“Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн хар мөртэй луйвар 4
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших бага Таван толгойгоос нүүрс олборлож буй “Таван толгой” ХК-ий ашгийг “уугуул” гэсэн гуншинтай “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн засаг даргын хүрээнийхэн хэрхэн хувьдаа завшиж байгааг баримттайгаар дэлгэсэн дөрөв дэх цуврал нийтлэлээ хүргэж байна.
2009 онд Засгийн газар шалгалт хийлгэж, 80 тэрбум гаруй төгрөгийг татвараас нуун дарагдуулсан, хууль бус томилгоо хийсэн, нүүрсийг хятадуудад хямд үнээр дамлан зарсан гэх зэрэг тоомгүй олон зөрчил илрүүлсэн. Өмнөговьчуудад өгсөн “Таван толгой” ХК-ны 51 хувь ч Д.Бат-Эрдэнэ нарын халаас руу мөнгө болон урсаж байна. Энэ удаа бид “Таван толгой” ХК-ий орон нутгийн эзэмшдэг 51 хувийг яагаад төр эргүүлэн авах зайлшгүй шаардлага байгаа тухай чухал баримтуудыг дэлгэж байна. Тэр чухал баримт нь хүний амь.
Мөнгө шүтсэн газар хар мөртэй байдаг гэдэг. 2009 онд гаргасан Татварын ерөнхий газар болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтнүүдийн дүгнэлтэнд “Бага Таван толгойд олборлолт, тээвэрлэлт хийж буй “Таван толгой” ХК-ий удирдах түвшинд нэг ч мэргэжлийн хүн байхгүйгээс техник технологийн горим, мэргэжлийн удирдлага алдагдаж, стратегийн ашигт малтмалын орд газрыг ашиглах төрийн бодлого сулрахад хүрч байна” гэжээ. Тиймээс ч “Таван толгой” ХК-д ажлын орчин нөхцлөөс хамаарч олон хүний амь үрэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээнээс харахад 2010 онд 31 зам тээврийн осол гарч 23 хүн амиа алдсан. Харин 2011 онд 12 осол гарч гурван хүн нас барсан байна.
Уурхайн гүнд ажиллах аюулгүй байдлаас илүү Таван толгойгоос Цагаан хад хүртэлх 256 км стандарт бус, нарийн зам ажилчдын амь насанд аюул учруулж байгаа юм. Улсын байцаагч нар бага Таван толгойн нүүрсний замыг засч, сайжруултал тээвэрлэлт хийхийг хориглож замыг нь хаасан. Гэсэн ч удалгүй эрх мэдэлтнүүдийн шахалтаар замыг дахин нээсэн аж. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэлснээр нүүрсний замыг хаагаад нэг цаг ч болоогүй байхад Засгийн газраас утасдаж нээхийг шаардсан байна.
100 тонны даацтай нүүрс тээвэрлэдэг 4000 гаруй машин толхидог энэ замд хоёрхон жилийн дотор 26 хүн нас баржээ. Тэр бүрд “Таван толгой” ХК-ий удирдлагууд хариуцлага хүлээдэггүй, хэрэг тэгсхийгээд намждаг. Сүүлийн хэдэн жишээг дурдъя.
2011 оны 3-р сар.
“Таван толгой транс” компаний нүүрс тээвэрлэж явсан ачааны машин Цагаан хадны ойролцоо осолдож жолооч нь болох 35 настай Б 100 тонны даацтай машины чиргүүлд дарагдан амиа алджээ.
2011 оны 5-р сар.
Бага Таван толгойгоос нүүрс экспортлодог “Хуа Жин” гэх Хятадын компаний жолооч Н “Таван толгой транс” компаний “МАЗ” маркийн автомашины араас мөргөсний улмаас 40 настай Ү харамсалтайгаар амиа алдсан.
“Таван толгой транс” компаний ажилчдын байранд цахилгааны гэмтэлтэй баригдсан усан оргилуурт 10 настай Г.Зоригтбаатар, гурван настай А.Золбаяр гэдэг хоёр хүү тоглож байгаад тогонд цохиулж нас барсан. Энэ байгууллага Монгол улсад мөрдөх барилга байгууламжийн стандарт, хууль тогтоомж, хэв журмыг зөрчсөн гэж мэргэжлийн хяналтынхан дүгнэжээ. Гэтэл хэргийг хуулийн байгууллага шалгахдаа хоёр хүүг амиа хорлосон гэж бүртгээд хэрэгсэхгүй болгосон аж. Уг хэргийг хүний эрхийн хуульч М.Ичинноров дахин шалгуулж, өөрөө өмгөөлөгчөөр нь ажиллаж байна.
2012 оны 3-р сар.
Өнгөрсөн долоо хоногт Шивээ хүрэнгийн боомтын Монгол, Хятадын хилийн зааг орчимд Завхан аймгийн харьяат 21 настай Х нүүрс тээвэрлэдэг ачааны машиныхаа хаалганд хавчуулан амиа алдсан тухай мэдээлэл нэгэн өдөр тутмын сонинд гарчээ. Ослын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг Шивээ хүрэнгийн боомтыг зорьсон байна.
Энэ мэт удирдах хүмүүсийн хариуцлагагүй байдал, ажиллах орчин нь стандарт шаардлага хангаагүйгээс болж олон монголчууд хохирч байна. Баялагийг нь барж идээд болж байгаа юм чинь барлагийг нь бага ч гэсэн харж үзэх ёстой байлтай. “Ажнай” корпораци, “Таван толгой транс” ХХК-ны эзэн, Өмнөговь аймгийн засаг даргын орон тооны бус зөвлөх Д.Бат-Эрдэнэ хэрэв нүүрс тээвэрлэх замыг түр ч гэсэн зогсоогоод замаа зассан бол, хэрэв ажилчдынхаа амьдрах байрыг стандартын дагуу барьсан бол, хэрэв удирдах зөвлөлд нь мэргэжлийн хүмүүс байсан бол өнөөдөр олон айл элэг бүтэн байх байлаа. “Таван толгой” ХК-ий стандарт бус замаас болж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний гомдлыг хэн тайлах вэ? Цаашид хэчнээн хүн амь үрэгдэх вэ?
Дээрх асуудалд Өмнөговь аймгийн эрхэм засаг дарга ч ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Бага Таван толгойн ордоос аймгийн иргэдийн хүртэх ёстой хувийг цөөн хэдэн хүнд өгчихөөд дуугүй явж байж таарахгүй юм. 24tsag.mn сайтын цуврал нийтлэл Бага Таван толгойг эзэмшдэг “Таван толгой” ХК-ий орон нутгийн өмчит 51 хувийг төрд эргүүлэн авах шаардлагатай байгааг нотолсон баримтуудаар үргэлжлэх болно.
Б.Баяр 24 tsag.mn
URL: