгнө гэж үнэ хөлс авдаг тийм л ажил өрнөдөг газар. Ихэнх зээл нь эргэн төлөгдөхгүй, эргэн төлсөн нэгнийх нь хөрөнгөөр хамаатнуудаараа дүүргэсэн яамаа өргөтгөөд л сууж байна.
Одоогоор барилгын ажил бараг дуусч байгаа аж. Энэ сардаа багтаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Хачирхалтай нь 7.5 тэрбум төгрөгийн тендерт эхлээд “Инкон” хэмээх ОХУ-ын компанийг шалгаруулсан. Гэтэл барилга барих явцад өөрчлөгдөж “Бодь пропертиз” компанид шилжсэн байх юм. Эхнээсээ зохион байгуулсан будлиан уу, эсвэл авсан тендерээ зарж болдог хууль байна уу. Холбогдох газрууд нь шалгаж анхааралдаа аваасай гэсэн үүднээс тендерийг анх ямар компанид өгсөн, ямар эх үүсвэрээс яаж санхүүжүүлсэн тушаал, “Атрын III аян”-аас эргэн төлөгдсөн зээлийн жагсаалт зэргийг баримттайгаар дэлгэж байна.

Эхсурвалж

duulian.mn

http://politics.chuhal.mn/r/7013


URL:

Сэтгэгдэл бичих