“Би бодохдоо…” гэдэг моод яагаад дэлгэрэв?

Нэгдсэн улсын 41 дэх Ерөнхийлөгч эцэг Бушийн “I think…” хэмээх алдарт сурталчилгааны хэлбэр Улаанбаатарт ид моод болж байна. Твиттер, фэйсбүүк дээр хоёр намын электрон жаалууд, кибер улстөрчид,нөөтбүүк, айпадын дэлгэцээр мэтгэлцэж, энэ үг баар, ресторан, жийм, фитнессийн буланд ч сонсогдож, бүр бага ангийн жаалууд хүртэл хэрэглэж гарав. Экс Ерөнхийлөгч  7\1-ний шүүх хурлын гадаа өгсөн телевизийн ярилцлагаа “Би бодохдоо…” гэж эхэлж байна.
МАН-ын цолгүй шинэ бөхчүүдийн улс төрийн поп стилийг АН-ын нас бага, цус шингэнчүүд моод болж дэлгэрэхэд нь  хөрөнгө оруулалт хийж, хэвлэл мэдээлэл, твиттер, фэйсбүүкээр дэмжлэг үзүүллээ. “Сайхан сэтгэл өвөрлөгчид ардчиллыг устгах аюултай” гэдэг шиг юм болов. АН-ын нөлөө бүхий улстөрчийн хувийн мэдээллийн сайт, сонинд нэгэн зэрэг гарсан нийтлэлийн гарчиг нь “Би бодохдоо…”. НАМЗХ-ны мөнгө төлж гаргадаг сурталчилгаагаар чимэглэжээ. МАН-ын залуучуудын байгууллагын даргын зураг ч тавиастай байна. “Би бодохдоо…нь сонгуулийн хууль зөрчсөн байна, гэхдээ НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшсэн тохиолдолд шүү дээ” гэж шүүмжилжээ. Арга гарц зааж өгөөд байхыг бодоход ер нь цаагуураа дэмжээд байгаа бололтой юм. Нөгөө Оюука гэдэг нөхөр нь нэр дэвшихгүй ээ гэж жилийн өмнө шахуу ярилцлага өгчихсөн нь интернэтэд байж байна.
АН-ын залуучууд хоёр долоо хоногийн дотор зах зээл дээр өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнийг моод болгон, хамт борлуулж гарлаа. Колаг Пепсигийн сүлжээгээр, Мобикомын уриа, акц, хэлэлцүүлгийг Скайтел  борлуулж байгаатай л адил юм. “Би бодохдоо…” гэдэг уриаг МАН-ын гишүүдийн нэрийг оруулан даапаалсан мөрүүд фэйсбүүкэд тавигдсанаас хойш 3 минутын дараа АН-ын дарга нарын тухай хариу егөөдөл үйлдвэрлэгдэж байх жишээтэй. НАМЗХ-ны санаачилга дээр асуудал өрнөж, анхаарал татагдаж байгаад л асуудлын гол нь оршиж байна. Сөргөж л байвал сайн, мушгиж л байвал гоё гэж боддог электрон жаалууд сүүлдээ “Би бодмооргүй байна, би бүр юу ч бодохгүй, би угаасаа юм боддоггүй” гэж огтоос тоглосон шинжгүй, овоо том тэнэгттдэг байна. Улс төрийн шинэковууд хип хопдоо л биз, “Би бодохдоо” гэнэ үү, “Бид бодохдоо” болгоно уу, залуучуудын холбооныхоо 15 жилийн ойгоо л тэмдэглэж байгаа юм байна лээ л дээ. “Үнэндээ бол Дэлгэр зодоогүй ээ, танай хүү өөрөө л өшиглөх гээд ширээн дээрээс уначихсан юм байна лээ шүү” гэдэг шиг.  Өрсөлдөгчийнхөө мессежийг үмхэж авна, дуудсан буланд нь очиж тоглосноороо, үгийг нь мушгилаа ч аяыг нь дагаж аялснаараа нэг гоол алдлаа.
Улаан зангиатай дарга нар соёлын клуб, улаан булан, заал танхимд хурал хийж, одон тэмдгээ эрийтэл зүүсэн ахмадууд урд эгнээгээр нь налайдаг асан улс төр өөрчлөгдөж байна. Политайнмент гэдэг ойлголт үүсч, түүний арга техник, ур чадвар өссөөр байгаа юм. МАН-ынхан яагаад анхны уугуул нэрээ сэргээж авсанаа олон юм яриггүйгээр “Долоон бурхан од харвадаггүй” киногоо ойлгуулж байна. Намын хуралд оч гэхээс кинонд урих нь хамаагүй дээр.

АН-ынхан ядаж “Хонхны дуу”-нд шинэ ремикс хийлгэчихгүй л сууж байна. Ялангуяа МАН-ын хувьд “Би бодохдоо…” шинэ брэнд, шинэ гоёл. Хүн амын 70 хувь нь залуучууд, өмнөх сонгуулийн үед 14-17 настай байсан220 гаруй мянган шинэ сонгогчид 6 дугаар сард анх удаа саналаа өгнө. Улс төр гэхээр л элемент шинж болгон нь, уриа хэллэг бүр нь уйтгартай, ууртай, өвөө эмээ нарын өтгөн шаргал сүүтэй цай, уртын дуу шиг урт байх албатай биш. Дэлхий даяараа олон нийт маш их мэдээлэлд өртөж, өдөрт нэг хүнд 300 гаруй зар сурталчилгаа оногдож байна. Хүмүүс улстөрийг ойлгодоггүйдээ биш урдах ажил амьдралаа хөөгөөд завгүй, тэр тусмаа залуучууд улиг болсон хэлбэрийг биш өөрсдийн соёл, мэдээллийн хүрээ, орчин цагийн хэв маяг, шинэ зүйлийг хүсдэг. Түүндотроо монгол залуучууд аливаа шинэ зүйлийг түргэн хүлээж авах, нутагшуулан өөриймшүүлэх, хэрэглээнд оруулахдаа хаанахын ч үе тэнгийнхнээсээ илүү гарна уу гэхээс дутна гэдэг гонж.
Мэдээлэл дамжих хурд асар их нэмэгдэж байна. Хоёр хуудас энэхүү тоймыг бичих хооронд “Би бодохдоо…” нь “Бид бодохдоо… 4х4” гэсэн хувилбартай болчихсон байна. 4х4 гэж юу вэ, бас. Ямар ч байсан дөрөв дөрвийн 16.
Сонгуулийн ажиглагч Д.Болортоль


URL:

Сэтгэгдэл бичих