Ц.Нямдорж: Тэртээ 1920 он шиг орчин үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт эхэллээ
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал зарлаж дараахь асуултад хариуллаа.
-Долдугаар сарын 1-ний хэрэг сонгууль дөхсөн энэ үед хамгийн их сэдэрч байна. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Зарим гишүүд шүүгдэж буй хурандаа нарыг шоронд суух ёстой гэж ярилцлага өгсөн байна билээ. Зарим хэргийг УИХ дээр хэрэг шийддэг болоод удаж байна гэж би хэлээд байгаа. Тэр тийм хэрэг үйлдсэн, ял авах ёстой гэдэг дүгнэлтийг УИХ ын гишүүд гаргадаг болжээ. Яг тэр яриагаар нь прокурор ял дуудаж шүүгч ялладаг ёс тогтож байна, манай Монголд. Ийм улс төрийн захиалгатай юм хийгдээд байна. Өмгөөлөгч өмгөөлөх эрхээсээ аль ч ү ед татгалзах эрхтэй. Бүр сүүлдээ өмгөөлөгчийг нь шоронд хийж байгаад хэргийг хүчээр шүүдэг дарангуйллын шүүх бий болж байна. Наад шүүх чинь зүгээр ийм байдал гаргаагүй гэж надад харагдаж байгаа. Эднийг шүүгч болоогүй байхад би Дээд шүүхийнхэнтэй хамтарч ажилладаг байсан хүн. Бүр энэ шүүгчдийг сургуульд ороогүй байхад нь.
-Хамгийн сүүлийн шүүх хуралдааны талаар ямар бодолтой байгаа вэ?
-Хоёр зүйлийг би олж харлаа. Нэгдүгээрт нь сэтгүүлчдийг илтэд ялгаварлан гадуурхжээ. Тэгээд захиалгатай хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүх хуралд оруулсан байна. Шүүх хуралдааныг хаалттай явуулбал бүгдийг нь хаах хэрэгтэй ш дээ. Нээвэл бүгдийг нь оролцуулах ёстой. Яахаараа УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшдэг “Ийгл” телевиз, УИХ-ын гишүүн байсан Социалист демократ гаралтай С.Болдхэтийн “SBN”, УИХ ын гишүүн Х.Баттулгын C-1 гурвыг оруулаад бусдыг нь нэвтрүүлдэггүй юм. Гадна талд нь хорин хэдэн сэтгүүлч хаврын шороон дунд нүднийх нь ухархайд шороо шигчихсэн гүйлдэж харагдана лээ. Хэвлэлийн эрх чөлөө Монголд байхгүй болсон байна. Захиалгат хэвлэлүүд толгой дээр гарчихаж. Төрийн ордноосутсаар яриад шийдсэн гэж би шууд хэлье. Тэр долдугаар сарын 1-ний хэргээр цагдаагийн удирдлагуудыг шүүх хуралд хэнийг оруулах, хэнийг эс оруулахыг утсаар яриад л шийдсэн байна ш дээ. Тухайлахад 25 tv TV-5 Үндэсний телевиз бор царайтай, Болд, Болдхэт, Баттулга гурвын телевиз цагаан царайтай юм уу. Цагаан царайтайг нь шүүх хуралд оруулж борыг нь болиул гэсэн шийдвэр гаргасан юм уу. Энэ шийдвэрийг шүүгч нар бид гаргаагүй, тамгын газар гаргасан гэх тайлбар хийж байна лээ. Эсвэл Тамгын газарт нь улс төрийн хүн аваачаад суулгачихсан юм уу. Түүнийг нь ордноос удирдаад байна уу. Хэвлэлийн эрх чөлөөг баяртай гэж хэлэх цаг нь иржээ. Би олон жилийн өмнө УИХ-ын даргын суудлыг өгөхдөө “Монголд чөлөөт хэвлэл байхгүй болсон, улстөрчид бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж авлаа. Захиалгат нийтлэл нэвтрүүлэг чөлөөт хэвлэлийн голыг тасалж байна. Энэ байдлаараа улс орон болохоо байна” гэдгийг хэлж байсан. Хоёрдугаарт, байнга хүчирхийлэл хэрэглэж энэ асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байна. Мөрдэсийг чинь хуулна гэж Цагдаагийн газрын даргыг айлгадаг болсон байна. Өмгөөлөгчид нь хууль ёсны шаардлага тавиад хүлээж авахгүй болохоор нь арга ядаад өмгөөлөх эрхээсээ татгалзаж байна. Тэгэнгүүт нь өмгөөлөгчийг нь хорьж байгаад шүүх хүчээр шүүх хурлыг явуулах гэж байгаа юм уу. Би олон удаа энэ асуудлыг сөхөж байгаа. Монголын хууль болж байна. Шүүгч нь болохгүй байна гэж захидал хүртэл илгээсэн байдаг. Ийм шүүх байдаг юм уу. Өмгөөлөгчийг нь шоронд аваачиж хийчихээд хэрэг тасалдаг шүүх дэлхийд байдаг бил үү. Тэр Садам Хуссейн, Кадаффийн үед ч ийм хэрэг гараагүй байх шүү. Монголд л анх удаа ийм үйлдэл гарлаа. О.Алтангэрэл гэдэг өмгөөлөгчийг хорьсон гэж би дуулсан. Энэ хэргийн үнэн мөнийг олох гэж шүүх, хууль хяналтын байгууллага дээр болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн эсрэг, хүч хэрэглэж байгаа үйлдлийг ил цагаанаар нь хэлж ярьсан өмгөөлөгч тэр гэж надад ойлгогдсон. Амыг нь хаах гэж байна ш дээ. Нэртэйгээр нь шүүх энэ хурлаа өмгөөлөгчгүй хийх хэрэгтэй. Шүүгдэгчгүй хийх хэрэгтэй. Урьдчилаад гаргачихсан шийдвэрээ одоо зүгээр уншаад суулгах хэрэгтэй. Яах юм. Өмгөөлөгчийг нь барьж авч шоронд суулгачихаад шүүх хурал хийгээд байдаг юм бол өмгөөлөгч гэдэг юм байж яах юм.
-Шүүх, прокурорынхон хууль зөрчиж, өмгөөлөгчид шударгаар ажиллаж байна гэсэн үг үү?
-Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог зургаан субьектын хамгийн хүчин мөхөстдөг нь өмгөөлөгч. Нэг талд нь өмгөөлөгч шүүгдэгч гэсэн субьект байдаг. Тэгээд шүүгдэгчийг нь шоронд хийчихсэн, өмгөөлөгч нь эрх мэдэл байхгүй шахам. Харин нөгөө талд нь төр байна. Төрд юу ордог юм бэ гэхээр хэрэг бүртгэх мөрдөн байцаах, прокурор, шүүх, цагдаа, аваачаад ял эдлүүлдэг хорих газар нь ордог. Ийм эрхийн тэгш бус байдал дээр байцаан шийтгэх ажиллагаа явагддаг юм л даа. Тэгээд шүүгдэгчийн төлөөнөөс үг хэлэх хүмүүсийг нь хорьчихоод яаж шүүх хурал хийх гээд байгаа юм бол. Би удаан хугацаанд энэ бусармаг явдлыг тэвчлээ, одоо бол чадахгүй. Хэлэх үгээ хэлнэ. Үг хэлснийх нь төлөө О.Алтангэрэлтэй хамт хорьдаг юм бол би тэр газар руу нь явна. Энэ нөхдүүдэд цэргийн гэмт хэргийн субьект биш байхад цэргийнх болгож хүчээр ял тулгаж байгаа. Дотоодын цэргийн командлагч цагдаагийн дарга мөн үү гэвэл мөн. Гэтэл дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн долдугаар сарын 1-ний арванхоёр цагт Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хэрэгжүүлэх ажиллагаанд оролцоогүй. 21 00 цаг хүртэл аахар шаахар үүрэг гүйцэтгэж байгаад цагдаагийн Ерөнхий газрын хажууд очиж Дотоодын цэргийнхний хажууд зогссон. Тэр дотоодын цэргийн хүмүүсийг Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа албадан тараах ажиллагаанд татаж оролцуулаагүй. Дотоодын цэргийн хоёрхон анги байдаг. 805, нөгөөх нь хэд ч билээ дээ. Тэгээд ч Дотоодын цэрэг цагдаагаасаа тусдаа хуультай, тусдаа хувцастай, хугацаат цэргийн албан хаагч авч үүрэг гүйцэтгүүлдэг юм. Энэ цэрэг нь албадан тараах ажиллагаанд оролцоогүй байхад яахаараа цагдаагийн удпирдлагыг цэргийн гэмт хэргийн субьект болгож түлхээд байгаа юм. 1961, 1987 оны Эрүүгийн хууль гэж бий. Нийгмийг аюулаас хамгаалах яамны офицер албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол цэргийн гэмт хэргийн бүлгээр шийтгэнэ гэсэн заалт байдаг. Түүнийг нь прокурорынхонд өгсөн. 2002 оны Эрүүгийн хууль гэж миний оруулсан хууль байдаг. Тэр хуулийн 174 дүгээр зүйлийн гуравдахь хэсэгт цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх мөрдөн байцаагч, гал түймэртэй тэмцэх байгууллага, тагнуулын байгууллагын, хорих байгууллагын албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдвэл энэ хуулиар шийтгэгдэнэ гэсэн заалт байна. Дотоодын цэрэг албадан тараах ажиллагаанд оролцоогүй гэдэг нь тэд буу хэрэглээгүй, зэвсэг хэрэглээгүй гэсэн үг. Ийм байхад цагдаагийн удирдлагыг дотоодын цэргийн зүйл ангитай холбогдуулж ял руу түлхэх ямар ч бололцоо байхгүй. 2008 оны хоёр сарын 1-нд энэ хууль хүчинтэй болсон. Үүнээс хойшхи хугацаанд цагдаагийн албан хаагчид холбогдох хэрэг энгийн албан тушаалын гэмт хэргийн субьект болсон. 262-оос хойш дөрвөн зүйл байдаг. Энэ 274 өөс хойш дахиад дөрвөн зүйл байдаг, албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, хайнга хандах гэж… Ердөө л ийм зүйлээр албан тушаалтнуудыг шийтгэдэг. Энгийн албан тушаалын гэмт хэрэг нь Ц.Элбэгдоржийн өөрийнх нь санаачилсан Өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Таван жил хүртэлх хугацааны ялтай гэмт хэргийн ялаар шийтгүүлсэн бол ялыг нь хүчингүй болгосон. Дээр нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг нь хэрэгсэхгүй болгосон, тэр хуулиар. Ц.Элбэгдорж санаачилж УИХ баталсан хууль шүү. Дээрээс нь өмгөөлөгч нарыг барьж хориод дээрээс нь хэвлэлийнхнийг ялгаварлаж нэг намын харьяалалтай хэвлэлийг хурал руу оруулсан явдал нь энэ хэрэг улстөрийн захиалгатай гэдгийн хамгийн том баримт энэ. Одоо энэ үнэнийг ард түмэнд хэлэх цаг болсон. Хэнбугай ч байсан ийм юм хийх юм бол би цаашдаа чадлаа дуустал үгээ хэлж байгаад дуусна. Үнэн үг хэлсний төлөө, хууль ярьсны төлөө хүн аваачиж шоронд суулгадаг ёс Монголд тогтож байгаа юм бол намайг аваачиж суулга.
-Яг Долдугаар сарын 1-ний хэргийг яаж шалгавал шударга байна гэсэн үг вэ?
-Долдугаар сарын нэгний хэргийг эд нар дутуу шалгаж байгаа. Долоон сарын нэгний хэрэг хоёр талтай. Нэг талд нь хэрэг өдүүлсэн, галдан шатаасан хүмүүсийн асуудал байдаг. Үүнийг ерөөсөө шалгахгүй байгаа. Энэ долоон сарын нэгний хэрэг чинь Монголд гарсан анхны терроризмын хэрэг. Зургадугаар сарын 29-нд байшинг газартай нь тэгшилнэ гэж амалсан. Долдугаар сарын 1-нд Драгон төвийн тэндээс бөөн хүн авчраад галдан шатаасан. Газрын хөрстэй тэгшилсэн. Дотор нь нэг хүн нас барсан. Орост, Америкт, Францад ийм явдлыг дандаа терроризмын хэргээр шийдэж байгаа. Монголд яагаад терроризмын хэргийг шалгахгүй байгаа юм. Яагаад терроризмын үйл ажиллагаанд оролцсон хүнийг АН гишүүнээр элсүүлээд байгаа юм. Үүнийг юу гэж үзэх юм бэ. Улс төрийн хувьд нь шүү. Би тухайн үед хэлж байсан даа, Ардчилсан нам гэмт этгээдүүдийн хоргодох байр болж хувирлаа шүү гэж. Яагаад энэ хүмүүсийн асуудлыг авч үзэхгүй, хэдэн цагдаа нарыг оролдоод байгаа юм. Хохирогч нарын ар гэрийнхэн гуйгаад байна ш дээ. Хэн буудсаныг, ямар буугаар буудсаныг ямар сумаар буудсаныг тогтоогоод өгөөч ээ. Эзнийг нь олоод өгөөч ээ гэж гуйгаад байхад яагаад хүчээр хэргийг шийдэх гээд байгаа юм. Яагаад хүн буудсан хүнийг тогтоохгүй байгаа юм, үүний хариуцлагыг хэн хүлээх юм. Миний хэлж байгаа зүйлийг олон түмэнд хүргээд өгөөрэй. Би улс төрийн ноцтой зүйл ярьж байгаа шүү. Энэ Монгол орон улс төрийн гяндан болох ёсгүй. Улс төрийн захиалгатайгаар хэрэг маргааныг шалгаж шийдвэрлэх ёсгүй юм. Социализмын үед би арван жил хэрэг уншсан хүн. Би ийм балмад зүйл үзээгүй. Өнөөдөр ардчилал гэдэг нийгмийн үед Төрийн ордны танхимд гишүүд хоёр, гурван удаагийн шүүх хурал хийсэн.
-Ийм зүйлийг яагаад өнөөдөр л ярьж байгаа юм бэ?
-Тухайн үед нь би хэлсэн, УИХ, бүлгийн удирдлагуудад “Та нар хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллага шалгаж байгаа ажилд хөндлөнгөөс оролцож хэргийн нууцыг задруулж шүүх хурал хийж байна шүү. Энэ шүүх хурлаа таслан зогсоо гэж.. Өнөөдөр энд ч хонгио барьж давхисан, тэнд ч хонгио барьж гүйлдсэн баахан УИХ ын гишүүнтэй боллоо. Хаанахын юун хонгиог хэнээс олж ирээд юу болгоод байгаа юм. Тэр хонгио авчирч өгсөн хүн өнөөдөр АТГ т жолоочоор орчихсон байна. Энэ юу вэ. Ийм юмнууд явагдаж байна, Монголд. Хэлмэгдүүлэлтийн үүд хаалга нээгдлээ. 1920-иод онд Элбэгдоржренчино гэдэг хүн цэргийн зөвлөлийн шүүхийн тогтоол гээчийг гаргаж Бодоо сайдыг 15 хүний хамт Шархаданд аваачиж буудсан юм. Тэгж эхэлсэн юм тэр хэлмэгдүүлэлт. Өнөөдөр шинэ цагийн Монгол төрийн хэлмэгдүүлэлт энэ хэргээр эхэлж байна. Би удаан тэвчлээ, энэ муухай эмгэнэлт жүжгийг харж. Ард түмнийг яаж басамжилж, доромжилж болдгийг зарим хүмүүс харуулж байна ш дээ. Долдугаар сарын нэгний хэргийг бүтэн өдөр харсан ш дээ, хэн юу хэлж байсныг. Зургадугаар сарын 29-нд долоон сарын нэгэнд хийх ажлынхаа бэлтгэлийг базааж аваад, туршилтаа хийж аваад долдугаар сарын нэгэнд галдан шатаасан ш дээ. Зургадугаар сарын 29 Сонгинохайрхан дүүрэг дээр хууль бус жагсаал цуглаан болж тэр жагсаал цуглаан дээр маргааш МАХН ын байрыг газартай тэгшилнэ гэж амлаад гарсан ш дээ. Тэр үгийг хэлсэн хүн Драгон төвийн тэндээс хүн цуглуулж ирээд энд жагсаал цуглаан хийн галдан шатаалтыг эхлүүлээд өөрөө зугатсан ш дээ. Үүнийг худлаа гэж хэлэх үү. Портероор чулуу ачиж ирсэн, шилэнд савласан бензин асааж шидлээд галдан шатаалтыг эхэлсэн байдаг. Тэр байранд өчнөөн хүмүүс амьдарч байсан ш дээ, энэ террорзм биш үү. Москвад метро дэлбэлхээр терроризм болдог, Франц, Англи, Норьвегид галдан шатаахад терроризм гэдэг юм уу. Терроризмын хэргийг шалгах эрхтэй байгууллага нь тагнуул. Тагнуулын байгууллага юу ч хийхгүй байна. Тагнуулын байгууллагын ийм ажиллагаанд хяналт тавьдаг газар нь прокурор. Прокурор яагаад энэ асуудлыг тагнуулын байгууллагаар шалгуулахгүй байна. Наад хэргийг чинь тойрсон шударга биш зүйлс цадигаа алджээ. Би байнга энэ асуудлыг тавих болно. Аваачаад хоривол хориг. Хэрэг үүсгэвэл үүсгэг. Цагдвал цагдаг. Тэвчээр алдагдаж байна. Яах гэж өмгөөлөгч хорьж байгаа юм.
-Шүүх, прокурор, АН-ынхан руу ингэж дайрч байгааг чинь юу гэж ойлгох вэ. Танай намын нөлөө бүхий хүмүүс шүүхийн хаалга татсан болохоор ингэж мэдэгдээд байгаа юм биш биз?
-Энэ шүүх захиалгын байгууллага болсон. Сүүлийн арван жилийн баримтаар ярьж чадна, энэ тухай. Монголын хуулийг завхруулж байгаа гол газар энэ. Цагдаа арай ядан байж хэрэг боогоод өгдөг прокурор нь хэрэгсэхгүй болгодог. Эсвэл шүүх дээр очоод байхгүй болдог. Шүүх Монголыг хуульгүй болгож байна. Дур зоргын шүүхтэй, захиалгын шүүхтэй, хүчирхийллийн шүүхтэй болгож байна. Шүүх үнэний дэнс биш улстөрийн захиалгат хэрэгсэл болж хувирч байна. Энэ шийдвэр анхных биш л дээ. Улс төрийн захиалгатай хоёр гурван ийм шийдвэр гарсан байдаг. М.Зоригт гэдэг хүн Дээд шүүхийн ерөнхий шүүгч болсноос хойшхи хугацаанд улстөрийн зорилготой хоёр гурван ийм шийдвэр гарсан. Одлоо энэ нь цааш үргэлжлэх юм байна. Би өнөөдөр 30 жил Монголын төлд зүтгэж үүнээс хорин жилд нь үүнээс 20 жилд нь хуулийн тогтоонд практик ажил хийж явсан хүний хувьд гутамшигтай юм үзээд сууж байна. Би амьдралдаа ийм гутамшигтай юм үзээгүй. Цагдаагийн дарга нар чинь хүн биш үү. Тэдний ар гэрийнхэн, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн хүн биш үү. Эхлээд хэн буудсаныг тогтоох ёстой. Тэгээд гэм буруутайг нь шийм үүх тогтоох ёстой. Эхлээд ямар зэвсгээр тэр дөрвөн хүнийг буудсан бэ гэдгийг тогтоочих. Дараа нь үнэхээр цагдаа бууджээ гэдэг нь тогтоогдвол дарга нарыг нь аваачаад “Чи ийм ийм асуудалд хариуцлагагүй байжээ гэж хэлээд шийтгэх ёстой. Энэ эрэмбэ алдагдсан.
-Гэхдээ баримт материал дээр тулгуурлаж л энэ шүүх хурал болж байгаа шүү дээ?
-Яахлаараа зарлиг гараагүй байхад хүн хонгио барьчихаад гүйж явдаг юм. Тэр хэний захиалгатай юун хонгио вэ. Үүнд прокурорын байгууллага яагаад хариулт өгөхгүй байгаа юм. Зарлиг гараагүй байдаг, буун дуу гараагүй байсан. Тэгтэл хүн хонгио өвөрлөчихсөн гүйж явсан, энэнд прокурорын байгууллага үнэн хариугаа хэлэх ёстой. Эцэст нь хэлэхэд чөлөөт хэвлэл баяртай, шударга шүүх баяртай, хууль баяртай хэлмэгдүүлэлт эхэллээ. Шударга ёс баяртай. Ингэж л томъёолж болно хамгийн товчоор. Эрх мэдлийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Энэ УИХ-ын гишүүд хэн юм. Бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг улстөрийн захиалагч болж хувирч байна ш дээ. Энд шүүх хурал хийдэг хэн бэ. Сүүлийн хоёр гурван хэрэг ордонд боловсрогдоод хурал хийгээд, хүн аваачиж шийтгэж байна. Ч.Сангарагчаагийн хэрэг ч ялгаагүй. Ордон дотор Ч.Сангарагчааг оролдож эхлээд баахан хурал хийсэн. Дараа нь тэр ялтан болсон. Үүнийг юу гэж үзэх юм, эд нар өөрсдийгөө мөнхөд УИХ-ын гишүүн байна гэж тооцож байгаа. Эм эргэдэг юм шүү гэе. Өнөөдөр ингээд явж байгаа нөхөд маргааш өөрсдөө хэрэгтэн болоох хувилбар байгаа ш дээ. Яагаад гэвэл санаатайгаар бусдыг эрүүгийн хариуцлагад татсан бол барьж авч шийтгэнэ гэсэн хуулийн заалт одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд байгаа шүү. Надаас өөр хүн энэ асуудлыг сөхөхгүй шүү айгаад. Намайг яана, дураараа болог. Өнөөдөр өмгөөлөгчийг хорьж байна. Маргааш үнэн үг хэлсэн сэтгүүлчийг хорино, эд нар. Ямар юмных нь ардчтилсан нийгэм байдаг юм. Ямар юмаараа
-Шүүх хурал хойшлогдоод байгаагийн учрыг хэлээч. Энэ ч гэсэн хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү?
-Илэрхий хүчирхийлэл явагдаж байгаа учраас ингэж эсэргүүцэж байгаа юм. Нэг ёсондоо арга ядаж байна гэсэн үг. Байхгүй хуулиар хүн шийтгэх гээд байна ш дээ. Энэ үйл явцыг нь би зөвтгөж байгаа. Тэр өршөөлийн хууль гэдэг чинь хэрэг мөрдөх, мөрдөн байцаах ажиллагааг хэрэгсэхгүй болгох заалтыг тухайн мөчид байхгүй болгодог юм. Би 1981 оноос хойш арав орчим өршөөлийн хууль хэрэгжүүлэх хуулийг хэрэгжүүлж, хоёрыг нь удирдаж байсан. Би ийм хачин юм хийгээд сууж байгаа шүүгчид, прокуроруудыг хараад ой гутаж байна. Шившиг болж байна ш дээ, эд нар. Мэргэжлийн хувьд хүний боол болж байна. Төрийн хуулийг манаад суух сэтгэлийн тэнхээ эд нарт байхгүй. Улс төрийн захиалгат хөдөлгөөний үзүүрт бамбар болж байгаа шүүгчдийг хараад харамсч байна. Би энэ хууль хяналтынхныг бүгдийг нь мэднэ. Бүгдийг нь танина. Толгойных нь багтаамжийг ч мэднэ. Хуулийг нь ч мэднэ. Ялангуяа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагийн хуулийг хоёр удаа өөрөө санаачилж оруулж байсан юм. Энэ шүүх, прокурорынхонд мэргэжлийн нэр төр, хууль ёс, дэглэм гэдэг зүйл бүгд байхгүй болсон. Өнөөдөр ирээд л маргааш буцах албан тушаал ш дээ. Юун ч их оодордог юм. Бүх насаараа суучих юм шиг. Бид хуульд үйлчлэх ёстой болохоос биш, хуулийг гишгэлж, байхгүй болгож суух албан тушаал биш ш дээ. Ирдэг, буцдаг албан тушаал юм. 2000 жил урд, 70 жил хойд айлын хаяанд байсан. Тэгээд 20-хон жил Монгол хүн төр удирдаж авч яваа. Байж байгаа царайг нь хараарай. Цэргийн гэмт хэргийн субьект биш гэж байхад мөн гээд ганц хуудас бичиг оруулаад ирэх хүн энэ шүүх, прокрорынхонд алга байна. тэгээд ч дуртай шүүгч, дуртай прокурор нь гарч ирээд надтай энэ асуудлаар маргалдаж болно.
Л.МӨНХТӨР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: