Улс төрд туршлагатай ч, самууруулагч
-Н.Энхбаярыг сонгох, сонгохгүй шалтгаан-
Бид өнөөдрөөс эхлэн ирэх сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг уншигчиддаа сануулах үүднээс “Хэн нь хэн бэ буюу Сонгох, сонгохгүй шалтгаан” булангаа нээж байна. Өнгөрсөн хугацаанд бид УИХ-ын 76 гишүүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд юу амлаж сонгогдсон, ямар амжилттай ажиллаж, яаж тэнэглэж, ямар алдаа гаргаж, цаашид сонгогдож чадах эсэхийг нь уншигчидтайгаа хамтран шүүсэн билээ. Тэгвэл энэ дугаараас эхлэн парламентын 76 гишүүнээс бусад улстөрчдийг, ялангуяа ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зарлаад байгаа улстөрчид цаашилбал 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн буруу зөвийг шүүн тунгаахаар шийдээд байна. Их улс төрд, парламентад суудал эзэлнэ гэдэг хэн хүний хийгээд байх ажил биш, улс төр гэгч Монголыг сүйрүүлэхэд хүргээд байгаа учраас сонгогчиддоо одооноос эхлэн улстөрчдийн алдаа оноог дэнслэх байж зөв хүнээ сонгохыг уриалж, тэдэнд бас нэр дэвшигчдийн талаар мэдээлэл өгөх үүднээс энэ булангаа нээж байна. “Хэн нь хэн бэ буюу Сонгогдох, сонгогдохгүй шалтгаан” булан эхлээд МАХН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн зэрэг төрийн дээд албаг тушаалыг 12 жилийн турш тасралтгүй хашиж явсан Н.Энхбаярыг онцлохоор шийдлээ. Түүний талаар хэвлэлүүд хангалттай мэдээлдэг болохоор олныг үл нуршин сонгох, сонгохгүй шалтгаануудыг тоочлоо. Түүнийг сонгох эсэх нь та бидний бүрэн эрх билээ.
Блиц:
Төрсөн газар: Улаанбаатар хот
Гэр бүл: Эхнэр, 4 хүүхэдтэй
Боловсрол: Дээд
Төгссөн сургууль: Улаанбаатар хотын Орос-Монголын хамтарсан 23 дугаар сургууль, 1975-1980 онд Москвагийн Утга зохиолын дээд сургууль
Ажлын туршлага: 1980-1990 онд Монголын зохиолчдын хороонд орчуулагч, редактор, албаны дарга, гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Монголын орчуулагчдын холбооны дэд ерөнхийлөгч, 1990-1992 онд Засгийн газрын Соёл, урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, Соёлын сайд, Жанрайсаг бурханыг бvтээх ЗГ-ын комиссын дарга, 1997-2000 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга, 1997-2005 онд МАХН-ын дарга, 2000-2004 Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, 2004-2005 онд УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 2011 оноос МАХН-ын даргаар ажиллаж байна.
Сонгох шалтгаан:
1. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг арав гаруй жил хашна гэдэг баргийн улстөрчийн хийж чадах ажил, хүрэх өндөрлөг биш. Гагцхүү төрийн өндөр дээд албуудыг сайн ч, муу ч хашиж явсан болохоор түүнд улс орныг удирдаад, ард түмнийхээ төлөө зүтгэхэд туршлага дутна гэсэн асуудал байхгүй. Парламентад Н.Энхбаяр шиг улстөрч байхад илүүдэхгүй гэдэгт олон хүн санал нэгдэнэ биз ээ.
2. Дээрх албуудыг хашихаасаа өмнө Соёлын яамны сайд ахуйдаа Намбарын Энхбаяр нэгэн томоохон буянтай ажлыг хийж гүйцэтгэсэн хүн. 1996 онд Мэгжид Жанрайсэг бурхныг бүтээлгэж чадсан нь яалт ч үгүй түүний гавьяа. Шүтлэгтэн олны өмнө маш том буян үйлс бүтээсэн мөнхийн гавьяатай. Тэртээ өнгөрсөн зууны арваад оны үед бүтээгдсэн Мэгжид Жанрайсэг бурхандаа мөргөж байсан тухайн үеийн хөдсөн дээлтэй, сайран хөлтэй гуйлгачных нь нүдэнд улс орон нь мандан бадарч, ард түмэн нь аз жаргалтай сайн сайхан амьдрах итгэлийн оч гэрэлтэж байсан биз. Тэр алтадмал бурхан монголчуудын оюун санааны эрч хүч, эв нэгдлийн илэрхийлэл болж байсан болохоор тийн сүсэглэж байсан хэрэг. Коминтернийхэн их бууны хонгио цутгах гэж эвдэж сүйтгэн харийн нутаг руу ачуулчихсан тэр бурхныг хожуу үеийнхэн буюу Соёлын сайд Н.Энхбаярын санаачилгаар дахин залсан юм.
3. Үндэсний удирдагчийнхаа хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хуучин ЗХУ-д төлөх байсан их өрийг тэглэж чадсан явдал. Цэрэг стратегийн хувьд газар зүйн байрлалаараа ч тэр хоёр хөршийнхөө анхаарлыг ихэд татаж, хэзээ мөдгүй барьцаанд орж мэдэхээр байсан Монголд өр төлөх тэр үед гоц гойд сонирхоод байх юм байгаагүй. Цайрт минералын орд, Оюутолгойн зэс, Тавантолгойн коксжих нүүрсээр асар баян гэдгийг нь мэдсэн оросууд нэгэнт ямар ч өр ширгүй болсон Монгол Улс руу шүлсээ гоожуулахаас цаашгүй байгаа нь өр тэглэсний ач. Хэрэв Н.Энхбаяр их өрийг тэглээгүй байсан бол Тавантолгойг тавууланг нь авна гээд сууж байж мэдэх л улс. Оросууд барьцаагүй, дарамтлах зүйлгүй болсон болохоор бид одоо бардам сууж байгаа. Их өрийг тэглэх үедээ Н.Энхбаярын зувчуулсан гэх 50 сая доллар Тавантолгойн дэргэд юу юм бэ гэмээр. Нэмээд “шагнасан” ч болохоор гавьяа байгуулсан хүн.
4. Зах зээлийн нийгэмд шилжиж байсан шилжилтийн үед шинэчлэгчдийн мөрөөдөл нь газар хувьчлах явдал байсан. Нүүдэлчид хэзээ ч газар хувьчилж байгаагүй бөгөөд монгол хүн хаяа багтвал бууж, хамар багтвал идэж сурсан болохоор энэ тухай ихэнх нь сонсохыг ч хүсдэггүй байв. Тухайн үеийн МАХН-ынхан газар хувьчлалыг эсэргүүцэж, тэр хэрээрээ эх орончийн дүр эсгэж байсан юм. Тэгээд ч үүнийхээ ачаар 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж чадсан. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчдын шахалт шаардлагаар газар хувьчлах шийдвэрийг Н.Энхбаяр засаг барьж байх үедээ гаргасан нь хамгийн том гавьяа байв. Ардчилсан хүчнийхэн хийж хүчрээгүй, хийсэн ч МАХН-ынхан сөрөөд хааш нь ч гаргаахгүй байсан газар хувьчлалын асуудлыг шийдсэнээрээ Н.Энхбаярын гавьяа түүхэнд үлдэх болов уу. Газар хувьчлалын буянаар түүнийг “овоо юм”-тай болсон гэдэг ч эцсийн дүндээ монголчууд одоо хувьдаа газартай, өмчтэй болсон болохоор яалт ч үгүй түүнд энэ гавьяаг тохох биз ээ.
5. Өнөөдөр болохгүй бүтэхгүй бүхнийг шүүмжилж буй цорын ганц хүчин бол Н.Энхбаяр ба түүний нөхөд. Үндсэндээ улс төрд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Улс төр хийж, дахин засгийн эрхэнд гарах гэж улайрч байна гэж муулж болох ч Монголд шударга ёс алдагдаж, иргэдийн эрх зөрчигдөж буйг тэд л хөндөж байна. Гомдож гологдогсдын нэгдэл гэж МАХН-ыг буюу Улстөрийн холбоог хангалттай гөвшиж байна. Гэвч улс орны удирдагч байсан хүн хувийн гэхээсээ улс орны эрх ашгийг бодож байгаа ч юм бил үү. Зөв бурууг тунгааж, иргэдийнхээ төлөө дуугарч байгаад нь баяр хүргэж ч болох юм. Нэг талаас түүний энэ тэмцлийн донж маягийг дэмжиж болох ч нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж, иргэдийг үймээн самуунд турхирч хэрхэвч болохгүй гэдгийг тэр болон түүний нөхөд эрхбиш мэдэх болов уу. Тэр нэгэн цагт Ерөнхийлөгч байхдаа “Эвтэй байя, монголчууд аа. Эв эвдэрвэл бид хэцүүднэ шүү” хэмээн айлддаг байсан бол одоо харин хар үг хэлсэн болгоныг дэмжээд байгааг харин ойлгохгүй юм.
Сонгохгүй шалтгаан:
1. Н.Энхбаяр АПУ компанийн хувьчлалын үеэр өөрийн биеэр “Надад нэг этгээд 500 саяын хахууль өгөх гэлээ” гэж хэвлэлээр зарласан. Үнэхээр ийм юм болсон бол тэр яагаад хэн өөрт нь хахууль өгөх гэснийг хэлж чадаагүй. Үнэн бол шүү дээ. Тэр нэг бол худал хэлсэн, аль эсвэл 500 саяыг хахуульд авчихаад хэлэхгүй байна. Хэрэв тийм бол түүнд парламентад суух эрх байхгүй гэсэн үг.
2. Макаочууд Монголд казино байгуулах гэж одоогийн “Чингис” зочид буудлыг түрээслээд мөрийтэй тоглоомын газар болгон засч янзлан ид бужигнуулж, “Казино” хочит Л.Байгаль албан өрөөндөө улстөрч, өндөр албан тушаалтнуудыг ээлж дараалан хүлээж авч монетон өлгүүрт хувцсыг нь өлгөн хүндлэл үзүүлэн гүйж байх үед хэвлэлүүд Н.Энхбаярыг Казиногийн хуулийг батлуулахын тулд 20 мянган долларын хахууль авсан гэж бичиж байв. Гэвч энэ хэргээр ардчиллын гурван хүн хоригдож, нэг нь нас барсан. Казиногийн хуулийг УИХ-аар батлуулахад МАХН-ын бүлэг дэмжинэ гэсэн амлалтын үнэ цэн болгож 20 мянган доллар авсан гэж хэвлэлээр шуугисан.
3. Н.Энхбаярыг ХХБ-ийг эрх мэдлээрээ дамжуулан хууль бусаар хувьчилсан гэдэг. Харин өөрөө энэ хувьчлалыг одоогийн Шадар сайд М.Энхболдод хамаатуулдаг. М.Энхболд тухайн үед ХХБ-ны төрийн мэдлийн 76 хувийг хувьчилж авсан “Жеральд металлз”-ынхантай АНУ-д очиж уулзаж байсан гэдэг юм. 2004 онд ХХБ-ны төрийн мэдлийн хувьцааг “Жеральд металлз” болон Италийн “Лугано коммершилл” банк авсан. Тухайн үедээ 403 тэрбум төгрөгийн активтай байсан тус банкийг 12.5 сая доллараар зарсан ч 2007 оны эхээр тэд монголчуудад анх авсан үнээсээ дөрөв дахин их үнээр буцаан зарж орхисон. Н.Энхбаярын хөрөнгө мөнгө идэж уусан, улсын мөнгө завшсан хэргүүдийг тоочиж барамгүй. Өмч хувьчлалын үед хэдэн үеэрээ идээд ч дуусамгүй их хөрөнгөтэй болсон гэдэг. Н.Энхбаярын төр барьж байх үед хувьчлагдсан бүхий л төрийн болон нийслэлийн өмч хувьчлалууд булхайтай болсон байдаг. “Улаанбаатар” хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудлын хувьчлалаас гадна Москвад өндөр үнэтэй байшин худалдаж авсан, АНУ-ын Сан Францискод ч мөн хувийн байшинтай гэгддэг, ОХУ-ын Байгаль нуурын эрэгт хувийн амралтын газартай гэлцдэг, МАХН-ын дарга байхдаа 10 аймгийн МАХН-ын даргыг орон сууцаар шагнаж байсан зэрэг бидний мэдэх мэдэхгүй их хэргүүд зөвхөн түүний нэртэй л холбогддог.
4. Төрийн өндөр дээд албуудыг хашиж байхдаа нэр холбогддог их мөнгөний хэргүүд нь түүнийг сонгогдохгүй байх шалтгаанууд болно. Тухайлбал, гаалийн Х.Баатараас МАХН-ын санхүүжилтэд их хэмжээний мөнгө авсан, 2.6 сая долларын өртөгтэй бурхны гэгдэх телевизийг өмчлөхдөө Монгол Улсад бэлэглэсэн тоног төхөөрөмжийг халаасалсан, Монголбанкны 130 сая долларыг угаахыг завдсан, Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын нөөцийн хөрөнгөнөөс дур мэдэн 55 сая төгрөг завшсан, “Их тэнгэр”-ийг засуулах нэрээр 600 сая төгрөгийг “зохицуулсан”, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэрийн “Арго” компанид 80 сая төгрөгийг чухам ямар зориулалтаар яах гэж төлсөн зэрэг хэний ч санаанд оромгүй их мөнгөний хэргүүд түүнийг шаналгадаг. Үүнээс гадна долдугаар сарын 1-ний хэргийг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Түүнийг Ерөнхийлөгч байх үед таван хүний алтан амь үрэгдсэн шүү дээ. Үүнийг нь төлөө түүнээс ял асуусан ч болно. Түүнчлэн Сүхбаатарын хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлал гэх мэт “маапаантай” хэргүүдтэй түүний нэр салшгүй холбоотой. Энэ мэт хэргүүдийг одоо болтол хэн ч шалгаж, үнэн мөнийг нь тогтоогоогүй байна.
5. Н.Энхбаярын амьдралын философи нь бусдыг хооронд нь зөрчилдүүлж, тэр зөрчил хэрүүл дундаас үсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хүн хэмээн нэгэн цагт түүнтэй шадарлаж, нөхөрлөж явсан нэгэн ярьсан байдаг. Энэ бол Н.Энхбаяр бусдыг амны цаас шиг хэрэглээд л хогийн сав руу шиддэг хүн гэсэн үг. Энэ үг түүнийг хэн бэ гэдгийг нь тодорхойлдог билээ. Түүнийг сонгохгүй байж болох бас нэгэн шалтаг нь эхнэрээ намын болон төрийн ажилд хутгалдуулдаг явдал нь юм.
Б.ОЮУ
URL: